Индэр    
2020 оны 6 сарын 23
Зураг
Боловсрол судлаач

Дээд боловсролын диплом үнэ цэнэгүй болсон улсад хөгжил ирэхгүй...

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Болорвсролын Реформ хөдөлгөөн" 

Эрдэмтэй хүн нь эдийн засгийн баялаг бүтээгч гол хөдөлгөгч хүч.

Тэгвэл тэр эрдэмтэй хүнийг бэлтгэдэг институц нь мэдээж их, дээд сургуулиуд юм. Тиймээс ч хүчирхэг эдийн засагтай улс орнууд дээд боловсрол эзэмшигчдийн тоогоороо, мөн шилдэг их сургуулийн тоогоороо тэргүүлж байна. Доорх зурагт дээд боловсрол эзэмшигчдийн тоогоороо тэргүүлж байгаа орнууд нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай Хойд Америк болон Баруун Европын орнууд байна.

 

Эх сурвалж: UNESCO (2009)

Тэгвэл зөвхөн баян улс орнуудад л хүн бүр дээд боловсрол эзэмшиж эдийн засгаа хүчирхэгжүүлдэг үү? Дээд боловсрол эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл мөн үү? Хэрвээ тийм юм бол, яагаад Монгол Улс хүн амд ногдох их дээд сургуулийн тоогоороо ч, дээд боловсрол эзэмшиж байгаа хүний тоогоороо ч Европын хөгжингүй орнуудтай ижил төвшинд хүрсэн хэрнээ ядууралтай байсаар байна вэ?

Дээд боловсролтой иргэд яагаад эдийн засагтаа нөлөөлж чадахгүй байна?

Энэ нь мэдээж дээд боловсролын чанарын асуудлыг хөндөж байна. Монгол Улсын дээд боловсрол чанаргүй байгаа учраас эдийн засгийн хөгжилд нөлөө үзүүлж чадахгүй байна.

Харин  яагаад дээд боловсрол чанаргүй байна гэдгийг үзвэл энэ нь их дээд сургуулиуд улс төрөөс хэт хараат сул засаглалтай, судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилт бага, мерит зарчмаар багш нарыг сонгон шалгаруулдаггүй гээд тогтолцоотой холбоотой олон асуудалтай холбогдоно.

Манайх шиг хөгжиж буй орнуудад дээд боловсролын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нөлөөлөл бага байгаагийн гол шалтгаан нь эдгээр оронд эдийн засгийн өсөлтийн бусад зайлшгүй байх ёстой хүчин зүйлс болох хууль эрх зүйн ээлтэй орчин, эрүүл хөрөнгийн зах зээл дутмаг байдаг учраас ядууралтай хэвээр байна гэж судлаачид үзжээ (Holmes, 2013; Wolf, 2002).

Ханушик, Воесманы (2007) судалгаа мөн сайн засаглалтай орнуудад дээд боловсролын эдийн засагт үзүүлэх үр нөлөө илүү сайн байгааг харуулсан байна.

Доорх зурагт нэг сая хүнд оногдох шилдэг их сургуулийн тоогоороо тэргүүлж байгаа 15 орныг харуулсан бөгөөд эдгээр оронд дэлхийн шилдэг их сургуулийн 90% нь оршиж байна, мөн тэд хамгийн баян орнууд байна.

Figure 2. Distribution of the top 100 universities in the world

 

Эх сурвалж: Times Higher Education Supplement and NiGEM database

Дэлхийн хамгийн их шилдэг их сургуультай орны тоонд Америк 47, Англи 10 шилдэг их сургуулиараа багтаж байгаа бол Нидерланд, Австрали улсууд нэг хүнд оногдох шилдэг их сургуулийн тоогоороо тэргүүлж байна.

Энэ шилдэг их сургуулиудтай орнуудыг ажиглавал бүгд либерал, ардчилсан тогтолцоотой, хүчирхэг эдийн засагтай орнууд болохыг харж болно.

