Зураг
Зураг
Индэр    
2024 оны 2 сарын 6
Зураг
Боловсрол судлаач

Неолиберализм ба улс, нийтийн өмчийн эзэнгүйрэл

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн 30 жилийн энэ их “улсын хулгай”, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг гээд нийтийг соён гэгээрүүлэх салбаруудын уналт, баян ядуугийн эрс ялгаа, хүн амын гуравны нэг нэн ядууралд орсны шалтгаан чухам юу вэ? Ямар тогтолцооны уршиг вэ? Энэ бидний үндсэн хуулиараа тунхагласан хүмүүнлэг, ардчилсан нийгмийн тогтолцоо мөн үү? Бид ямар эдийн засгийн бодлогоор явж ирэв ээ? 

Бидний ардчилалд шилжсэн 1990-ээд он дэлхийн неолиберализмын оргил үетэй давхцах бөгөөд бид ардчиллын гол бодлого гэж эндүүрээд неолиберал эдийн засгийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлсэн.

Неолиберализм нь чөлөөт зах зээл, хувийн өмчийг гол сууриа болгодог учраас эдийн засагт төр засгийн оролцоог аль болох хумихыг зорьдог. Нэг ёсондоо ард түмний, төрийн, улсын, нийтийн гэх тодотголтой юмстай бараг дайн зарладаг. Ардчиллыг бэхжүүлэхэд төрийн хүнд суртлыг халж, төрийн том аппаратыг задлах нь  мэдээж чухал гэхдээ энэ нь улс, нийтийн өмчийг эзэнгүйдүүлж, цөлмөнө гэсэн үг огт биш юм.

Улсын, нийтийн өмчийг хамгаалах тухай ярьж байгаа нь чөлөөт зах зээл, хувийн өмчийг үгүйсгэж байгаа гэсэн үг огт биш гэдгийг энд мөн зориуд цохон тэмдэглэе. Хувийн өмчийг бид үндсэн хуулиараа баталгаажуулсан бөгөөд чөлөөт зах зээл болон хувийн өмч нь  ардчилсан нийгмийн салшгүй хэсэг гэдэгтэй хэн ч маргахгүй гэвч чөлөөт зах зээл, хувийн  өмчийг хөгжүүлэх нэрийн доор улсын, нийтийн өмчийг бусниулж болохгүй юм. 

Неолиберал бодлого дэлхий даяар хүч түрж байсан 1990-ээд онд донор байгууллагууд хуучин соц орнуудын эдийн засгийг сэргээхэд неолиберал бодлогыг зөвлөж  байлаа. Олон улсын санхүүгийн байгууллагуудаас хуучин социалист орнуудын эдийн  засгийг босгох цогц арга хэмжээ боловсруулсан нь “shock therapy” (цочир засал) гэж  танилцуулагдсан бөгөөд үүнийг яаравчлан хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг. Үүнд улс,  нийтийн өмчийг багасгах зорилготой хэд хэдэн гол неолиберал бодлого хэрэгжүүлснийг  авч үзвэл, нийтийн өмчийг массаар хувьчлах, төрийн аппаратыг цомхон болгох, татварыг  багасгах, төрийн санхүүжилтийг багасгах зэрэг бодлогыг хэрэгжүүлснээр шинэ  бизнесүүдийг дэмжиж, ажил эрхлэлт нэмэгдсэнээр дагаад иргэдийн амьжиргаа дээшилнэ гэж үзэж байв. Энэ арга хэмжээ нь улсын өмчийг хайр найргүй хувьчилж эдийн засгийг  богино хугацаанд цочруулах боловч алсдаа эдийн засгийг босгох сайн засал болно гэж үзэж  байлаа. Хувийн секторыг дэмжсэн бодлого нэг талаараа бизнесүүдийг хөгжүүлж байсан  боловч нөгөө талд нь өмчгүй болсон мөн татварын орлого нь багассан төр хэрхэн төрийн  алба болон нийгмийн хамгааллын үйлчилгээгээ хэвээр нь авч явах талаар тодорхой бодлого байсангүй.  

