Оросын онлайн худалдааны хоёр дахь том компанийн агуулахууд нэг шөнийн дотор Украины агаарын цохилтод өртлөө
Даваа гарагийн шөнө Оросын онлайн худалдааны хоёр дахь том компанийн агуулахууд Украины агаарын цохилтод өртжээ.
Тухайлбал Краснодар, Дагестан, Ставрополь, Адыгей зэрэг Оросын өмнөд бүс нутагт байрладаг ложистикийн байгууламжууд нэг шөнийн дотор халдлагад өртөн шатаж, хэд хэдэн хүн шархадсаныг Ozon компани мэдээлсэн байна.
Өмнө нь Украины тал нэг сар гаруй хугацаанд Оросын зэвсэгт хүчинд цэргийн тоног хэрэгсэл, дрон үйлдвэрлэх эд анги нийлүүлдэг гэсэн үндэслэлээр Wildberries онлайн худалдааны аварга компанийн байгууламжуудад довтолж байсан бол саяхнаас түүний гол өрсөлдөгч Ozon компанийг онилох болсон юм.
Даваа гарагт орон нутгийн цагаар 05:00 цагийн үед Украины нисгэгчгүй онгоцнууд Дагестаны нийслэл Махачкала хот дахь Ozon компанийн ложистикийн төвийг шатаажээ.
Үүний өмнөхөн Дагестанаас зүүн зүгт 700 км-ийн зайд оршдог Краснодар хотын ложистикийн төв бас галд автсан тухай мэдээ ирсэн юм.
ОХУ-ын батлан хамгаалах яам Краснодар хотод болсон халдлагын улмаас гурван хүүхдийн амь үрэгдсэнийг мэдээлжээ. Оросын хүүхдийн эрхийн комиссын тэргүүн Мария Львова-Белова тэдний насыг 13, 15, 16 гэж мэдээлсэн байна.
Краснодар, Дагестанаас гадна Адыгей мужийн Адыгейск, Ставрополь мужийн Невинномысск хотууд дахь Ozon компанийн ложистикийн төвүүдээс ажилчдыг нүүлгэн шилжүүлжээ.
Үүнтэй холбоотойгоор Даваа гарагийн өглөө Москвагийн хөрөнгийн бирж дээр Ozon компанийн хувьцааны ханш 12 хувиар, түүний томоохон хувьцаа эзэмшигч AFK Sistema компанийн хувьцааны ханш 13 хувиар тус тус унасан байна.
Өнгөрсөн Бямба гарагт Самара муж дахь Ozon компанийн агуулах Украины агаарын цохилтод анх удаа өртсөн юм.
Тухайн үед Украины батлан хамгаалах яам “Давхар хэрэглээний бараа хадгалах төвүүдэд системчилсэн цохилт өгөх нь дайсны ложистикийг хүндрүүлж, Оросын эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж байна. Украины нисгэгчгүй онгоцны ангиуд Wildberries компанийн хамгийн том 15 ложистикийн төвд халдсаны дараа Ozon-ий ээлж ирлээ” гэж мэдэгджээ.
Даваа гарагт Украин улс бас Оросын агаарын цохилтоос хохирол амссан байна.
Тухайлбал Одесса мужид нэг шөнийн дотор хүнсний агуулах болон эрчим хүчний дэд бүтэц агаарын цохилтод өртсөний улмаас таван хүн шархадсаныг орон нутгийн засаг захиргааны тэргүүн Олег Кипер сошиал хуудсаараа мэдээлжээ.
1998 онд үүсгэн байгуулагдсан Ozon нь Оросын анхны онлайн худалдааны платформуудын нэг юм. Одоо тус компани цар хүрээний хувьд Wildberries компанийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг.
Хоёр компанийн аль алины лого Орос даяар бараа хүлээж авах цэгүүд, хүргэлтийн хайрцгууд дээр ихэвчлэн хамтдаа харагддаг юм.
“Оросын Амазон” гэгддэг эдгээр компаниудын платформыг Оросын эдийн засгийн идэвхтэй хүн амын 85-90 хувь ашигладаг гэсэн тоо бий.
Тиймээс эдгээрийг онилсон Украины агаарын довтолгоонууд дайны хор хөнөөлийг Оросын энгийн иргэдэд улам их мэдрүүлэх болсон гэдэг.
Амазоноос ялгаатай нь Wildberries болон Ozon нь өөрөө бараа зардаггүй, харин гуравдагч бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, түгээх, төлбөр тооцоог гүйцэтгэх платформ болон ашиглагддаг. Тиймээс энэ хоёр компанид учирсан хохирлын ихэнх хэсгийг жижиг бизнесүүд үүрч байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
