Буруутан бус шийдэл хайсан говийн усны түүх

Өмнө нь Ханбогд сумын малчид худаг, усны асуудлаар удаа дараа санаа зовниж буйгаа илэрхийлж санал хүсэлтээ ирүүлсээр байжээ. Энэ нь Оюу толгойн уурхайн үйл ажиллагаатай холбоотой юу гэсэн асуулт өнөөдөр ч олон нийтийн дунд яригддаг. Гэвч үнэхээр худгийн ус багассан уу, эсвэл бид бодит байдлыг ташаа ойлгож, бурууг нь уул уурхайгаас хайж байсан хэрэг үү? Энэ асуултын хариуг баримтаар тайлбарлаж, асуудал хэрхэн шийдэлд хүрснийг харцгаая.                                                 Мэдээллийг бэлтгэсэн: IKON.MN М.Батчимэг 

Орон нутгийн иргэдийн зүгээс өмнө нь худгийн усны түвшин буурах, ундарга багасах, шавхагдах зэрэг асуудал үүсэх үед уул уурхайг шууд буруутгадаг байсан бол харин одоо малчид өөрсдөө худгийн усандаа хяналт шинжилгээний хэмжилтийг тогтмол хийж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд шинэ худаг гаргах хүсэлтийг Оюу толгой үйлдвэрт тавьдаг болсон байна.

Эдгээр хүсэлтийн хүрээнд үйлдвэрийн зүгээс малчдын ундны болон малын усан хангамжийг сайжруулах хамтарсан хөтөлбөр, олон төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлсээр иржээ.

I

ЯЛГААГ ОЙЛГОХ НЬ
УУРХАЙ БОЛОН МАЛЧДЫН АШИГЛАЖ БУЙ УСНЫ ЯЛГАА
Уул уурхай говийн ундны усанд нөлөөлж байна уу?
Энэ асуултад хариулахын тулд эхлээд малчид болон уурхайн ашиглаж буй усны ялгааг ойлгох нь чухал юм. Ундны ус чанарын стандартын дагуу 1000 мг/л-ээс бага эрдэсжилттэй байх шаардлагатай. Ханбогд сумын малчид ихэвчлэн 5-50 метрийн гүнд байрлах, эрдэсжилт багатай, унданд тохиромжтой усыг ашигладаг.
Уг графикаас Ханбогд сумын малчдын худгийн дийлэнх нь 10 метр хүртэлх гүнд буйг харж болно.
Харин Оюу толгойн үйлдвэр нь 150-400 метрийн гүнд орших, тусдаа эх үүсвэртэй газрын доорх уст давхаргаас усаа авдаг. Энэ ус нь эрдэсжилт өндөр, өөрөөр хэлбэл 1000 мг/л-ээс 3-4 дахин өндөр тул унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй.
Өөрөөр хэлбэл, малчдын ашиглаж буй гар худаг болон уурхайн ашиглаж буй том өрөмдлөг худгийн ус давхаргууд хоорондоо шууд холбоо хамаарал байхгүй. Иймд уурхайн ус ашиглалт нь орон нутгийн малчид, мал амьтны ашигладаг дээд давхаргын усанд нөлөөлөхгүй юм
Оюу толгойн уурхайн ашиглаж буй усны орд орчмын “Булан”, “Шар дов” зэрэг малчдын худгуудад усны түвшин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй, тогтвортой байгааг уг графикаас харж болно.
II

ГАР ХУДГИЙН УС ЮУНААС БОЛЖ БАГАСДАГ ВЭ?
ГОВИЙН БАЙГАЛЬ, ЦАГ УУР БА ГАР ХУДГИЙН ОНЦЛОГ
ШАЛТГААН 1: БАЙГАЛИЙН ХАМААРАЛ
Малчдын гар худгийн ус багаж буй шалтгаан нь уул уурхай биш бол өөр ямар шалтгаан байж болох вэ гэдгийг ойлгохын тулд эхлээд говийн ундны ус болон байгаль цаг уурын өвөрмөц байр байдлыг ойлгох хэрэгтэй болно.
Ханбогд суманд 1976-2023 оны хугацаанд орсон хур тунадасны дунджаар үзвэл тус суманд жилд ердөө 98 мм хур тунадас унадаг аж. Түүнчлэн жилд дунджаар 10 хоног л цас ордог байна.
Гэтэл ууршилт нь орж буй хур тунадаснаас хэд дахин их буюу 2000 мм-ээс дээш байдаг аж.
Мөн говийн бүсэд хур тунадастай байх хугацаа маш богино буюу жилд 1 сар орчим байдаг нь гадаргын ус хуримтлагдаж нөөц бүрдэх боломж маш бага болохыг харуулж байна.
Иймд энэ бүс нутагт усан хангамжийн гол эх үүсвэр нь газрын доорх ус учир Ханбогд сумын иргэд, малчид хэрэглээний усаа гар болон технологийн, гүний гэсэн гурван төрлийн 600 гаруй худгаас хангаж байна.