Хандивлагчдын тусламж дэмжлэгийг авах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын  тулд, тэдний санал болгосон неолиберал бодлогыг хэрэгжүүлэхээс өөр гарцгүй мэт болсон  хуучин соц орнуудын нэгэн адил Монголын засгийн газар чөлөөт зах зээл нэрийн доор  ямар ч бэлтгэлгүйгээр масс хувьчлал хийв. Хувийн өмчийг байж болшгүй зүйл гэж тархиа 70 жил угаалгаж ирсэн жирийн иргэдэд өмч хувьчлалыг ойлгох мэдлэг, мэдээлэл хомс байсан бөгөөд санхүүгийн анхан шатны мэдлэггүй массын орчинд өмч хувьчлал болон  газар хувьчлалыг яаравчлан хийлээ. Ийнхүү өмч хувьчлал нэртэй цочир ажиллагаагаар  улсын том том үйлдвэрийн газрууд цөөн хэдхэн хүний гарт хувьчлагдан очиж,  Монголчуудын дотоодын хэрэгцээгээ хангадаг байсан улсын буюу нийтийн өмчийн  үйлдвэрүүд хэдхэн жилийн дотор ихэнх нь хаалгаа барив. Төрийн албад суларч, улс  нийтийн өмч эзэнгүйдсэн далимаар, газрын наймаа, уул уурхай тойрсон авлигал хээл  хахууль гаарав. Нийгэмд бүхэлд нь ямар үр дагавар авчрахыг үл тооцсон неолиберал бодлогын уршгаар тун удалгүй ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, авлигал, баян хоосны  ялгарал эрс нэмэгдэж, нийгэм бүхэлдээ хямарч үүнийг шилжилтийн үе хэмээн томьёолж, жам ёсны үзэгдэл мэтээр ойлгуулж байлаа. Хөгжихийн тулд ийм золиос гаргах хэрэгтэй,  хөгжсөн бүх улс энэ үеийг давсан гэх мэтээр неолиберал бодлогыг дэмжигчид ухуулдаг байлаа.  

Олонх хуучин соц орнуудад цочир хэрэгжүүлсэн масс хувьчлалын бодлого  бүтэлгүйтэж төсөөлж байгаагүй олон асуудлыг дагуулсныг сүүлийн 30 жил бидэнд  харуулав. Энд зөвхөн улсын үйлдвэрүүдийг хэт яаруу хувьчилсан тухай асуудлыг бус харин  улс нийтийн өмчийг эзэнгүйдүүлж, алдагдах, хулгайлагдах нөхцөлийг бүрдүүлж өгсөн  туйлширсан тогтолцоог бид шүүн хэлэлцэх гэж байна.

Нэг бол бүх зүйлийг хувьчилж эсвэл  бүх зүйлийг улсынх болгодог хэт туйлшралаас ангид тэнцвэртэй байхын тухай бид энд  өгүүлэх болно. Хувийн өмч гэж байгаа бол нөгөө талд олон түмний, нийтийн өмч гэж байх  бөгөөд хувьчилж болох ба болохгүй өмч гэж бий. Гэтэл бидний сүүлийн 30 жил баруунаас  хуулсан неолиберализмын бодлого социализмын үед бүх хувийн өмчийг хурааж  туйлширсан шиг улсын, нийтийн өмчийг үгүй хийх гэж туйлшрав. Нэг ёсондоо бид 70 жил  улсын өмчийг хамгаалсан эрс зүүн чигийн бодлого барьж байснаа сүүлийн 30 жил хувийн  өмчийг хамгаалах эрс баруун чигийн бодлого руу үсэрсэн нь хоёр туйлшралын дунд хүчтэй  цочролыг нийгэмд авчирч, улмаар энэхүү үймээнийг завшигч улс төр бизнесийн  бүлэглэлүүдийг үүсгэх нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байдаг.  

Тэгвэл энэ неолиберализм гэж чухам юу вэ? Хэдийгээр бүрэн тодорхойлолт  байхгүй ч, энгийн үгээр хэлбэл, неолиберализм нь чөлөөт зах зээлийг улс төр, эдийн  засгийн суурь болгодог үзэл онолыг хэлнэ. 1930-aaд оны Европын эдийн засагчдаас эхтэй  энэ үзэл онолыг 1970-аад оны үед Милтон Фридмэн тэргүүтэй эдийн засагчид илүү  дэлгэрүүлсэн гэж үздэг. Энэ онолд суурилсан эдийн засгийн болон улс төрийн бодлогыг  Чили улсад хэрэгжүүлж туршаад эхэндээ амжилт олсон тул неолиберал бодлогыг Англид Маргарет Тетчер, АНУ-д Рейгений засгийн газрын үеүдэд хүчтэй хэрэгжүүлж, улмаар  сүүлийн 30 жилд олон улсын хөгжлийн байгууллагуудаар дамжуулан дэлхий дахинаа  эрчимтэй хэрэгжүүлсэн байна. Энэ бодлогоор уг нь зах зээлийг төрөөс ангид чөлөөт  болгосноор, худалдааны урсгал улам нэмэгдэж, хувийн сектор хөгжин, инновац  нэмэгдэхийн хэрээр, илүү их мөнгөний эргэлтийг бий болгож, ажлын байр нэмэгдэснээр, иргэдийн орлого өсөж ядуурал буурна гэж төсөөлсөн боловч үр дүн үүний яг эсрэгээр  ядуурал туйлдаа хүрч, орлогын тэгш бус байдал уламбүр гаарсан байна.

