Зураг
Зураг
Индэр    
2020 оны 10 сарын 19
Зураг
Боловсрол судлаач

Элит сургуулиас эрх тэгш сургууль руу шилжиж буй ОКСФОРД

Зураг
Проф. Луис Ричардсон, Дэд канцлер, Oxford

Есөн зуун жилийн түүхтэй дэлхийн хамгийн эртний их сургуулийн нэг Оксфордын их сургуулийг түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдах болсон билээ.

Профессор Луис Ричардсонд анх Оксфордын их сургуулийн Дэд канцлер болох санал тавихад тэрээр "Би Англи хүн биш шүү дээ, би бас Оксфордод огт сурч байгаагүй, элит энэ сургууль хэзээ ч эмэгтэй, тэр тусмаа Ирланд эмэгтэйгээр удирдуулахгүй биз дээ, бие биенийхээ цагийг үрсэн ажил биш үү…" гэж гайхшран хариулж байсан боловч хэдхэн сарын дараа Ирланд эмэгтэй Оксфордын их сургуулийн Дэд канцлер болсон нь Оксфордын түүхэнд онцлох содон үйл явдал болсон нь саяхан. Ирландын хөдөө нутгийн олон хүүхэдтэй айлын охин, Дублин хотод оюутан болж ирээд, Англичуудын эсрэг Ирландын хувьсгалч IRE хөдөлгөөнийг дэмжиж байхдаа, ирээдүйд эсэргүүцэж байсан орныхоо хамгийн том их сургуулийн захирал болно гэж хэрхэн төсөөлөх билээ. IRE зэвсэгт хөдөлгөөнөөс хүчирхийллийн замаар асуудлыг шийдэхгүй гэдгийг ухаарсан оюутан охин терроризмын хор хөнөөлийг судалж, хожим Харвардын их сургуульд терроризмийн судалгааны тэргүүлэх эрдэмтэн болсон аж. Профессор Ричардсон хэлэхдээ, "Намайг дэд канцлераар томилж байгаа нь Оксфорд өөрчлөлтөд хэр их нээлттэй байгааг илэрхийлж буй явдал юм. Эмэгтэй хүн их сургуулийн захирал болоход гайхахгүй байх тийм цаг үе мөдхөн ирнэ. Аав ээж минь боловсролгүй хүмүүс байсан ч, миний боловсролд анхаарснаар надад маш олон боломжийг нээж өгсөн. Тиймээс чанартай боловсролыг хүртэж чадахгүй байгаа олон хүнд илүү их боломжийг олгох гэж би Оксфордод ирсэн"1 гэж онцлон тэмдэглэжээ.

Британичуудын хувьд "хаана сурах нь юу сурахаас ч илүү чухал"2 мэт. Учир нь их сургуулийн боловсрол нь зөвхөн оюуны хөрөнгө оруулалт бус харин нийгмийн болон соёлын капиталыг бий болгодогтой холбоотой. 

Оксфордод суралцах нь зөвхөн сайн багш нараар заалгах бус, Английн нийгмийн манлайлагчидтай хамт суралцаж, танил тал болох нийгмийн капиталын давуу талыг үүсгэдэг учраас Оксфордод хүүхдээ тэнцүүлэхийн тулд хувийн үнэтэй сургуульд сургаж, тэр сургуулиудаас л Оксфордод тэнцэх сурагчид төрдөг байлаа. Оксфордоос Их Британий 28 Ерөнхий сайд, хэдэн мянган эрдэмтэн, нийгмийн зүтгэлтнүүд төрсөн буюу Их Британийг удирдах үндэсний манлайлагчид энд бэлтгэгдэж иржээ. Тиймээс, хатан хаантай, нийгмийн давхаргын ялгаа ихтэй, цагаачлал ихтэй, боловсролын тэгш бус байдлаараа дэлхийд тэргүүлдэг Их Британий нийгэмд Оксфордод суралцах нь маш их өрсөлдөөнийг бий болгож, жирийн дундаж айлын, эсвэл цагаач айлын хүүхэд энэ сургуульд суралцах нь үлгэр байсан цаг саяхан.

Харин сүүлийн жилүүдэд Оксфордын их сургууль тэгш оролцоог хангахад шинэчлэл хийж, одоо нийт бакалаврын элсэгчдийн 6%3 нь улсын жирийн сургууль төгсөгчид болж (өмнө нь дийлэнх элсэгчид элит хувийн сургуулийн төгсөгчдийнх байлаа), мөн үндэстний цөөнх, өнгөт арьстны төлөөлөл, хөгжиж буй орны оюутны хамрагдалтыг эрс нэмэгдүүлээд байна. Оксфордын их сургуульд 19-р зуун хүртэл эмэгтэй оюутан суралцдаггүй, мөн зөвхөн эрэгтэй оюутан авдаг коллежүүдийн сүүлч 1970 оноор л шувтарч байсан бол, өнөөдөр нийт оюутны 54% нь эмэгтэй байна. 1190 онд анхны олон улсын оюутан элсэн сурч эхэлсэн энэ сургуулийн магистр, докторын түвшний нийт оюутны 64% нь олон улсын оюутнууд, мөн багш нарын 40% нь олон улсын эрдэмтэд байна. Тэгвэл 900 жил улирсан ч дэлхийн шилдэг их сургуулиудын тэргүүнд хэдэнтээ бичигдсэн энэ их сургууль хэрхэн үүссэн бол? Яаж шилдэг хэвээр байсаар байна вэ?

