Боловсролын эрхзүйн шинэчлэл хэлэлцүүлгийн дүгнэлт санал
Боловсрол, шинжлэх ухааны яам Боловсролын ерөнхий хуулийн төсөлд санал авч байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор Дээд боловсролын академи, Боловсролын реформ хөдөлгөөн хамтран "Боловсролын эрх зүйн шинэчлэл" хэлэлцүүлгийг энэ Лхагва гарагт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт онцлох дөрвөн илтгэл тавигдаж их, дээд сургуулийн захирлууд, ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, боловсрол судлаач, эрдэмтэд, УИХ-ын гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл, ажил олгогчид, сургалтын төвүүдийн захирлууд, багш, сургалтын төвийн захирлууд гэсэн 300 орчим хүн оролцож саналаа хэллээ.
Ингээд хуралд оролцогчдын дэвшүүлсэн саналыг дараах сэдвүүдээр нэгтгэн танилцуулж байна.
Боловсролын засаглал, удирдлага
-
Ерөнхий хуулийн 6-р зүйлд боловсролыг улс төр, ашиг сонирхлын зөрчлөөс ангид тогтвортой тасралтгүй байх гэсэн зарчмыг баримтлана, мөн Ерөнхий хуулийн үзэл баримтлал дээр их, дээд сургуулийн улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг хангана гэж заасан хэрнээ, хуулийн заалт нь үүний эсрэг байгааг засах шаардлагатай. Үүнд: Боловсролын сургалтын байгууллагын захирлыг үүсгэн байгуулагч (төрийн өмчийн их сургуулийн захирлыг төрөөс томилох, хувийн сургуулийн захирлыг үүсгэн байгуулагч эзэн) томилохыг Ерөнхий хуулийн 39.1, мөн Дээд боловсролын тухай хуулийн төслийн 21.2.4-т заасныг халж, өмчийн хэлбэр харгалзалгүй сургуулийн өөрийн удирдлага буюу Удирдах зөвлөлөөс томилж байхаар оруулах шаардлагатай. Мөн Удирдах зөвлөлийн төлөөллийн 51-60%-ийг үүсгэн байгуулагчийн төлөөллөөр бүрдүүлнэ гэсэн Дээд боловсролын хуулийн төслийн 22.3, 22.9. 21.2 заалтыг засаж, хөндлөнгийн төлөөллөөр олонхийг бүрдүүлэх, УЗ-ийн гишүүдийг хэрхэн сонгох, хэдий хугацаанд УЗ-д ажиллах зэргийг бодлогоор, судалгааны үндэстэй зааж өгөх шаардлагатай.
- Дээд боловсролын байгууллагууд улс төрөөс хараат удирдлагын бүтэцтэй хэвээрээ байх, харин судалгааны их сургууль харьцангүй бие даасан байх эрх тэгш бус хуулийн зохицуулалтыг засах шаардлагатай. Дээд боловсролын байгууллага нь бүгд судалгаа, сургалт хийх үүрэгтэй бөгөөд судалгаа илүү эрчимжсэн сургуулийг Судалгааны их сургуулийн тусгай хөтөлбөрөө дэмжинэ. Түүнээс судалгааны их сургуулийг улс төрөөс ангижруулж, бусдыг нь захиргааны аргаар удирдах хуулийн зохицуулалт байх ёсгүй.
- Их сургуулийн засаглалыг дэлхийн жишигт нийцүүлэн, удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, захиргаа гурвын хамтын ажиллагааг тэнцвэржүүлэх корпорацын засаглалын хэлбэрт оруулахыг хуульчилж өгөх шаардлагатай.