Гэсэн ч газрын доорх усны түвшин ч мөн адил хур тунадасны хэмжээнээс шалтгаалж ихсэж багасаж байдаг байна.
Тодруулбал малчдын ашигладаг гар худгууд нь ихэвчлэн элс, хайргархаг хөрстэй, хур тунадасны усаар тэжээгддэг, түр зуурын урсац бүхий сайрын гольдрол даган байрладгийг уг зураглалаас харж болно. Ийм худгуудын ихэнх нь 2-4 метрийн гүнтэй байдаг аж.

Эдгээр гар худгуудын усны түвшин зун болж хур тунадас орохоор дээшилдэг. Өвөл, хавар буурдаг хэлбэлзэлтэй буюу усны түвшин нь байгалийн горимоороо өсөж буурч байдаг байна.
Байгалаас хамааралтай усны түвшний хэлбэлзлийг уг графикаас тодорхой харж болно. Хур тунадас ихтэй жилүүд болон зуны саруудад худгуудын усны түвшин нэмэгддэг бол олон жил дараалан хур тунадас багатай үед аажмаар буурч, удаан хугацаанд бага хэвээр хадгалагддаг байна.
Ханбогд сумын Жавхлант багийн 36 худагт 2024 онд хийсэн усны хяналт шинжилгээний үр дүнгээс:

2024 оны хавар, зун гантай, хур бороогүй байхад Ундайн сайрын дагуух болон сайр орчмын гар худгуудын усны түвшин бага байна. Харин есдүгээр сард бороо орсноор голын голдирол дагасан худгууд хөрсний усаар тэжээгдэн усны түвшин дээшилсэн.

Эх сурвалж: “Усны үнэ цэнэ, соёлын өөрчлөлт” /Судалгааны I шатны явцын тайлан/ 2025
Ханбогд сумын малчдын энгийн гар худаг


1. Малчдын энгийн гар худгууд нь сайран дээр байдаг учир үерт амархан урсдаг. Усны түвшин нь улирал цаг уураас хамааралтай.

2. Хашлага муу хийснээс болж нурдаг, мал амьтан орж унах аюултай.

3. Битүүмжлэл муу учир шороогоор дүүрдэг.

4. Худгийн ам хэт нам учир бохирдол амархан ордог зэрэг сул талуудтай байна.
ШАЛТГААН 2: МАЛЫН ТОО ТОЛГОЙ БА НҮҮДЛИЙН СОЁЛЫН ӨӨРЧЛӨЛТ
Сүүлийн жилүүдэд малчид уламжлалт гар аргаар буюу ховоогоор ус татах технологиос илүүтэй богино хугацаанд их ус татах арга болох бага хүчдэлт цахилгаан үүсгүүрийг нийтлэг ашигладаг болсон нь худгийн ус богино хугацаанд шавхагдахад хүргэж байжээ.

Түүнчлэн малчид урьд өмнөхөөс илүү суурин амьдралын хэв маягтай болсон. Өөрөөр хэлбэл малчид хаваржаа юм уу өвөлжөөндөө байшин барьж, илүү тогтвортой амьдрах болсон нь тухайн бууцны ойролцоох худгаас жилийн хугацаанд уух усны хэмжээ хэд дахин нэмэгдэж улмаар усны түвшинд сөргөөр нөлөөлөх болжээ.
Энэ талаар Ханбогд сумын Жавхлант багийн малчин Б.Эрдэнэбаяр:

Манайх 400 малтай байлаа гэхэд Бор тээгийн салаанд ирээд 10 намаржлаа, мэдээж ой савын тогтоол усан дээр худаг гаргаж байгаа. Тэр худгийн орчмын ус ундраад ирэхээр нүүгээд явчихна, цаад Толгойн өвөлжөөнд нь очоод бууна. Намаржингаа Бор тээгийн ус хуримтлагдаад байж байна. Хавар нүүнэ, ингээд нүүгээд сэлгээд байдаг байсан энэ эргэлт зогсчихсон. Тэр Бор тээгийн жалганд буусан айл тэндээ олон жил болно. Ингэхээр бэлчээрийн даац, усны даац хүрэхгүй байгаа юм. Дээр нь хуучин нэг айл дунджаар 400 малтай байсан бол одоо бараг хамгийн багадаа 800 малтай, нүүдэл хийхээ болиод нэг газар дээрээ тогтчихсон.