Оксфамын судалгаагаар өнөөдөр дэлхий дээр байгаа бүх баялгийн тэн хагасыг наймхан гэр бүл эзэмшиж байхад харин дэлхийн хүн амын тэн хагас нь нэн ядуурлын түвшинд амь зууж байна! Арав гаранхан жилийн өмнө энэ хөрөнгийг 395 гэр бүл эзэмшиж байсан бол одоо ердөө найман гэр бүл дангаар эзэмшиж байгаа нь хөрөнгө, эрх мэдэл маш цөөхөн хүний гарт улам бүр төвлөрч байгааг харуулна.

Тэгвэл Монголд яг үүнтэй ижил дүр зураг ажиглагдана. Эрх мэдэл, эд  баялаг улс төр бизнесийн цөөнхийн бүлэглэлд улам бүр төвлөрсөөр, хүн амын гуравны нэг  нь нэн ядуурлын төвшинд амьдарч байна. Ийнхүү сүүлийн 30 жилд Монголд төдийгүй  дэлхий даяар баян хоосны ялгаа ямар ч хяналтгүйгээр эрс өсөж байгаагийн гол шалтгааныг  нийгэм судлаачид неолиберал гэх засаглалыг дэлхий даяар хяналтгүй хэрэгжүүлсний хор  уршиг гэж үзэж байна. Неолиберизм нь эдийн засгийг сайжруулах бус харин эдийн засгийн  эрх чөлөө, ардчиллыг алсдаа бөхөөж байгааг судлаачид онцолсон байна. 

Улс орнуудад хэрэгжүүлж буй неолиберализмын нийтлэг шинж байдлыг авч үзвэл  баян хоосны ялгаа эрс нэмэгдсэн, масс хувьчлал хийгдсэн, нийтийн өмч үнэгүйдэж, үгүй  болсон, нийгмийн халамжийг багасгасан, үйлдвэрчний эвлэлийн хүчийг багасгасан, цаг  ямагт гүйцэтгэлийн үнэлгээгээр хүмүүсийг хянан шалгасан, бүгдийг өрсөлдүүлж, эрэмбэлж,  чансаагаар зэрэглэсэн, хувь хүнд илүү их хариуцлага ногдуулсан, оноожуулсан, хэт  өрсөлдөөнт нийгэмд цөөхөн нь хожиж олонх нь хожигдох мэдрэмжийг авснаас олонхоороо сэтгэлзүйн дарамтад орсон дүр зураг хаа саагүй харагдана. Энэ бодлогын хамгийн их  шүүмжлэл дагуулдаг хэсэг нь боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг шууд мөнгөөр  хэмжигдэхгүй салбаруудыг унагасан явдал.

Учир нь эдгээр салбар нь нийтийн сайн сайхан,  хүмүүнлэг оршихуйд чиглэсэн нийтийн соён гэгээрэл болон нийгмийн халамж үйлчилгээний  салбар бөгөөд ашгийн төлөөх бизнесийн салбараас өөр учраас төрөөс тусгайлан авч явах  эдгээр салбарыг орхигдуулан бүх зүйл зах зээлийн зарчмаар шийдэгдэнэ гэж үзсэнээр  нийгэмд хортой үр дагаврыг авчирсан гэж үздэг.

Неолиберализм нь зөвхөн нэг эдийн засгийн  бодлого төдийхөн биш бүр хүнийг бүхэлд нь “хомо-экономикус” болгон засагласан буюу хүний үнэт зүйл зөвхөн ашиг олох, материаллаг хэрэглээнд суурилах болсныг 21-р зууны нэрт философич Фуко (Foucault) тэргүүтэй нийгэм судлаачид шүүмжилсэн байна. 