- Улсын бүртгэлийн тухай хуулинд Боловсролын байгууллага гэсэн хуулийн этгээд байхгүй байхад Боловсролын хуулинд боловсролын байгууллага гэсэн статус байгаа мэтээр бичсэн байгаа нь бодит нөхцөлтэй зөрчилдөж байгааг анхаарч, Бүртгэлийн хуулиар боловсролын байгууллагын статусыг зааж өгөх шаардлагатай. Төрийн өмчийн их дээд сургуулийг төрийн өмчит үйлдвэрийн газраар бүртгэж, хувийн өмчийн сургуулиудыг ХХК эсвэл ТББ-ын статусаар бүртгэж байгаа өнөөгийн ойлгомжгүй зохицуулалтыг залруулах шаардлагатай.
- Шашны сургуулийг хэрхэн байгуулах, яаж зөвшөөрөл авахыг тодруулах шаардлагатай. Хуулийн төслийн 43, 45 дугаар зүйлд санхүүжилтийн хэсэгт гаднаас ШАШНЫ БАЙГУУЛЛАГА - аас санхүүжилт хийх боломжийг шууд олгосон байгаа нь Үндсэн хууль, аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэгтэй зөрчилдөж байгааг анхаарах шаардлагатай.
Ашгийн төлөө бус байх
- Боловсролын салбар нь ашиг олох бизнесийн салбар биш соён гэгээрүүлэх нийтийн эрх ашигт үйлчлэх салбар учраас бүх шатны боловсрол олгодог (СӨБ, Ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, баклавр, магистр, докторын сургалт гэх мэт) байгууллага ашгийн төлөө бус байх зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай.
- Хувийн өмчийн СӨБ, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиуд зөвхөн ашгийн төлөө бус хэлбэрээр ажиллаж байж л төрөөс хувьсах зардал, оюутны зээл, тусламж, судалгааны грант зэрэг дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг тодорхой зааж өгөх шаардлагатай.
Боловсролын санхүүжилт
- г дэлхийн банкны дээд боловсролын эксперт Жамил Салми онцлон тэмдэглэсэн. Улсын төсвөөс дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн 30%-аас багагүй хувийг бүрдүүлэх нь их сургуулийн судалгаа, сургалт нь аливаа ашиг сонирхлоос ангид, цэвэр мэдлэг бүтээх, нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах их сургуулийн гол зорилгоо биелүүлэхэд чухал ач холбогдолтой.
- Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн нэг эх үүсвэр нь судалгааны их сургуулиудын дэргэд байгуулсан гарааны компаниудын хөрөнгийн анхдагч зах зээлээс бүрдүүлсэн хөрөнгө, эндоументийн сангийн хөрөнгө, гадаадын улс, байгууллага, олон улсын байгууллага, сангуудын тусламж, хандивын хөрөнгө, судлагааны грант, технологи дамжуулалт, патент, ашигтай загвар, роялти, зөвлөх үйлчилгээнээс олох орлогоос бүрдэх боломжтой. Өөрийн үйл ажиллагаанаас олох бусад орлогыг, түүнийг зарцуулах, тайлагнах журмыг тухайн сургуулийн дүрмээр зохицуулна.
- Төсвийн хөрөнгөөр гадаадын хөтөлбөр хэрэгжүүлэх байдлыг халах шаардлагатай. Өндөр төлбөртэй, бакалаврын сургалтанд төрөөс санхүүжилт гаргахгүй байх хэрэгтэй.
- Сангийн яамны оролцоотой боловсролын санхүүжилтийн асуудлыг нухацтай авч үзэн, Боловсролын санхүүжилтийг төрөөс баталгаажуулах зайлшгүй шаардлагатай. Сангийн яамны түшмэлийн үзэмжээр боловсролын төсвийг шийддэг байдлыг арилгах цаг болсон. Боловсролын тэгш бус байдлыг арилгах заалтууд хуульд хэдийгээр орсон ч энэ нь дагалдах санхүүжилтийн баталгаагүйгээр шийдэгдэхгүй учраас боловсролын санхүүжилтийг нийтийн эрх ашгийн (public good) концепцоор илүү баталгаажуулж өгөх шаардлагатай.