Эх сурвалж: “Усны үнэ цэнэ, соёлын өөрчлөлт” /Судалгааны I шатны явцын тайлан/ 2025
ШАЛТГААН 3: ХУУЧИРСАН ГАР ХУДГААС ҮҮДЭЛТЭЙ ЗОХИОМОЛ ХОМСДОЛ
Дээрх байгалийн хамаарлыг малчид мэддэг хэдий ч гол асуудал нь усны нөөц байхгүйдээ биш хэт хуучирсан гар худагт байсан гэдгийг Оюу толгой үйлдвэрийн 2003 оноос хойш говийн бүсэд хийж буй усны хяналт шинжилгээний үр дүн харуулж байжээ.

Оюу толгой үйлдвэр нь усны хяналт шинжилгээний хөтөлбөрийг газрын доорх усны эрэл хайгуулын үе шатаас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд цооног, малчдын гар худаг, булаг зэрэгт тогтмол хяналт шинжилгээ хийж ирсэн байна. Уг урт хугацааны ажиглалтын үр дүн нь говийн экосистемийн онцлог шинж чанар, газрын доорх усны горим түүний онцлог шинж чанарыг тодорхойлох суурь болдог аж.

Өмнө нь тус хяналт шинжилгээнийхээ үр дүнг харахаар усны түвшин буураагүй, хүрэлцээтэй хэвээр байдаг ч малчид “Оюу толгойн ус ашиглалтаас болоод бидний худаг усгүй болчихлоо” гэх гомдлыг хэлсээр байсан байна.

Түүнчлэн 2019 оноос өмнө үерт автсан худгуудыг Оюу толгойн Орон нутгийн хэлтсээс байнга ухаж сэргээж өгдөг байсан ч дараа жилээс нь ахиад л үерт автчихдаг зэрэг асуудлууд давтагдаж үр дүн багатай байжээ.

Иймд үйлдвэрийн Байгаль орчны хэлтсээс усны хяналт шинжилгээг тасралтгүй урт хугацаанд хийсний үр дүнд малын тоо толгой өсөж, ашиглалтын ачаалал нэмэгдэн худгаас ус олборлох арга техник хөгжөөд байхад малчдын гар худгийн хийц, технологи шинэчлэгдээгүй хэвээр байгаад гол асуудал байгааг тогтоосон байна.

2018 онд Уйгарын хаант улсын Хар балгасын тууриас Монгол-Германы хамтарсан “Орхон” шинжилгээний анги одоо ч устайгаа байгаа 1200 жилийн өмнөх цэвэр усны худгийг олсон байна. Тухайн худгийн нарийн хийцлэлээс харахад одоогийн малчдын ашиглаж байгаа гар худаг хөгжих байтугай бүүр дордсон байдалтай байжээ.

Улмаар усны түвшин малчдын гар дээр сайжрахгүй байгаа нь худгийн инженерийн хийцлэл сайжраагүйтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрч худгийг сайжруулах санаачлага анх гарчээ.
III

ШИЙДЭЛ: ГАР ХУДГИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАСАН НЬ
ТЕХНОЛОГИЙН ХУДАГ, ЧАНДМАНЬ ТӨСӨЛ
Асуудлаа олсон учир олон зуун жилийн турш өвлөгдөн ирсэн малчдын уламжлалт гар худгийн давуу талууд дээр нь үндэслэж сул талуудыг нь сайжруулах боломж эрэлхийлэн хөгжүүлснээр Ханбогд сумын малчид илүү дэвшилтэд “Технологийн худаг”-тай болж ахиж усны асуудал гарч ирэхгүй, асуудал тулгарсан ч өөрсдөө шийдээд явах чадамжтай болжээ.
ТЕХНОЛОГИЙН ХУДАГ ГЭЖ ЮУ ВЭ?

Говийн гар худаг нь өрөмдлөг худгийг бодвол малчид өөрсдөө сэргээн засварлах боломжтой, зардал багатай түүнчлэн хур тунадаснаас тэжээгдэж байгаа учраас усны чанар нь маш цэнгэг байдаг зэргээрээ илүү давуу талтай байдаг байна. Иймд Оюу толгой үйлдвэрийн санхүүжилтээр 2022 оноос эхлэн доорх загварын дагуу Ханбогд сумын нутаг дэвсгэрт малчдын энгийн гар худгуудыг сайжруулан технологийн худгуудыг хийж эхэлжээ.
1. Ундарга буюу усны хүрэлцээтэй байдлыг сайжруулахын тулд сайрын сэвсгэр хурдасны ёроол хүртэл хөндлөн огтлолоор ухах.
2. Ус цуглуулах нөөцлүүрийн хэсгийг анх байснаас нь дөрөв дахин томсгосноор ус хуримтлуулах чадамж нэмэгдэж энгийн гар худгаас хоёроос гурав дахин их хэмжээний усыг хуримтлуулж чадах юм.

