Оюу толгой үйлдвэр дотоодын эх үүсвэрээс сэргээгдэх эрчим хүч авна
Улаанбаатар хот, Монгол Улс. Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлаар (СOP17) уул уурхайн салбарын төр, хувийн хэвшлийн тэргүүлэгчид газрын тогтвортой байдлыг хангахын төлөө хэрхэн хувь нэмэр оруулахаа хэлэлцлээ.
Энэ үеэр Рио Тинто, Эрдэнэс Оюу Толгой, Оюу толгой компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, арвижуулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах цогц санаачилгуудаа эрчимжүүлэхээ зарлалаа.
1. Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжинэ
Оюу толгой үйлдвэр нь цахилгаан эрчим хүчний хэрэгцээний тодорхой хэсгийг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангах замаар Монгол Улсын эрчим хүчний шилжилтэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Энэ хүрээнд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтыг урагшлуулахад түлхэц үзүүлэх боломжтой бөгөөд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай, ногоон эдийн засагт шилжих үйл явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөжийг бий болгох боломжтой юм.
2. Газрын доройтлыг бууруулах санаачилга хэрэгжүүлнэ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компанийн санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэн, биологийн олон янз байдал, экосистемийн тэсвэртэй байдал, нүүрстөрөгчийн шингээлтийн боломжууд болон орон нутгийн иргэдэд чиглэсэн үр өгөөжийг нэмэгдүүлэх илүү өргөн хүрээний газрын нөхөн сэргээлтийн цогц хөтөлбөр болгон хөгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал,
- Говийн бүсэд цөлжилттэй тэмцэх, экосистемийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор 5,000 га хүртэл талбайг хамарсан загийн ойжуулалт хийнэ.
- Монгол Улсын хойд болон төвийн бүсэд тус бүр ойролцоогоор 10,000 га талбай хамарсан ойг нөхөн сэргээх гурван төсөл хэрэгжүүлэх боломж судалж, нүүрстөрөгчийн шингээлтийг хэмжигдэхүйц үр дүнд хүрэх боломжтой байдлаар хөгжүүлэхээр ажиллана.
- Орон нутгийн иргэдийн тарьж ургуулсан мод, ойг урт хугацаанд хамгаалж, арчлан ургуулахад чиглэсэн, санхүүгийн урамшууллын тогтолцоог бий болгож, иргэдийн оролцоонд суурилсан тогтвортой ойжуулалтын загварыг хэрэгжүүлнэ.
3. Үндэсний усны аюулгүй байдалд хувь нэмэр оруулах санаачилга хэрэгжүүлнэ
Энэхүү санаачилга нь шинжлэх ухаан, инновац болон усны нөөцийн хамтын удирдлагад тулгуурлан Монгол Улсын урт хугацааны усны тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэнэ. Тухайлбал,
- Газар доорх усыг нэмэгдүүлэх зорилгоор ус агуулагч үе давхаргыг зориудаар арвижуулах (managed aquifer recharge) чиглэлийн туршилт, эрдэм шинжилгээний ажлуудыг дэмжин эрчимжүүлнэ.
- Хурын ус хуримтлуулах замаар гадаргын усны экосистемийг сэргээх боломжуудыг судалж, туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ.
- Говийн бүсийн газар доорх усны нөөц, чанарын судалгаа хийнэ.
Энэ талаар Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кэйти Жаксон "Эдгээр ажлууд нь Рио Тинтогийн Монгол Улс дахь бат бөх түншлэл, Оюу толгойгоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдэх үнэ цэнийг бүтээх нийтлэг зорилгын илэрхийлэл юм. Бид эрчим хүчний шилжилтийг урагшлуулж, газар нутаг, ус байгалиа хамгаалан хадгалахад дэмжлэг үзүүлэн, улс орны хэмжээнд үр дүнтэй ажлууд хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Өнөөдөр өгсөн амлалтуудаараа ойрын таван жилд хэмжигдэхүйц үр дүн гарган олон арван жилд үргэлжлэх эерэг өөрчлөлтийн суурийг тавихыг зорьж байна” гэв.
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн “Хувьцаа эзэмшигчийн хувьд бид “Оюу толгой” компанийн эрчим хүчний шилжилт, усны нөөцийн хамгаалалт, газрын нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг төрийн бодлого, хөгжлийн зорилттой уялдуулан Монгол Улсад илүү үр өгөөжтэй байхад анхаарал хандуулан ажиллаж байна. Цаашид байгаль орчин, нийгмийн хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын бодит үр дүн, ирээдүйд үзүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллах болно” гэв.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал нь манай үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг юм. Бид байгалийн унаган төрхийг нөхөн сэргээх, ойжуулалтыг дэмжих замаар ойн салбарт хөрөнгө оруулж, усны нөөц ба чанарыг сайжруулахад анхааран ажилладаг. Энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, дотоодоосоо сэргээгдэх эрчим хүчийг худалдан авч Оюу толгой уурхайн үйлдвэрлэлдээ ашиглах ажиллагаагаа улам өргөжүүлэн, эрчимжүүлнэ” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