- Ахисан түвшний сургалтанд зохих шаардлагыг хангаж өдрийн хөтөлбөрт элссэн, эрдэм шинжилгээний ажилд сонирхолтой, шилдэг оюутанд амьжиргааны баталгаажих түвшинтэй тэнцэх хэмжээний тэтгэлэг сар бүр олгодог болох зохицуулалт хийх хэрэгтэй.
- Монгол улсын иргэн дээд боловсрол эзэмшихэд нь төрөөс дэмжлэг үзүүлж үндэсний тэтгэлэг олгох (стипент) тогтолцоог сэргээн хуульчлах шаардлагатай. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт нь тэгш байдлыг хангах, үр дүнтэй байх, ил тод байх зарчимд тулгуурлах ёстой.
- Арилжааны банкны эх үүсвэрээр төрөөс баталгаа, зээлийн хүүг нь хариуцан сургалтыг зээл авах боломжийг оюутанд бий болгох шаардлагатай.
- Төр засаг цахим боловсролыг магадлаад итгэмжлэл өгөөд өргөн олонд үр шимийг нь хүртээсэн судалгаа, шинжилгээг хийж нэвтрүүлсэн сургалт эрдэм шинжилгээнд хүүг нь хариуцан баталгаа өгөх нь их чухал заалт болно.
- Нэг хүүхдэд ногдох зардлыг нэмэгдүүлэх зохицуулалт хийгдэх шаардлагатай.
- Хөрш БНХАУ-ын сайн туршлагаас үзэхэд, Ардын эрхлэх боловсролыг дэмжих хуулийн 1 ба 6-р зүйлд "Шинжлэх ухааны, технологийн үсрэнгүй хөгжилтэй улс болох стратегийг хэрэгжүүлэхийн тулд Төрөөс хувийн хэвшил боловсролд хөрөнгө оруулахыг хуулиар хамгаалан дэмжиж, боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа байгууллага, хувь хүнийг шагнан урамшуулж, алдаршуулна гэсэн нь боловсролд хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн чухал заалт болсон.
Боловсролын үнэлгээ
- Өнөөдөр боловсролын үнэлгээ бодит шударгаар явагдахгүй байгаагаас, боловсролын чанар бүхэлдээ сулраад байна. Ерөнхий Боловсролын үнэлгээг хэрэгжүүлсэн байгууллага нь өөрөө бодит бус үнэлдэг байдлыг халж, Боловсролын үнэлгээний төвийг хараат бус гишүүд, УЗ бүхий хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болгох шаардлагатай. Ерөнхий хуульд үнэлгээг Боловсролын Үндэсний Газар хийх үүрэгтэйгээр оруулсан байгааг засах шаардлагатай.
- Боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллагыг хараат бус гишүүд бүхий УЗ удирддаг, хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх шаардлагатай. Магадлан итгэмжлэлийн байгууллагын удирдлага Яамны шууд нөлөөнд байдаг учраас боловсролын үнэлгээг улс төрийн нөлөөллөөр хийх эрсдэлд ордгийг арилгах шаардлагатай.
Боловсролын зорилго
- Боловсролын зорилго нь Үндсэн хуульд заасан хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг байгуулах Монгол улсын зорилгыг биелүүлэхэд чиглэгдэх ёстойг тусгах шаардлагатай.
- Дэлхийн хэмжээнд ѳрсѳлдѳж чадах монгол иргэнийг тѳлѳвшүүлэх гэсэн хэмжигдэхүйц зорилго тавих шаардлагатай.
- Боловсролын эдийн засгийн зорилго нь мэдлэг бүтээх бүтээмжтэй иргэдийг боловсруулах явдал бөгөөд, хүний бүтээмжийн гол хүчин зүйлийн нэг нь сэтгэлзүйн төлөвшил байдгийг судлаачид нотолсон. Тиймээс манай боловсролын зорилго нь иргэнд сэтгэлээ удирдах чадвар, мөн тунгаан цэнэх чадвар (critical thinking), бүтээлч ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр илүү нарийн тодорхойлогдох шаардлагатай.