3. Ус хүлээн авах шүүрэлсэн бетон гольцоог ёроолоос эхлэн усны түвшин хүртэл суурилуулж ус дамжуулах хоолойгоор бетонон гольцоонуудыг холбон амсрын битүүмжлэлийг сайтар хийж бетон гольцооны гадна талаар угаасан хайргаар шүүр хийсний дараагаар буцаан булна.
3. Худгийн байшин болон үндсэн ус цуглуулах хэсгийг сайрын эрэг дээр хийснээр үерийн хүчтэй урсгалд худгийн ам дарагдахгүй, амархан бохирдохооргүй болсон байна.

4. Мал услах онгоцыг худгийн ус нөөцлөх үндсэн хэсгээс зайтай байрлуулснаар органик бохирдлоос сэргийлэх боломжтой. Худагт нарны толь, цэнэг хураагуур, усны нөөцийн сав байрлуулж ухаалаг системд суурилуулсан. Худгийн насосыг тодорхой цагийн давтамжтайгаар автоматаар ажиллуулах гэх мэт нэмэлт сайжруулалтыг хийсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн малчин А.Наранцэцэг:

Энэ хавар манай технологийн худгийн усны түвшин 1.5 метр орчимд байна. Мал ууж байсан ч тогтмол энэ хэмжээндээ л байдаг. Хажуугаар нь тарьсан ногоогоо хүртэл хангалттай усалж хүрээд байна. Маш их хэмжээний усыг татаад гаргаж ирж байгаа учир худгийн хувьд маш сайн. Бохирдуулахгүй байгаа учир усны хувьд ч сайн байна.

Эрт цагт говийнхон худаг гаргах газартаа Дүлцэнгийн элснээс чимх төдийг хийн лус савдгаа аргадан хүндэтгэж хөнддөг байсан гэдэг. Цаашид энэ худаг усаа авч явах залуучууд өөрсдийн дотоод сэтгэлдээ хайрлаж хамгаалж явбал байгаль ч үр өгөөжөө өгнө. Хайр гамгүй эдэлсэн юм бол удалгүй л дуусч алга болно. Одоо цагт бэлчээртээ биш усандаа тааруулж малаа малладаг болсон байна.
Оюу толгой үйлдвэр энэ онд Ханбогд сумын уг найман цэгт Технологийн худаг шинээр байгуулахаар төлөвлөжээ.
Худаг засварлах болон шинээр гаргах, нарны толь суурилуулах хүсэлтэй малчдын худгийг сонгохдоо Ханбогд сумын багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг байна.

Гүйцэтгэгчийг орон нутгийн жижиг байгууллагуудыг чадавхжуулах зорилгоор Оюу толгой үйлвэрээс жил бүр орон нутагт тендэрээр шалгаруулж сонгодог аж.
“Нарны эрчим хүчээр байнга ундрах булаг мэт худаг”
Чандмань эрдэнэ төсөл
2018-2019 он
Оюу толгой үйлдвэр нь “Технологийн худаг” төслөөс гадна Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогт-Овоо сумдын усан хангамж дутмаг, алслагдсан бэлчээрт геофизикийн хайгуул хийж, шинэ худаг гаргах, хуучин худгийг сэргээн засварлах замаар "Говийн Оюу" хөгжлийг дэмжих сангаар дамжуулан “Чандмань Эрдэнэ” төсөлд санхүүжилт олгожээ.

Малчдад худаг гаргаж өгөх шаардлагатай гэх шинжээчдийн дүгнэлтийн дагуу уг төслийн хүрээнд сангийн хөрөнгөөр:
• Зургаан худаг шинээр гаргаж
• Энгийн уурхайн 26 худгийг сэргээн засварлаж
• 45.5 мян/га бэлчээрийг шинээр усжуулж,
• 32.0 мян/га бэлчээрийг сэргээн усжуулан,
• Хүн ам, мал сүрэг, ан амьтаны бэлчээрийн нийт 52 хувийг усжуулж
• Худаг засварын мэргэшсэн, тоног төхөөрөмж бүхий бригадтай болж
• Төслийн үр шимийг дөрвөн сумын 1,485 малчин өрх, малчид хүртжээ.
Малчид өөрсдөө усны хяналт шинжилгээг хийдэг болсон
Түүнчлэн Ханбогд суманд малчид гар худгийнхаа усны хяналт шинжилгээг өөрсдөө хэмждэг болсон байна. Тодруулбал өнгөрсөн оны байдлаар “Мөнх ногоон галба” ТББ хамтран 84 малчидтай гэрээ хийж, тэдний ашиглаж буй худаг, зургаан уст цэг буюу булагт тогтмол гүний хэмжилт, эрдсийн шинжилгээ зэрэг усны чанарын хяналт шинжилгээг хийж гүйцэтгэж байгаа аж.