Эндээс үзэхэд зөв тогтолцоотой орнуудын дээд боловсрол чанартай, түүнээ дагаад чанартай боловсролын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх харилцан нөлөөлөл өндөр байх хандлагатайг харж болно. Харин тогтолцоо сул хэрнээ шилдэг их сургуультай орны жишээ хаана ч байхгүй байна.

Тэгвэл манай орны хувьд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс аваад дээд боловсролын шинэчлэлийг хийсээр ирсэн боловч үр нөлөө маш бага, их дээд сургуулиуд улс төрөөс улам бүр хараат болж, дээд боловсролдоо хөрөнгө оруулдаггүй цөөхөн орны нэг болж, хямд чанаргүй, хөдөлмөрийн зах зээлд нийцэлгүй хөтөлбөрөөр бид ирээдүйн хүний капиталаа бэлтгэж байна. Энэ гажуудал нь манай институцын тогтолцоо сул байгаатай шууд холбоотой. Манай улс саарал болон хар жагсаалтанд орж байгаа нь тогтолцоо маш сул, мерит тогтолцоо үйлчилдэггүй, орлогын тэгш хуваарилалт сул, далд эдийн засаг хөгжиж, авилга хээл хахуульд баригдсаныг харуулж байна. Ийм сул тогтолцоотой учраас, бидний шинэчлэл нэртэй олон ажил үр дүнгүй явсаар ирсэн.

Хелпманий (2004) бичсэн юу зарим улс орныг баян чинээлэг болгож, харин заримыг нь ядууралд хүргэдэг талаарх ‘Эдийн засгийн өсөлтийн оньсого’ номд, эдийн засгаа хөгжүүлж, хүчирхэгжүүлье гэвэл, хоорондоо харилцан хамааралтай дараах 6 хүчин зүйлийг цогцоор нь хөгжүүлэх ёстойг харуулсан байна.

Үүнд:

  1. Мэдлэг, чадвартай хангалттай хүний капитал;
  2. өндөр бүтээмж;
  3. судалгаа, инновац;
  4. нээлттэй зах зээл, худалдааны харилцан хамаарал;
  5. Орлогын тэгш хуваарилалт, санхүүгийн тунгалаг тогтолцоо;
  6. Зөв засаглал бүхий институцын тогтолцоо, улс төрийн тогтвортой байдал.

Эдгээр 6 хүчин зүйл нь шууд болон шууд бусаар бүгд дээд боловсролтой хамааралтай байна.

Эхний гурав нь хүний боловсрол, ур чадвараар бүтдэг хүчин зүйлс учраас дээд боловсролтой шууд холбоотой харин дараагийн гурван хүчин зүйл нь нийгмийн тогтолцоотой холбоотой  буюу дээд боловсролтой шууд холбоотой харагдахгүй байгаа боловч, нөгөө талаар мэдлэг чадвартай хүмүүс л зөв тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлдэг учраас эргээд дээд боловсролтой сууриараа холбоотой болох нь тодорхой байна.

Тогтолцоотой холбоотой гурван хүчин зүйлийг тодруулбал, хуримтлуулсан мэдлэгийг хэрэглээ болгон шинэ технологи болгох процессийг дэмждэг шударга тогтолцоо байхгүйгээр, өөрөөр хэлбэл оюуны болон материаллаг өмч эзэмших эрхийг баталгаажуулахгүйгээр үндэсний капитал хуримтлагдахгүй. Тэгвэл хуулийг сахиулдаг, гэрээ хэлэлцээрийг ном журмаар нь явуулдаг, орлогыг тэгш хуваарилдаг, мерит зарчмаар сонгон шалгаруулдаг, эрх баригчдын эрхийг хязгаарлаж чаддаг тийм нийгмийн дэд бүтэц эдийн засгийн өсөлтөд гол чухал хүчин зүйл болж байна (Hanushek and Woessmann, 2007).

Өөрөөр хэлбэл, удаан хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтийг шударга тогтолцоо бүрдүүлж өгнө.