- Тархины боловсролоос ухамсрын боловсрол руу шилжих цаг ирээд байна.
- Дээд боловсролын тухай хуулийн зорилт, зорилго хоёрыг нэгтгэж, найруулгыг засах шаардлагатай. Эзэмшүүлэх гэдэг нь багш оюутны суралцахуйн хамтын ажиллагаа гэсэн утгыг бүрэн илэрхийлж чадахгүй бөгөөд энэ хуулиар зохицуулах харилцааг бүрэн илэрхийлэхгүй байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 29.1.2 болон 29.1.11-т заасныг удирдлага болгон засах шаардлагатай. Зорилгоо зөв тодорхойлоогүй хууль харилцаагаа бүрэн зохицуулах боломжгүй.
- Дээд боловсролын тухай хуулийн 1 дүгээр зүйл буюу зорилт хэсэгт иргэнд боловсрол эзэмшүүлнэ гэсэн байна. Энэ нь харьяалалгүй хүн боловсрол эзэмшихийг хязгаарласан агуулгатай болсон байна. Хэрвээ харьяалалгүй хүн боловсрол эзэмшихийг энэ хуулиар хязгаарлавал энэ хууль нь хүний эрхийн олон улсын гэрээг зөрчсөн ноцтой хязгаарлалт тогтоосон хууль болно. Боловсрол эзэмших харилцааг зөвхөн “иргэн”-ээр хязгаарлаж заасан хэр нь хариуцлагыг “хүн” хүлээхээр заасан байгаа нь мөн логикийн алдаатай байна.
Сургалтын хөтөлбөр
- Сургалтын хөтөлбөрийг судалгаанд үндэслэн боловсруулж, үнэлж, туршиж хэрэгжүүлдэг тогтвортой сайжруулалтыг Боловсролын Үндэсний Газар гэсэн шинэ агентлагийн доор байдаг байгууллагууд хийх үү гэдэг нь Ерөнхий хуульд ойлгомжгүй туссан байгааг, хөтөлбөрийн удирдлага менежментийн асуудал орхигдсон байгааг засах шаардлагатай.
- Тогтвортой хөгжлийн боловсролын концепцийг нухацтай авч үзэж, сургалтын хөтөлбөрийн агуулгад оруулах шаардлагатай.
- Монгол хүнээ судалж, сэтгэлзүйн онцлогийг судалж байж хөтөлбөрт тусгах шаардлагатай. Жишээ нь Монгол хүн стратегич амин чанартай, түүнийг нь багаас нь сургалтын хөтөлбөрт шингээж хөгжүүлэх хэрэгтэй.
- Соёл урлагийн их сургуулиас гаргасан Монгол хүний үнэт зүйлийн тодруулга болон Боловсролын хүрээлэнгээс гаргасан 21-р зууны Монгол суралцагчийн чадамж "тоонон загвар"-ыг харж бодлогын бичиг баримтад тусгах зүйлсийг оруулах нь зөв болов уу.
- Ажлын байранд хамгийн их шаардлагатай байгаа зөөлөн ур чадвар, хандлага төлөвшлийг төгсөгчдөөс ажил олгогч нар их хүлээдэг. Ийм чадварыг зөвхөн дээд боловсрол бус СӨБ-оос эхлэн сургалтын бүх түвшинд хөгжүүлэх шаардлагатай.
- Дээд боловсролын хуулийн төсөлд ерөнхий суурийн агуулга нь шинжлэх ухааны суурь мэдлэг, мэргэжлийн хичээлийн агуулга бас мэдлэг, мэргэшүүлэх нь бас мэдлэг эзэмшүүлэх гэсэн чадвар, хандлага төлөвшлийг орхигдуулсан, явцуу хүрээнд томъёологдсоныг засаж сайжруулах шаардлагатай.
