Байцааг шинэ харагдуулахын тулд формальдегид хэрэглэдэг гэх мэдээллийн мөрөөр Хятадын эрх баригчид шалгаж эхэлжээ
Хүнсний худалдаачид байцааг шинэ харагдуулахын тулд формальдегид хэмээх бодис ашигладаг гэх мэдээллийн мөрөөр Хятадын эрх баригчид шалгаж эхэлжээ.
Саяхан сошиал орчинд байцааг ачааны автомашинд ачихаасаа өмнө уусмалд дүрж байгааг харуулсан дүрс бичлэг тарсан юм.
Тус улсын зүүн хойд бүсийн Хэбэй мужийн эрх баригчид уг бичлэг бодитой болохыг тогтоосон байна.
Байгаль орчны сэдвээр блог хөтөлдөг нэгэн хүн өнгөрсөн долоо хоногт уг бичлэгийг тараасан юм. Биологийн дээжийг шинээр хадгалахад ашигладаг өнгөгүй химийн бодис формальдегид нь хорт хавдар үүсгэх эрсдэлтэй тул Хятадад хүнсний бүтээгдэхүүнд ийм зорилгоор ашиглахыг хатуу хориглодог.
Хятад бол дэлхийн хамгийн том байцаа тариалагч бөгөөд ихэнхийг нь хөрш зэргэлдээ Азийн улс орнуудад экспортолдог.
Тус улсын төрийн төв хэвлэлийн мэдээлснээр дүрс бичлэгтэй холбоотой хүмүүсийг цагдаа нар баривчилж, хууль ёсны арга хэмжээ авч эхэлсэн гэнэ.
Одоо эрх баригчид орон даяар түүврийн аргаар шалгалт явуулж, зах зээлийг цочролоос сэргийлж, итгэлийг сэргээх арга хэмжээнүүдийг шуурхай авч эхэлжээ.
Бээжин хотын шинэ хүнсний гол нийлүүлэгч болох Шинфади зах байцааныхаа гарал үүслийг шалгаж, аюулгүй болохыг нь тогтоосноо зарласан байна.
Энэ мэтчилэн Хятадын орон нутгийн удирдлагууд, худалдааны төвүүд дор дороо арга хэмжээ авч, үр дүнгээ танилцуулж эхэлжээ.
Ардын Өдрийн сонины редакцын нийтлэлд “Бөөний худалдаачид зөвхөн өөрсдийн эдийн засгийн явцуу ашиг сонирхлыг дээгүүр тавьж, хэрэглэгчдийн амь нас, эрүүл мэндийг үл тоомсорложээ. Тэд хууль ёсны улаан шугамыг давж, ёс суртахууны хил хязгаарыг зөрчсөн” гэж бичсэн байна.
Хятад улс жил бүр 30 сая гаруй тонн байцаа тариалдаг нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн бараг тал хувьтай тэнцдэг.
Хамгийн том импортлогчид нь Вьетнам, Өмнөд Солонгос, Орос улсууд юм.
Америкийн Хорт Хавдрын Нийгэмлэг формальдегидэд их хэмжээгээр өртсөн тохиолдолд зарим төрлийн хорт хавдрын эрсдэл нэмэгддэг, харин бага хэмжээтэй тохиолдолд ямар нөлөө үзүүлдэг нь тодорхойгүй гэж үздэг байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