Тэгвэл шударга хуулийг боловсруулж, нээлттэй олон улсын худалдааг хийж, технологийг патентжуулж, орлогын тэгш хуваарилалтыг хийж чадах өндөр ур чадвартай массыг их дээд сургуульд л бэлдэнэ. Тэгэхээр дээд боловсрол эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хөдөлгүүр мөнөөс мөн гэвч дээд боловсрол нь нийгмийн тогтолцооны нэг бүрэлдэхүүн учраас институцын тогтолцоо сул бол түүнээ дагаад хүчгүйдэж, үр нөлөөгүй, чанаргүй салбар болж хувираад байна. Тиймээс дээд боловсролоо сайжруулж, эдийн засгаа хүчирхэгжүүлье гэвэл институцын тогтолцоогоо ул суурьтай засах шаардлагатай байна.

Улс орнуудын эдийн засаг бие биенээсээ уламбүр хамааралтай болж байгаа өнөө үед, зах зээлийн нээлттэй байдал, шударга худалдааны түншлэл, тунгалаг санхүүгийн тогтолцоог хангахыг олон улсын төвшинд шаардаж, энэ харилцааг зөрчсөн орнуудад хориг арга хэмжээ тавигдаж байна. Олон улсаас бидний тогтолцоог буруу байна аа гэдгийг анхааруулж хар, саарал жагсаалтад хэдэнтээ оруулж анхааруулсаар байна.

Гэтэл бид энэ жагсаалтаас жинхэнээсээ гарахын тулд улс нийгмээрээ тогтолцоогоо ул суурьтай засахын оронд зүгээр л өнгөн дээрээ хэдэн цаас бүрдүүлж өгөөд, нөгөө л худлаа ярьдгаараа ярьж, сайхан амлаж, аргалж, өөрсдийгөө хуурсаар л…

Гэвч бид тогтолцоогоо ёс журмаар нь засаагүй цагт, эдийн засгийн хөдөлгүүр бүрэн утгаараа ажиллахгүй, бид ядууралтайгаа л байх болно.  Хэчнээн их хүн их, дээд сургуульд сураад ч бахь байдгаараа дараагийн 30 жилтэй золгох аюул байгаа учраас бид одоо л институцээ цэвэрлэж, зөв зохистой системийг цогцлоож, үр хойчдоо өвлүүлж өгөх цаг иржээ.

Тэр зөв тогтолцоог босгох чадвартай итгэлтэй хүнээ бид дундаасаа төлөөлүүлж төрд зүтгүүлэх гэж сонгох учиртай уг нь.

Гэтэл тогтолцоог засаж гольдролд нь оруулах эрдэм чадалтай, чин сэтгэлтэй хүмүүс бус тогтолцооны гажуудлыг ашиглаж хонжоо хайгч, увайгүй хүмүүсийг бид сонгосоор ирлээ.

Энэ сонгуулиар бид хэлэх үг нь хийсэн үйлдэлтэй нь зөрдөг, ядарсан ардын цөхрөлийг ашиглаж сонгуулийн эрхийг нь хямдхан худалдаж авдаг, танил тал, авилгаар албан тушаалд очсон, хулгай худалчийн мастерүүдад цэг тавьж, сонголтоо зөв хийцгээе! 

Энэ сонгуулиар хариуцлагатайгаар хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хууль тогтоож чадах, бодлогын шийдэлтэй, эрдэм боловсролтой, чанд зорилготой, чин сэтгэлтэй саруул ухаантнуудыг сонгоё!

Ард түмнээрээ сэрж, сэхээрч, зөв тогтолцоог бүтээлцэе!

 

 

Эх сурвалжууд:

  • Altbach, P.G. (2013) Advancing the national and global knowledge economy: the role of research universities in developing countries, Studies in Higher Education, 38 (3), 316-330.
  • Hanushek, E. and Woessmann, L. (2007) The role of education quality for economic growth. World Bank Working Paper No. 4122.
  • Helpman, E, (2004) The Mystery of Economic Growth. Cambridge, Mass: Harvard University Press.
  • Holmes, C. (2013) Has the Expansion of Higher Education Led to Greater Economic Growth?, National Institute Economic Review, 224 (1), R29-44.
  • Wolf, A. (2002) Does Education Matter. London: Penguin.