- Мэдлэгийн эдийн засгийн үеийн бүтээмж, үнэ цэн өндөр технологид түлхүү шингэсэн байдаг. Өндөр технологийн суурь нь байгалийн шинжлэх ухаан байдаг. Энэ нь өөрөө логик, шүүмжит сэтгэлгээ бүхий шинжлэх ухаанч хандлагатай иргэнийг төлөвшүүлэх гол хэрэгсэл болох боломжтой. Гэтэл манай хуулинд ЗӨӨЛӨН чадварыг сайжруулах нэрээр ХАТУУ чадвартэй бүтээгч иргэнийг бэлтгэх гол суурь байгалийн ухааны шинжлэх ухааны тухай зорилгодоо тусгаагүй байгаа нь маш учир дутагдалтай байна. Яг өнөөдөр Монгол улсад суурь шинжлэх ухааны асуудал эмзэг байхад боловсролын хуулиндаа тусгаж хамгаалахгүй бол ирээдүйд юм бүтээж чаддаг хүнгүй болох аюултай байна.
Боловсролын тэгш бус байдал
- Боловсролын тэгш бус байдлыг арилгах эрхзүйн зохицуулалтыг дорвитой оруулах. Өнөөдөр боловсролын чанарын тэгш бус байдал гаарсаар байгааг хэрхэн хазаарлах талаар онцгой анхаарах шаардлагатай.
- Хуулийн төслийн 4.1.1-д заасан томъёолол нь НҮБ ын 1960 оын Боловсролын алагчлахтай тэмцэх тухай конвенцийн суурь зарчмыг үгүйсгэсэн байна гэж харагдаж байгааг анхаарч засах шаардлагатай.
Цахим боловсрол
- Цахим боловсролоор дамжуулж, багшийн хомсдолтой байгаа англи хэл, програмчлал, статистик магадлалын хичээлүүдийг сайн багшийн цахим контентийг танхимд үзүүлэх байдлаар шийдвэрлэх боломжтой. Сайн цахим контентоор дамжуулан танхим цахим хосолсон сургалтын хэлбэрээр суралцах дадлыг сурагчдад эзэмшүүлэх шаардлагатай.
- Хүүхэд бүрийг компютерээр хангаж байж, дижитал эриний боловсролыг хөгжүүлнэ. Тиймээс сургалтын хатуу дэд бүтцийг баталгаажуулахыг эрхзүйн орчинд тусгах шаардлагатай.
- Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын нөлөөгөөр ажлын байранд орох эрс өөрчлөлттэй нийцүүлж, дижитал эриний боловсролын концепцийг сайн судалж оруулах шаардлагатай.
- Дижитал ур чадварыг хөгжүүлэх албан бус боловсролын байгууллагыг тэргүүлэх чиглэлээр тооцон хөхүүлэн дэмжиж байгуулахад нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
- Орчин үеийн сургалтын байгууллагууд зэт, альфа иргэншлийнхнийг бэлдэж байгаа. Тэд бол цахим технологийн зууны иргэд юм. Иймээс хүссэн ч хүсээгүй ч цахим сургалтын хэлбэр шинэ эрин зууны нийгмийн бодит эрэлт хэрэгцээ болоод байна. Цахим сургалт гэдэг бол гэнэтийн болон байгалийн давтагдашгүй хүчин зүйлтэй огт холбоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй
Боловсролын уян хатан хэлбэр, албан бус боловсрол
- Насан туршийн боловсрол, хувь хүний хэрэгцээнд тулгуурласан илүү уян хатан боловсролын хэлбэр, хүртээмжийг бий болгоход албан бус боловсрол чухлаар тавигдаж байхад Ерөнхий хуульд албан бус боловсролын талаар орхигдуулсныг анхаарч, тодорхой томъёолох шаардлагатай.
- Бага боловсролыг зөвхөн танхимын хэлбэрээр байхыг хуульчилсан байдлыг эргэж харах, хөгжлийн онцлогтой хүүхдийн гэрээр суралцах боломж, гадаад оронд амьдарч буй Монгол хүүхдийн боловсролын асуудлыг харгалзан үзэх шаардлагатай.
