Украины агаарын цохилтоос үүдэлтэй Оросын шатахууны хямрал Төв Азийн орнуудад нөлөөлж эхэлжээ
Украины агаарын цохилтоос үүдэлтэй Оросын бензин шатахууны хямрал хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудад янз бүрээр нөлөөлж эхэлжээ.
Тухайлбал Казахстан улсад хил залгаа Оросын бүс нутгуудаас зөвхөн бензин авах гэсэн жуулчид олноор ирэх болсон байна.
Тавдугаар сарын сүүлээр тус улсын засгийн газар бензиний экспортыг хориглосон ч Орос руу нөөцийн сав, автомашинаар шатахуун хулгайгаар авч гарах гэсэн хэдэн зуун оролдлого гарсан нь хил хамгаалалтын албаны тайланд бүртгэгджээ.
Гэвч дэлхийн хоёр дахь хамгийн урт хуурай газрын хилийн 7,644 км урт шугамыг ийм оролдлогоос хамгаалахад хэцүү байгаа гэнэ.
“Хил дагуу битүү контрбанд болсон” гэж Алматы хотын бизнесмэн Тимур овгоо нууцлах нөхцөлтэйгөөр Альжазира сувагт ярьжээ.
Хэдийгээр Зөвлөлтийн үеийн гурван аварга том боловсруулах үйлдвэртэй ч Казахстан улсад энэ оны эхнээс бензиний үнэ 15.6 хувиар өссөнийг долдугаар сарын 10-нд дотоодын эх сурвалж мэдээлж байв.
Төв Азийн орнуудаас Оросын шатахууны хямралыг хамгийн их мэдэрч байгаа нь Киргизстан, Тажикистан улсууд болжээ.
Эдгээр улсууд шатахууныхаа 90 хүртэл хувийг Оросоос импортолдог.
Баруун өмнөд Сибирийн Омск хот дахь Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр дээрх хоёр улсын гол нийлүүлэгч байжээ.
Гэвч долдугаар сарын эхээр уг үйлдвэр Украины агаарын цохилтод өртсөнөөр үйл ажиллагаа нь зогссон юм.
Тухайн үед Киргизстаны эрх баригчид бензиний үнийг зохицуулах арга хэмжээ авч, хөрш зэргэлдээ хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас тусламж гуйж байв.
Киргизийн мэргэжилтнүүд Омскийн үйлдвэрийн зогсолт хэдэн сар, бүр хэдэн жилээр ч үргэлжилж магадгүйг анхааруулжээ.
“Газрын тосны үйлдвэрийн тоног төхөөрөмж бол онлайн дэлгүүрээс, эсвэл супермаркетаас авдаг юм биш. Тиймээс хомсдол удаан хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон” гэж тус улсын эрчим хүчний эксперт Олжас Байдилдинов хэвлэлд ярьсан байна.
Энэ сарын дундуур Киргизстаны эрх баригчид бензин шатахууны үнийг тогтворжуулахад $11.4 саяыг зарцуулаад байгаагаа мэдээлж байв.
Дотоод хэрэгцээнийхээ бензин шатахууны дөнгөж 0.5 хувийг үйлдвэрлэдэг Тажикистанд нөхцөл байдал бүр хүнд байна.
Одоо тус улсад нэг автомашинд 20 литрээс илүүг өгөхгүй гэсэн хязгаарлалт үйлчилж байгаа.
Тажикистаны эрх баригчид саяхан хөрш Иран улсаас 2.5 сая тонн газрын тос, бензин, түлш авах гэрээ байгуулсан бол Хятадын төрийн өмчит China National Petroleum Corporation компанитай хамтран газрын тосны хайгуулаа эрчимжүүлжээ.
Энэ оны сүүлээр тэд хайгуулынхаа үр дүнг танилцуулах юм байна.
“Тухайн үед бид хаана өрөмдөж эхлэхээ шийдэх болно” гэж Тажикистаны ахлах геологич Илхомжон Оймухаммадзода долдугаар сарын эхээр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлж байжээ.
Төв Азийн таван улсаас хамгийн том зах зээлтэй, 39 сая орчим хүн амтай Узбекистан улсын хувьд шатахууны хэрэгцээнийхээ гуравны хоёрыг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь Оросоос импортолдог.
Шинэ хямрал тус улсыг стратегийн нөөц бүрдүүлэх зорилт тавихад хүргэжээ. “Бид шатахууны хангалттай нөөц бүрдүүлсэн, ирэх намар, өвлийг хэрхэн давах төлөвлөгөө бий. Хоёроос гурван сарын нөөц хангалттай бүрдүүлснийг би баталгаатай хэлж чадна” гэж тус улсын эрчим хүчний дэд сайд Умид Мамадаминов өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж байв.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
