АНУ түүхэндээ хамгийн олон буюу 200,000 гадаадын иргэний визийг нэг дор цуцлахаар төлөвлөж байна
Трампын засаг захиргаа АНУ-аас орогнол хүсэж байсан буюу одоо хүсээд байгаа гадаадын 200,000 иргэний бизнесийн болон аялал жуулчлалын визийг хүчингүй болгохоор төлөвлөжээ.
Хэрвээ энэ алхам хэрэгжвэл энэ нь АНУ-ын түүхэнд нэг дор хамгийн олон виз цуцалсан тохиолдол болох ба хууль эрх зүйн маргаантай тулгарах өндөр магадлалтай байна.
Албаны эх сурвалжуудын мэдээлснээр төрийн департамент ирэх өдрүүдэд орогнол хүсэж байсан болон одоо хүсээд байгаа гадаадын иргэдийн 2016-2026 онуудын хооронд олгогдсон B1, B2 ангиллын визүүдийг хүчингүй болгох гэнэ.
Уг арга хэмжээг АНУ-ын дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулах ажээ.
“Бид АНУ-д богино хугацааны зочин гэж мэдэгдэж ирсэн боловч дараа нь байнга оршин суух орогнол хүссэн гадаадын иргэдийн цагаачлалаас бусад ангиллын визийг тодорхойлж, хүчингүй болгоход дотоод хэргийн яамтай хамтран ажиллах болно” гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш цагаачлалын асуудалд ихээхэн анхаарал хандуулж, гадаадын иргэдийн виз олголтын шаардлагыг чангатгах, хязгаарлах арга хэмжээнүүдийг дараалан хэрэгжүүлж байгаа.
“АНУ-ын болон дэлхийн олон орны иргэд хуурамч орогнол хүсэгчдээс залхаж байна. Орогнол нь цагаачлалын хуулийг тойрч гарах цоорхой байх ёсгүй” гэж төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау өчигдөр сошиал хуудсандаа бичжээ.
Сүүлийн 18 сарын хугацаанд төрийн департамент согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос эхлээд хүчин, хулгай дээрэм зэрэг гэмт хэрэгт буруутгагдсан, яллагдсан, эсвэл АНУ-ын бодлогыг, ялангуяа Ойрх Дорнод явуулж буй бодлогыг олон нийтийн өмнө шүүмжилсэн гэх мэт хүмүүсийн 175,000 орчим визийг цуцлаад байгаа.
АНУ-ын иргэний харьяалал, цагаачлалын албанаас орогнол хүсэлтийн мэдээллийг авсныхаа дараа төрийн департамент B1, B2 виз эзэмшигчдийн мэдээлэлтэй тулган шалгаж эхлэх юм байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