- Сургалтын үйл ажиллагаа нь танхимын, танхимын бус болон цахим гэсэн хэлбэрүүдийн цогц байх бөгөөд тэдгээрийн жинлэх хувь ямар харьцаатай байхыг тухайн сургалтын байгууллага өөрийн нөөц боломж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн өөрөө зохицуулах эрхтэй байна гэсэн нэгэн утгатай тодорхой заалтууд Боловсролын ерөнхий хуульд тусгагдах шаардлагатай.
- Танхимын бус сургалт гэдгийн доор зөвхөн зайны сургалтыг ойлгоод байж болохгүй. Орчин үед амьдралд хэрэглэгддэг мэдлэгийг илүү чухалчлах болсон. Учир нь зарим сургалтын үйл ажилагааг музей, номын сан, кинотеатр, шинжлэх ухаан, соёл, урлаг, спортын байгууллага, үйлдвэрийн газрууд, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн зуслан, байгалийн үзэсгэлэнт газар гэх мэт бусад нөөц боломжуудыг ашиглан сургуулийн орчноос гадуур зохион байгуулах нь илүү үр дүнтэй болоод байгааг анхаарах.
Багшийн хөгжил
- Багш нарын эрдмийн эрх чөлөөний зарчмыг дэлгэрэнгүй зохицуулах. Эрдмийн эрх чөлөө гэдэгт юуг ойлгох, эрдмийн эрх чөлөөг хязгаарлахыг хориглох гэх мэт. Өөрийн хийсэн судалгааны үр дүн удирдлагын эрх ашигт нийцэхгүй байх, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсний төлөө ажлаас халагддаггүй байх академик эрх чөлөөг баталгаажуулах. Эс тэгвэл дээрээс томилогдсон захирлынхаа эсвэл хувийн сургуулиудын хувьд эзнийхээ хувийн хүсэл сонирхолд таацуулан ажилладаг систем байж таарахгүй.
- Багшийн хөгжлийг 5 жилд нэг удаа гэж байгаа нь өнөөдрийн багшийн тасралтгүй хөгжилд нийцэлгүй заалт байгааг анхаарч засах шаардлагатай.
- Багшийн тангараг өргөх гэхчлэн, хэтэрхий захиргааны арга бүхий заалтууд байгааг засах шаардлагатай.
- Багшийн эрх олгох илүү уян хатан нөхцлийг бүрдүүлж, гадаадад суралцсан чадварлаг багш болох хүсэлтэй иргэдийг богино хугацаанд багшийн чанартай сургалтанд хамруулах, мэргэжлийн шалгалт авах байдлаар багшийн эрхийг олгож багшийн хомсдлыг шийдвэрлэх шаардлагатай.
- Боловсролын салбрын хѳгжлийн суурь нь багш нар юм. Бид БАГШ НАРЫН СТАНДАРТ гэдэг үзүүлэлтэд анхаарах ёстой болж байна. Ахлах сургуулийг дунд тѳгссѳн сурагчид багш болдог ѳнѳѳгийн тогтолцооноос татгалзаж, авъяастай сэтгэлтэй залуус энэ мэргэжлийг сонгох эдийн засгийн хѳшүүрэг бий болгох хэрэгтэй. Яг үнэндээ ѳнѳѳдрийн багш нар сурагчиддаа гологдоод байгааг анхаарахгүй байж болохгүй.
- Сургуулид ѳѳрсдийн багшийн СТАНДАРТ-аа бий болгож, энэ хүрээнд багш нарынхаа мэргэжлийг сургууль дээрээ дээшлүүлэн хѳгжүүлэх ёстой гэж үзэж байна.
- Багш суралцагчид үзэл бодол санаагаа тулгахгүй байх тухай заалт оруулах нь зүйтэй.
