Сири улсыг АНУ терроризмыг дэмжигч орнуудын хар жагсаалтаасаа хаслаа
Даваа гарагт Трампын засаг захиргаа Сири улсыг терроризмыг дэмжигч орнуудын хар жагсаалтаасаа хасах шийдвэр гаргажээ.
Уг жагсаалтад орсноороо Сири улс олон арван жилийн турш гадаадын хөрөнгө оруулалт авахад саад бэрхшээлтэй тулгарч байсан юм.
Сирийг хассанаар Куба, Иран, Умард Солонгос гурав уг жагсаалтад үлдэж байна.
“Өнөөдрийн арга хэмжээ нь улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд Сири улсыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих болно” гэж АНУ-ын сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.
“Энэхүү арга хэмжээ нь Сирийг олон улсын терроризмоос бүрэн ангижруулах ерөнхийлөгч Ахмед аль-Шараагийн засгийн газрын нааштай алхмууд, цаашид хүлээх үүргийг хүлээн зөвшөөрч буйн илрэл юм” гэж төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Сирийн төв банкны ерөнхийлөгч уг арга хэмжээг “түүхэн алхам” гэж сайшаажээ.
“Сири улсыг терроризмыг ивээн тэтгэгч улс гэж нэрлэхээ больж буй нь тус улсыг дэлхийн эдийн засгийн системд жам ёсны байр сууриа сэргээхэд туслах түүхэн алхам юм” гэж Сафват Раслан мэдэгдсэн юм.
Өнгөрсөн сард Туркийн Анкара хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний чуулганы үеэр Сирийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ийм алхам удахгүй хийх гэж байгааг анх зарлаж байв.
Шараа бол 2024 онд хагас зууны турш төмөр нударгаар Сирийг захирсан Ассадын гэр бүлийн дэглэмийг түлхэн унагасныхаа дараа улс орноо нэгтгэгчийн дүрийг бүтээхийг эрмэлзэж буй хуучин жихадист юм.
1979 онд тухайн үеийн ерөнхийлөгч Хафез аль-Ассадын засгийн газар алан хядагч зэвсэгт бүлэглэлүүдийг дэмждэг гэсэн үндэслэлээр Сири улс АНУ-ын хар жагсаалтад орж байжээ.
Энэ нэршил Хафезын хүү Башар аль-Ассадын засаглалын үед ч үргэлжилсэн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