Неолебирализм ямар хор уршгийг авчрав? Газрын баялаг болон мал сүргээр  арвин, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэр дэд бүтцийн харьцангуй боломжийн суурьтай  болсон, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээ бэхжүүлсэн, ижил угсаа хэл соёлтой, дайн  дажингүй Монгол улсын ээлтэй хөрсөн дээр ардчиллыг хөгжүүлэхэд улс орон гэрлийн  хурдаар хөгжинө гэж төсөөлж байлаа. Гэвч ардчилал хэмээн эндүүрсэн неолиберал жилүүд тэс өөр дүр зургийг бидэнд харуулсан билээ. Нийтийн өмчтэй дайн зарласан неолиберал эрэн үед нийтийн эрх ашигт үйлчилдэг гол салбарууд болох боловсрол, эрүүл мэнд,  шинжлэх ухаан, соёл урлаг, байгаль орчны салбарууд хамгийн хүндээр өртөв. Эдгээр  салбаруудад ажиллаж байсан олон сэхээтнүүд ажилгүй болж, ур чадвартай хүмүүс эх орноо  орхин харьд хар ажил хийхээр явснаар, хөдөлмөрлөх насны хүн амын тоо багатай манайх  шиг улсад ур чадварын хомсдол аяндаа бий болов. 

Боловсрол, шинжлэх ухааны доройтол: Олон нийтийг соён гэгээрүүлэх,  боловсролоор дамжуулан ядуурлыг бууруулах, орлогын тэгш бус байдлыг арилгах  зорилготой боловсролын салбар харин ч бүр неолиберализмын гол уршиг болсон тэгш бус  байдалд хувь нэмрээ оруулагч гол хүчин болов. Боловсролын хоцрогдол, тэгш бус байдал  газар авч, чанартай боловсрол зөвхөн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст нээлттэй байх зах  зээлийн зарчим үйлчлэх болов. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нь хүүхдээ чанартай хувийн  сургуулиудад, мөнгөгүй нь чанаргүй улсын сургуулиудад сургадаг болов. Багш нарын цалин,  үнэ цэн буурч, ажлаас гарсан багшийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь улс орны ирээдүй болсон иргэдээ боловсруулах багшийн нөөцгүй болсоор байгаа нь анхаарал татах болов.

Эрдэм шинжилгээ судалгаанд ДНБ-ий зөвхөн 0.1%-ийг зарцуулдаг болж, дээд боловсролд оруулдаг байсан улсын төсвийг хасаж, дээд боловсролдоо хөрөнгө оруулдаггүй цөөхөн орны нэг болов. Улсын их дээд сургуулиуд төрөөс тогтоосон бага төлбөрөөр олон оюутан элсүүлж  байж үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй байдалд болсноор дээд боловсрол массын хямд  чанаргүй боловсрол болж хувирав. Дипломтой иргэдийн тоо нэмэгдсэн ч ажилгүйдэл  буурсангүй. Дээд боловсрол эзэмшигчдийн тоо, хүн амд ногдох их сургуулийн тоо, 1,000 хүнд оногдох докторын тоогоороо дэлхийд дээгүүрт орж байвч ур чадвартай хүний хомсдол ихсэж, судалгаа инновацын гарц (инновацын индекс 11 сүүлийн 10 жил эрс бууралттай) дэлхийд сүүл мушгиж байгаа нь боловсролын чанар нийцэл, засаглал, санхүүжилт хэрхэн  буурсныг илтгэнэ.  

Урлаг, соёлын уналт: 1990-ээд онд урлаг, соёлын салбарууд үнэ цэнээ алдаж, цалин  багассанаар олон урлагийн хүмүүс хувийн салбар луу орж, эсвэл ажилгүй болж, үнэт зүйлийн  хямралд орж, архинд оров. Ард түмнээрээ буюу олон нийтээрээ үр шимийг хүртэж байх  ёстой “нийтийн баялаг” болсон Монголын ард түмний өв, урлаг соёлын бүтээлүүд, музей  болон соёлын байгууллагуудад хадгалагдаж байсан оргинал эх сурвалжууд төр эзэнгүйдсэн  чөлөөгөөр төрийн нэрийг баригч хулгайчдын гараар орж нэлээдгүй замхрав. Харин сүүлийн  жилүүдэд соёлын өвийн алдагдалтай тэмцэж, соёлын өвийг хамгаалах хуулийг шинэчилж, соёлын биет болон биет бус өвийг тодорхойлдог болж, уурхайн байгаль орчин болон нийгэмд  нөлөөлөх нөлөөллийг үнэлэх журам хэрэгжиж эхэлсэн боловч, соёлын өвийн хамгаалалт сул хэвээр байна.