Судалгааны их сургууль
- Судалгааны их сургууль гэж хэлбэр төдий нэг сургуулийг нэрлэхээсээ илүүтэй судалгааг хамгийн сайн хийж буй бодит чадавхиараа үнэлүүлж, дэмжүүлдэг шударга тогтолцоог бий болгох шаардлагатай.
- Сайд нар, бүх шатны засаг дарга нарын жилийн төсөвийн 5 хувийг судалгаа, хөгжилд зориулахаар холбогдох хуулинд тусгах. Судалгаа, хөгжлийн төсөвтэй болж байж л аль ч салбарт байгаа олон асуудлыг шийдэж чадна.
- Улсын захиалгаар салбар бүрт тодорхой тооны судалгааг жил бүр хийлгэдэг болох.
- Шинжлэх ухаан, технологийн сангийн жилийн төсөвийн ихээхэн нэмэгдүүлж, судалгааны өрсөлдөөнт тэтгэлгийг шалгаруулах, судалгааны төслийг үнэлэх үйл явцыг хараат бус, шударга, бодитоор үнэлэх, судалгааны үр дүнг олон нийтэд тайлагнах ил тод байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг нарийн тодорхойлох шаардлагатай.
- Судалгааны сектор, төв, инститүт, хүрээлэнд тавих шаардлагыг хуульчлан зааж, зохих шаардлага хангасан судалгааны нэгжид үйл ажиллгааны суурь зардал улсын төсвөөс олгох зохицуулалт бий болгох
- Өнөөдөр эрдмийн зэрэг хамгаалуулах үйл явц маш хуудуутай, оюуны хулгайн асуудлууд хүнд түвшинд байгааг анхаарч, Судалгааны ёс зүйн асуудлыг хуульд тусгаж, дээд боловсролын хуулинд их сургууль дотроо Судалгааны ёс зүйн хороотой байхыг хуульчлах шаардлагатай.
- Оюуны хулгайтай тэмцэхэд, эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн цахим санг нэн яаралтай байгуулж, ажиллахыг хуульчилж өгөх шаардлагатай.
Хувийн өмчит боловсролын байгууллага
- Суралцагчийн эрх үүрэг дээр суралцагч бүр үнэ төлбөргүй суралцах эрхтэй гэж Ерөнхий хуульд заасан нь хувийн өмчийн төлбөртэй сургуулиудын эрхтэй зөрчилдсөн заалт байгааг залруулах шаардлагатай.
- Хувийн сургууль нь боловсролын инновац хийх, Монголын боловсролыг дэлхийн боловсрол руу чиглүүлэхэд их хувь нэмэр оруулж байгааг анхаарч, тэдний сайн туршлагыг нийтийн боловсролдоо тусгах чиглэлээр хамтарч ажиллах шаардлагатай.
- Хэрэв бид хүмүүнлэг, ардчилсан, зах зээлийн нийгэм байгуулж байгаа нь үнэн л бол боловсролын үйлчилгээ гадагшаа яваад байхааргүй дотооддоо сонголт хийж болохуйц, олон хувилбартай байх ёстой. Суралцагчид ямар хөтөлбөрийг ямар арга замаар судлахаа хувь хүний онцлог, эрэлт хэрэгцээ, авьяас сонирхол зэрэгтээ нийцүүлэн өөрөө сонгох эрхтэй, төр засаг нь сонголт хийх тэр эрх чөлөөг нь олгох үүрэгтэй. Тиймээс хувь хүний хэрэгцээ, онцлогт нийцсэн боловсролын олон янзын сонголттой хэлбэрийг санал болгоход хувийн сургуулиудын оролцоог хүндэтгэх шаардлагатай.
Билиг авьяастай хүүхэд
- Олон улсын боловсролын хуулиудад тусгайлан заасан байдагчлан билиг авъяастай хүүхдийн тухай заалтыг тусгайлан оруулах шаардлагатай.