Оксфордын их сургуулийн үүссэн түүхийг сөхвөл, 12-р зууныг хүртэл Английн язгууртнууд эх орондоо бус харин Францад Парисийн их сургуульд дээд боловсрол эзэмшдэг байжээ. Харин Английн 2-р Хенри хаан Францын хаантай түнжин хагарснаар, Англи оюутнуудыг Францад сурахыг хориглосон байна.  Тиймээс Англид үндэсний сэхээтнүүдээ бэлтгэх хэрэгцээ гарч, Оксфорд хотод 1096 оны үеэс байсан сургуулийн суурин дээр Оксфордын их сургуулийг байгуулжээ. Оксфордын их сургууль нь коллежийн зохион байгуулалттай буюу оюутны академик асуудлыг тэнхим сургууль нь хариуцаж, харин байр хоол, нийгмийн асуудлыг коллеж нь хариуцдаг өвөрмөц коллежийн тогтолцоотой. Тиймээс Оксфорд дотроо 38 коллежтой бөгөөд зарим коллеж нь дундад зуунд байгуулагдсан, Английн хаад язгууртнууд сурч байсан эртний түүхтэй коллежууд аж. Жишээ нь Харри поттер кинонд гардаг том танхимаараа танил болсон, дундад зууны коллежүүдийн нэг болох Christ Church College-д Британий 13 Ерөнхий сайд, Английн IV Едуард хаан, мөн Нобелийн шагналт физикч Алберт Эйнштейн сурч байжээ.  Балиол коллежд алдарт эдийн засагч Адам Смит сурч байсан байна.

 
Christ Church College-ийн зоогийн танхим

Оксфордын их сургуулийн амжилтын түлхүүр нь мэдээж хамгийн түрүүнд шилдэг эрдэмтэн багш нар, оюутныг меритээр шилж оруулдаг, нэг ёсондоо авъяасын төвлөрлийг бий болгосон, хоёрдугаарт судалгаа хийх орчин нөхцөл санхүүгийн нөөц баялгийг олон эх үүсвэрээс бүрдүүлсэн, гуравдугаарт их сургуулийн өөрөө өөрийгөө удирдах хүчтэй засаглалыг бий болгосон, мөн олон зуун жилийн түүхэн уламжлалыг орчин үетэйгээ хослуулж, академик чанарыг өндөрт хадгалж чадсан ухаан ажээ.

Оксфордын их сургуулийг ярихад Оксфорд хотын тухай дурдахгүй байхын аргагүй. Эртний түүхтэй энэ гайхамшигт хотын барилга бүрийн хананаас ном үнэртэхээр эрдмийн өлгий бөгөөд коллежуудын барилгын уран хийц, том анхилам цэцэрлэгт хүрээлэнгүүд, хотын дундуур урсах гол нь ‘Алиса гайхамшгийн оронд’ зохиол төрөхөөс аргагүй увидас шингэсэн хот ажээ. Хамаг амьдралаа эрдэмд өгсөн дундад зууны багш нарын сүнс хотдоо хоргодоод, байшин барилгад шингэсэн гэсэн домог ч яригдана. Оксфорд хотыг өнөө ‘муу нэртэй, луу данстай’ Гитлер огт бөмбөгдөж болохгүй шүү гэж зарлигдсан нь, хүн төрөлхтний оюуны санг хүндэлснийх биз.

 

Оксфордын их сургуулийн гол бэлэг тэмдэг болсон энэ дугуй барилга нь Бодлиейн номын сангийн гол барилгын нэг юм. Оксфорд хот мөн дэлхийн хамгийн анхны музей болох Ашмолен музейгээрээ алдартай. Оксфордын мөнхийн өрсөлдөгч мэт харагдах Кембриджийн их сургууль Оксфордын их сургуулиас үүсэлтэй. Оксфордын их сургуулийн бүлэг багш нар хотын иргэдтэй үл ойлголцсоны улмаас Кембридж хот руу нүүж, хамтдаа өөр нэг сургуулийг 1209 онд байгуулснаар Кембриджийн их сургууль үүсчээ. Оксфордоос шилдэг улс төрчид илүү төрсөн бол харин Кембрижээс Нобелийн шагналтай шинжлэх ухааны нэрт зүтгэлтнүүд илүүтэй төржээ.

 
Төгсөлтийн баяр дээр аавтайгаа Radcliffe Camera, Bodleian Library Oxford

Оксфорд Кембриж хоёрыг нийлүүлээд Оксбриж гэж нэрлэдэг. Монголын Оксбриж төгсөгчдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд, Монголоос улам олон оюутнууд эртний сурвалжит энэ эрхэм сургуульд суралцаж, эрдмийг түгээх нь дамжиггүй. Оксфордод Монголоос суралцсан хамгийн анхны оюутан нь МCS группийн үүсгэн байгуулагчийн нэг Ж.Од, Кембрижийн анхны төгсөгч нь УИХ гишүүн асан С.Оюун. Миний хувьд дэлхийн шилдэг их сургууль сургалтын хөтөлбөрөө хэрхэн боловсруулдгийг судлах зорилгоор Оксфордыг сонгон дээд боловсролын шинжлэх ухааны магистраар суралцаж ирээд, одоо Монголын дээд боловсролд шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Монголдоо Оксфордын их сургууль шиг уламжлал шинэчлэлийг хослуулсан, Монгол тулгатны оюутнууд газар бүрээс ирж сурдаг, оюунаар манлайлагчдыг төрүүлэх дэлхийн төвшний судалгааны их сургуулийг хөгжүүлэх билигтэй ерөөлийг өргөж, Оксфордын их сургуулиар хийсэн тэмдэглэлээ өндөрлөе.

 

 

 

 


1 https://www3.nhk.or.jp/nhkworld/en/tv/directtalk/20190925/2058544/

2 John Brennan

3 https://www.ox.ac.uk/about/facts-and-figures