Монголчуудын түүх, бичиг соёл, уламжлал, үндэстний ондоошлыг устгах  соёлын колончлолын бодлогоор 1939 онд үндэсний монгол бичгийг крилл бичгээр сольсныг ардчиллын үед сэргээж Монгол бичигтээ орох санал санаачилга ихээхэн гарсан боловч  өнөөг хүртэл дорвитой хэрэгжсэнгүй. Монголчууд уламжлалт шашин соёлоо сэргээж, бөө  мөргөл, бурхны шашнаа шүтэх боломжтой болсон боловч бурхны шашин эх хэлээр нь  гэгээрэл, ёс зүйн боловсролыг түгээхээсээ илүүтэй, арга засал талын үйлд илүү төвлөрч,  мухар сүсэгт живсэн массыг нэмэгдүүлэв. Элдэв шашны гаж урсгалууд ч мөн нэвтрэв.  Нийгмийн сэтгэлзүй хэт материаллаг соёлд автаж, мэргэжлийн бус байдал бүх салбарт  нүүрлэж, мухар сүсэг, гаж урсгал, шинжлэх ухааны үндэслэлгүй худал хуурмаг мэдээлэлд  итгэгчдийн масс нэмэгдэв.  

Байгаль орчны сүйтгэл: Монголын ард түмний баялаг, нийтийн өмч болсон байгаль  орчин сүүлийн 30 жилийн неолиберал бодлогын уршгаар эрс доройтов. Байгальтай зохицон  амьдарч ирсэн малчид эдийн засгийн эрх ашгийн өмнө сөхөрч, хууль бусаар алт угаах “нинжа” болж амь зогоохоос өөр аргагүй байдалд хүрч байв. Байгалийн баялгаас хараат  эдийн засагтай улсад хяналтгүй төр, авлигал, хууль бус, зохисгүй уул уурхайн ашиглалт,  газрын наймаа болон бусад шалтгаанаас болж 2018 оны байдлаар манай орны  газрын гадаргын усны 1495 эх үүсвэр хатаж ширгэсэн, энэ тоо жил бүр эрс багасаж байгаа  буюу гадаргын усныхаа бараг 30%-ийг алдсан эмгэнэлт байдалд хүрэв (Усны тоо бүртгэлийн судалгаа, 2018). 

Төрийн албаны завхрал: Хүнд суртал гэх нэрийн доор төрийн албанд хэт цомхотгол явуулан, гол мэргэшсэн хүний нөөцийг нь сарниулж, улсын өмчийг эзэнгүйдүүлэх неолиберал бодлого хүчтэй хэрэгжив. Төрийн алба нь залгамж халаа бүхий тогтвортой  бодлоготой, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч ур чадвартай, ёс зүйтэй хүмүүсээр бүрдсэн ард  түмэнд үйлчлэх ам тангараг бүхий нийтийн алба байх байтал төрийн алба нь төрлийн алба болж, авлигал, хээл хахуульд баригдан, ур чадваргүй хүмүүсээр дүүрч, хүнд сурталд  баригдсан, ой санамж муутай, олон нийтийн эрх ашигт үйлчлэх чадамжгүй алба болов. Энэ  мэтээр ардчилал нэрийн доор хэрэгжүүлсэн неолиберал маягийн засаглалын үр дүнд "улсын өмч", "төрийн, нийтийн өмч", "нийтийн эзэмшлийн" гэх тодотголтой нийт ард иргэдээрээ үр  шимийг нь хүртэх учиртай баялаг эзэнгүйрч, хулгайлагдаж, алдагдав. Тэгвэл улс, нийтийн  өмч гэж чухам ямар өмч болохыг тодруулъя.  

Улсын, нийтийн өмч гэж юу вэ? Барууны нэршлээр "public good" "common good" буюу манай нэршлээр "төрийн, нийтийн өмч" гэдэг нь ард түмэн нийтээрээ үр шимийг нь хүртэж, хэрэглэж болдог, хэсэг бүлгийн хэрэгцээгээр хязгаарлагдах боломжгүй, хэрэглэж  ашиглахын тулд бусадтай өрсөлдөх шаардлагагүй юмс, нэг үгээр хэлбэл ард олноороо  хэрэглэж болох нийтийн баялгийг хэлдэг. Улс орны батлан хамгаалах, боловсрол, шинжлэх  ухаан, нийгмийн эрүүл мэнд, соёлын өв дурсгал, хувийн эзэмшилд байгаагаас бусад газар,  газрын баялаг, байгаль орчин, дэд бүтэц нь Монгол улсын иргэдэд нийтэд нь үйлчлэх,  нийтээрээ үр шимийг хүртэх нийтийн баялаг юм. Тийм учраас энэхүү баялгийг зөв зохистой  удирдах, хамгаалах зардлыг бүрдүүлэх үүднээс бид улсад татвар төлдөг. Жишээ нь дэд  бүтцийн нэг болсон замыг хүн бүр нээлттэй дундаа хэрэглэдэг. Харин үүний нөгөө талд  зөвхөн зах зээл дэх үнээр өрсөлдөн худалдаж авч, өмчилж, зарж борлуулах эд зүйлс, бараа  таваар, үйлчилгээ байх бөгөөд үүнийг бид хувийн өмч гэнэ.