Мэргэжлийн боловсрол
- Мэргэжлийн боловсролыг Ерөнхий хуулинд гуравхан удаа бүдэг бадаг дурдсан, хоёр яамны хооронд эзэнгүй орхисныг шийдвэрлэх шаардлагатай. Мэргэжлийн боловсрол-ахлах сургууль нэгдсэн хөтөлбөрийг хөгжүүлэх шаардлагатай.
Оюуны өмч
- Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн хариуцлагын хэсэгт зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчвөл хариуцлага хүлээлгэхээр заасан байна, зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг тул энэ хэсэгт дурдах шаардлагагүй бөгөөд зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулахаар дагалдах хуулийн төсөлдөө тусгах нь зүйтэй.
Хуулийн боловсруулалт
- Боловсролын эрхзүйн шинэчлэлийг улс төргүй, аливаа нэг явцуу эрх ашгийн нөлөөлөлгүй, үндэсний зөвшилцлөөр шийдэж, урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх нөхцлийг хууль тогтоогчдын зүгээс барьж ажиллана.
- Боловсролын хууль хэт олон заалттай, давхацсан, зөрчилдсөн, үндсэн концепцоо тодорхой тусгаагүй, эрээвэр хураавар байгааг олон улсын эрхзүйн харьцуулсан судалгаанд үндэслэн тодорхой жишээгээр харуулж, сайжруулах саналыг Японд байгаа судлаачдын бүлгэмээс хүргүүлэв.
- Хууль боловсруулахад баримталдаг хуулийг энэхүү боловсролын хуулийг боловсруулахад мөрдөөгүй байгааг анхаарч хуулийн дагуу боловсруулах шаардлагатай. Эхлээд үзэл баримтлал батлагдаж байж хуулийн төсөл бичигдэх байтал, үзэл баримтлал батлагдаагүй байхад хууль боловсруулагдсан байна. Хуулийг олон судалгаанд үндэслэж боловсруулсан гэсэн боловч уг судалгаануудын зөвлөмжүүдийг төдийлөн тусгаагүй, мөн эдгээр судалгаагаа олон нийтэд нээлттэй өгөөгүй байна. Хуулийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн хэрэгжилтийн үнэлгээний тайланд үндэслэж боловсруулах хэсгийг орхигдуулсан байгааг анхаарч судалгаанд суурилж, ул суурьтай өндөр мэргэжлийн баг боловсруулах шаардлагатай.
- Хуулийг боловсруулж байгаа яамны зүгээс хүн хүч хүрэхгүй байгаа бол сайн дурынхныг оролцоог зохион байгуулалтаар нь хангах хэрэгтэй байна.
- Их хурал дээр ажлын хэсэг байгуулагдан, хуулийн төслийг давхар хэлэлцүүлнэ.
- Хамгийн түрүүн энэ хуулийн шинэчлэлээр салбарт ямар реформ хийхээ зураглаж хараад хиймээр байна. Боловсролын суурь концепц байхгүй байна гэдэгтээ 100% санал нийлж байна. ЮНЕСКО -ийн Ирээдүйн боловсролын санаачлага төсөлд хүн болохуйн тухай үзэл баримтлал орсон байгааг бас хармаар байнаа. Суралцахуйн олон төрөл, хэлбэрийн үр дүнг хүлээн зөвшөөрдөг баталгаажуулдаг баймаар байна. Боловсролын бүх асуудлыг албан боловсролоор төр нуруун дээрээ үүрч шийдэх шаардлага байхгүйг олон хүн хэлж байна.
- Хуулийн нэр томьёог жигдлэх шаардлагатай: Жишээ нь: төрийн өмчийн бус, хувийн хэвшлийн, иргэн, хүн гэх мэт. Мөн гадаад нэр томьёог орчуулах боломжтой бол орчуулах, хуульд тусгагдаагүй нэр томьёог хуульд тайлбарласан гэх мэт алдаа байна.
Саналыг Боловсрол, шинжлэх ухааны яамд хүргүүлсэн болно.
Боловсролын Реформ хөдөлгөөн ТББ