Ингэж малчид өөрсдөө усаа хянаснаар усны түвшний хэлбэлзэл, ундарга болон усны ширгэлт, тэжээгдэлт, эрдэсжилт зэргийг хянах, ширгэхээс хамгаалах, усны тухай үнэн зөв мэдээлэлтэй болох зэрэг ач холбогдолтой ажил болжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Засаг дарга М.Мягмаржав:

Миний хувьд төвд ажилтай хүн. Хээр худаг дээрээ суурилуулсан ухаалаг системийн ачаар худгаа зайнаас удирдаж заавал төвөөс 50 км явж малаа услах шаардлагагүй болсон.

Гар утсан дээрээсээ худгаа 360 камераараа хараад малаа усалчхаж байгаа юм. Энэ нь цаг хугацаанаас эхлээд эдийн засагт хүртэл хэмнэлттэй шийдэл болсон. Хүн бүл цөөтэй айл, малчдын ажлыг маш их хөнгөвчилж өгч байгаа юм.

"Гурван талт зөвлөл" байгуулагдсанаас хойш Оюу толгой үйлдвэрийн малчдад өгч буй хамгийн нэн тэргүүний тусламж нь худаг усны асуудлыг шийдсэн явдал юм. Жил болгон нэг багт 10 гаруй худгийг бий болгож байна. Ханбогд сумын малчин болгон үр шимийг нь хүртэж байна шүү дээ.
Оюу толгой үйлдвэр нь гадаргын ус нэн ховор, говь цөлийн өвөрмөц эко системтэй байршилд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ ч тус үйлдвэр бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр олон санал санаачлага төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн байдаг.

Оюу толгой үйлдвэрийн зүгээс малчдын усан хангамжийг сайжруулах чиглэлийн ажилд “Гурван талт зөвлөл”-д 4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт ба “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-д 3.4 тэрбум төгрөг олгоод байгаа юм байна.
Ханбогд суманд Оюу толгой үйлдвэрийн дэмжлэгтэйгээр 161 гар худгийг сэргээн засварлаж, гүнийн өрөмдлөгийн болон техологийн зориулалттай нийт 50 худаг зэрэг нийт 279 худаг бий болжээ.
Ханбогд сумын малчдын гар худгийн ус багасаж байна гэх асуудал олон жилийн турш уул уурхайтай холбогдон ойлгогдож ирсэн ч бодит баримт, урт хугацааны усны хяналт шинжилгээний үр дүн өөр дүр зургийг харуулж байна. Малчдын ашигладаг цэнгэг, бага гүний ус болон уурхайн ашигладаг эрдэсжилт өндөртэй гүний ус нь өөр өөр давхаргад байрладаг, хоорондоо шууд хамааралгүй эх үүсвэрүүд юм.

Харин гар худгийн усны түвшинд нөлөөлж буй гол хүчин зүйл нь говийн хатуу ширүүн уур амьсгал, хур тунадасны хэлбэлзэл, малын тоо толгойн өсөлт, нүүдлийн хэв маягийн өөрчлөлт, мөн олон жилийн турш шинэчлэгдээгүй гар худгийн хийц технологи байжээ. Өөрөөр хэлбэл, асуудал нь усны нөөц бүрэн шавхагдсанд бус, байгаа усыг үр ашигтай хуримтлуулж, зөв ашиглах инженерийн шийдэл дутмаг байсанд оршиж байв.
Энэ түүхийн хамгийн чухал сургамж нь говийн усны асуудлыг ойлгоход таамаг, хардлагаас илүү баримт, урт хугацааны хяналт шинжилгээ, орон нутгийн оролцоо, зөв инженерийн шийдэл хэрэгтэй гэдгийг харуулж буй явдал юм. Усны тухай маргааныг зөвхөн буруутан хайж бус, шинжлэх ухаан, хамтын ажиллагаа, бодит шийдлээр шийдэж болдгийг Оюу толгой үйлдвэр болон Ханбогдын малчдын туршлага нотолж байна.