Ийм бараа, таваарлаг хэрэглээний зүйлсэд чөлөөт зах зээл бүрэн утгаараа үйлчилнэ, харин нийтийн өмчид зах  зээлийн зарчим төдийлөн үйлчлэхгүй. Нийтийн баялгийг хэн нэгэн өрсөлдөж худалдаж  аваад, хязгаарлаад, зөвхөн өөрөө хэрэглээд эсвэл зарах боломжгүй юм. Энэ нь бүх зүйл зах  зээлийн зарчмаар шийдэгдэхгүй болохыг харуулна. Жишээ нь шинжлэх ухааныг, батлан  хамгаалахыг хүн худалдан авч, борлуулж, өмчлөх аргагүй. Нийтийн боловсролыг мөн адил.  Батлан хамгаалах, шүүх засаглал сайн байвал улс орон амгалан, шинжлэх ухаан, чанартай боловсрол олон нийтэд нээлттэй байвал нийтээрээ боловсорч, хөдөлмөрийн бүтээмж  дээшилж, үүний үр шимийг ард олноороо хүртдэг нийтийн баялаг юм.

Мэдээж нийтийн  өмчийг бүгд дундаа эзэмшдэг учраас татвар төлөхгүйгээр ашигладаг завшигчид, мөн  дундынх учраас сайн төрийн албагүй бол эзэнгүйдэх, ариглаж хамгаалахгүй байх асуудал  гардаг. Гэвч энэ нь бүх зүйлийг хувьчилж байж шийдэгдэнэ гэсэн үг биш юм. Дэлхийд  нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө цойлж буй Скандинавын орнууд болон Сингапурыг харахад ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэйн зэрэгцээ нийгмийн хамгааллын хүчтэй  зүүн төвийн бодлогоор улсын, нийтийн өмчийг хамгаалдаг тэнцвэртэй тогтолцоотой  болохыг бид харж болно. 

Төрийн өмч үү, олон нийтийн өмч үү? Энэхүү нийтийн баялгийг буюу англиар "public good" "common good"-ийг манай хуулинд “төрийн, нийтийн өмч” гэж нэрлэсэн нь төдийлөн оновчтой утгыг илэрхийлэхгүй мэт. Ялангуяа төрийн гэсэн үгийг нэмсэн байгаа нь  үнэндээ шаардлагагүй юм, яагаад гэвэл төр нь олон нийтээс буюу ард түмнээс тусдаа биш юм. Төрийн гэсэн үг нэмснээр эрх баригч нам төр барихдаа улсын, нийтийн өмчийг намын  өмч мэт захиран зарцуулдаг асуудал газар авч байна. Өөрөөр хэлбэл, ард түмний татварын  мөнгөөр ажиллаж буй төрийн алба олон нийтийн эрх ашгийн өмнөөс ажиллахын оронд  төрийн эрх барих нам, түүнийг атгасан хэсэг бүлгийн сонирхолд үйлчилж байна. Улмаар  намын нэрээр хэсэг бүлэг, түүний цаадах хэдэн толгойлогчдын өмч болгон ашиглах үйл явц  өрнөж, ард түмний баялаг үрэгдэж байна. Төрийн гэхийн оронд улс, нийтийн өмч гэвэл илүү зохилтой. Улс, нийтийн өмч гэсэн ерөнхий нэрийн доор төрийн захиргааны байгууллагын  өмч, орон нутгийн өмч, улсын сургуулийн өмч гэхчлэн ялгаж явахад болохоор мэт.

Улс, нийтийн өмчийг хэн хамгаалж, удирдах вэ? Бидний ард түмний баялаг болсон  улс, нийтийн өмчийг удирдах эрх нь Улсын их хуралд байх бөгөөд УИХ-ын гишүүд гэдэг нь  Монголын ард түмний баялаг, нийтийн өмчийг хамгаалж, удирдан зохион байгуулах гэж ард  түмэн дундаасаа сонгон томилж, итгэл хүлээлгэсэн ард түмний төлөөлөл, ард түмэнд  үйлчлэхээр ажиллаж байгаа төрийн үйлчлэгчид юм. Гэтэл нийтийн эрх ашиг, нийтийн  өмчийг хамгаалах гэж сонгогдсон УИХ-ын гишүүдийн ихэнх нь нийтийн эрх ашигт бус  намын, хувийн болон хэсэг бүлгийн явцуу эрх ашигт үйлчилж байгаа нь нийтийн өмч,  нийтийн алба, ард түмний баялаг эзэнгүй болох үндэс болж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эзэнгүй зүйл яах вэ? Алдагдана, хулгайлагдана, шамшигдана, үгүй болно. “Төрийн мөнгө уйлдаггүй” гэсэн үг хүртэл гарсан. Төр хамгийн том худалдан авагч  боловч төр эзэнгүй учраас төрийн өмч хөрөнгийг зувчуулахад хэн ч араас нь хариуцлага  тооцохгүй байгааг, төрийн хяналт, хууль төдийлөн үйлчлэхгүй байгааг илэрхийлнэ. Саяхны  жишээ дурдахад хувийн компани олон нийтийн өмчид төрийн зөвшөөрөлтэйгөөр халдаж,  үерийн даланг сэтлэн объект барьсан байгаа нь нийтийн эрх ашгийг уландаа гишгэж байгааг, мөн төрийн байгууллага олон нийтийн эрх ашгийн өмнөөс ажиллах чадамжгүй болсныг  харуулав. Хотоороо үерт автаж байж сая нийтийн өмчийг хамгаалахгүй бол олон нийтэд илүү  том аюулыг авчрах эрсдэл нүүрлэж байгааг дөнгөж нэг ойлгов.

Энэ байдлаар бол нийтийн  эзэмшлийн газарт авлигал аван лиценз өгч, байшин бариулсан албан тушаалтныг болон нийтийн эзэмшилд халдсан хувийн өмчтөнийг шийтгэх шударга шүүх манайд байгаа эсэх нь  эргэлзээтэй. Тухайн нийтийн эзэмшлийг зөрчиж барьсан байшинг нураах шийдвэр гаргах  тохиолдолд төр лицензээ өгсөн учраас байшин барьсан, нураалгасан зардлыг улсаас гаргаж,  захиалга өгсөн хүмүүс улсаас мөнгөө гаргуулж, газар олгосон албан тушаалтан нь авлигал өгөөд шүүхээс мултарч, шүүгч авлигалаа авч, тиймээс араас нь нэхэж уйлах хүн хэн ч  гарахгүй тэгсхийгээд мартагдах эрсдэлтэй байна.

Уг нь нийтийн эрх ашгийг хамгаалж ийм  асуудлыг л шийдэх гэж УИХ, засгийн газар, төрийн алба ажилладаг. Нийтийн эрх ашгийг хамгаал гэж ард түмэн татвар төлдөг, энэ логикоор бодвол тэдний эрх ашгийг хамгаалж  чадахгүй байгаа төрийн эрхийг барьж буй засгийн газар түүний удирдлагад буй төрийн  албанаас хариуцлага нэхэх эрх ард түмэнд уг нь бий боловч, авлигалч төрийн өмнө ард түмэн  хүчин мөхсдөх байдалтай байна. 

Бид неолиберализмыг дагасаар байх уу? Манайд хэрэгжүүлж байгаа неолиберализм нь олон зууны настай хөрөнгөтөн орнуудын хөрсөн дээрх неолиберализмаас тэс өөр. Баруунд наад зах нь шүүхийн бие даасан байдал хүчтэй, зүүн баруун төвийн  бодлогууд нь илүү тэнцвэртэй хэрэгждэг, меритийн зарчим ажилладаг учраас тэднийд  байгаа неолиберализмын нөхцөл байдал манайхаас тэс өөр нь ойлгомжтой. Манайд  хэрэгжүүлж байгаа неолиберализм нь хуучин социалист орны хөрсөн дээр цочир  хэрэгжүүлсэн “коммунизмтай мутацлагдсан неолиберализм” гэлтэй.

Судлаач Л.Мөнх Эрдэнэ энэхүү коммунизмжсан неолиберал шилжилтийг “коммунист дэглэм нь иргэдийг  гэмт халдлага, аюул ослоос хамгаалж, хууль сахиулах үүрэг бүхий шөнийн манаачийн үүрэг гүйцэтгэгч төр байдлаар дахин сэргэсэн бол коммунист номенклатур нь олигархуудын эрх мэдэлт засаг болон хувирч дүрээ өөрчилсөн байна” хэмээн онцолсон байна. Мөн өнөөдрийн тогтолцоог мөнгөний төлөөх улс төр, бизнесийн бүлэглэлийн “цөөнхийн” “олигархийн”, “феодалын”, “кроний” “хуурамч капитализм” “зэрлэг капитализм” ч гэж зарим нь тодорхойлсон байна.

“Зэрлэг капитализм” гэдэг нь капиталист нийгмийг байгуулахад эхэн  үедээ капитализмын төлөвшөөгүй үе шатыг туулдаг, энэ үеэ даваад тууштай яваад байвал  төгөлдөржсөн капитализм гэгч рүү орно гэж еволюцийн маягийн тайлбар өгдөг хэсэг ч байх. Хуучин соц орнуудын нийгмийн өөрчлөлт шилжилт нь неолиберал эдийн засагчдын  төсөөлсөн шиг зүгээр нэг бэлэн жороор өөрчлөгдчихдөг энгийн үзэгдэл байсангүй, харин соц орнууд өөрсдийн нөхцөл байдалд тохирох зам мөрийг өөрсдөө бүтээх байсныг  сүүлийн 30 жилийн уналтууд харуулна.  

Нийтийн өмчийг ч, хувийн өмчийг ч аль алиныг нь тэнцвэртэй барих төв түвшин төр  өнөөдөр бидэнд байна уу? Ардчилсан гэх, баруун төвийн үзэлтнүүд нь хувьчлал, чөлөөт зах  зээл гээд хэт туйлширчих нь, харин зүүн төвийнхөн нь нийтийн өмчийг хамгаалах чигтэй  гэх хэр нь төрийн нэрийг барьсан улсын хулгайчдаасаа салах нь байтугай, хамгаалаад байхаар алинд нь ч найдах эцэсгүй. Хамгийн том парадокс нь ард түмэн нэг талд нь хувийн  бизнесийг хөгжүүлэхийн тулд төрийг багасга, төсвийг тана, төр том байна гэх зэргээр  төрийн хяналтыг багасгаж эзэнгүйдүүлэх неолиберал үзэл суртлын туйлшрагчидтай тулгарна. Тэдний зоргоор явбал хэдхэн хөрөнгөтөн, хэдэн сая ядуучуудтай үлдээд, эцэстээ  үндэстэн дамнасан акулуудын аманд улсаараа орохоос аргагүй байдалд хүрч мэднэ. Гэтэл  нөгөө талд улс, нийтийн өмчөө хамгаалахын тулд төрөө хүчтэй болгоё гэхээр төрийн  нэрийг барьсан улсын хулгайд шүүх засаглал нь үйлчлэхгүй, эргээд улсаа худалдахаас ч  сийхгүй нөгөө л хэдхэн нөхдөд баялаг хуваарилагдаж, ямар ч ялгаагүй тул ард түмэн арга  мухардах байдалтай байна. Сонгууль нь “сонго, уйл” болж, ард түмний төрд итгэх итгэл  алдарсаар. Тэгвэл Монголын ард түмэнд одоо ямар сонголт үлдэв?  

Бага хаадын тэмцлээр хагарсан 400 жил, Манжтай сүлбэлдэж тарсан 300 жил, Оросыг дагаж хэлмэгдсэн 70 жил, барууныг дагаж бадар барьсан 30 жилээс бид юу ухаарав? Одоо бид өөрийн толгойгоор явах болоогүй юу? Баруун тэр чигтээ неолиберализмыг шүүмжилж, шинэ гарц гаргалгааг эрэлхийлж, нэг талдаа үзэл санааны гацаанд орчхоод байхад бид өнөөх л байдлаараа бусдыг дагаж манаргасаар. Баруунаас суралцах зүйл мэдээж их, гэхдээ энэ нь барууныг сохроор дагахын нэр биш юм.

Саруул ухаант Монгол хүн Монголын баялаг. Одоо бидэнд түмэн олноороо нэгдэж, цаашдаа өөрийн гэсэн үнэт зүйл, зарчимд тулгуурласан зам мөрөөр хэрхэн замнахаа хамтдаа эрэлхийлж, хэлэлцэж, ухаанаа уралдуулж, шийдэх л сонголт үлдлээ.