"Цацраг идэвхт ашигт малтмал экспортлох тусгай зөвшөөрөл ямар байгууллагаас авах нь одоо хүртэл тодорхойгүй байгаа"

Г.Мөрөн, iKon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр/2026.08.24/ “Орано" группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет, “Бадрах Энержи“ компанийн Гүйцэтгэх захирал Коралин Прин нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын хөрөнгө оруулалтын гэрээгээр хэрэгжиж буй “Зөөвч-Овоо” төслийн явцын талаар санал солилцов.

зураг
 

Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэхүү төсөл нь Монгол Улсын уул уурхайн салбарт хэрэгжиж буй хамгийн том гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төслүүдийн нэг гэдгийг онцоллоо. Эдийн засгийн үр өгөөжөөс гадна өндөр технологи, хүний нөөцийн чадавх, байгаль орчны хариуцлагатай менежмент болон олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах стратегийн ач холбогдолтой төсөл гэж үзэж, төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхийн тулд талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нээлттэй харилцаа чухал гэдгийг дурдлаа.

“Орано" группийн Уул уурхайн бизнесийн асуудал хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Завиер Сэйнт Мартин Тиллет "Зөөвч-Овоо төсөл Орано группт төдийгүй Франц улсад чухал ач холбогдолтой тул өндөр үүрэг хүлээж, сайтар анхаарч ажиллаж байна. Бадрах Энержи компани өдгөө 300 гаруй ажилтантай болж өргөжсөн. Удирдлагын түвшинд ажиллах монгол залуус Франц улсад туршилтаар ажиллаж эхэлсэн. Барилгын талбай дахь ажлууд урагштай явж байгаа тул гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой" гэдгээ илэрхийлэв.

Мөн туршилтын экспорт хийх бэлтгэл хангагдаж байгаа бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын экспортын тусгай зөвшөөрлийг ямар байгууллагаас авах асуудал одоо хүртэл хууль эрхзүйн хувьд тодорхойгүй байгаа тул шийдвэрлэж өгөх хүсэлтээ Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт уламжиллаа. "Хаврын чуулганаар батлагдсан Бизнесийн эрх чөлөөний хуулиар тусгай зөвшөөрлийн процессыг хялбарчлан цахимжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан 40 гаруй хуулийн хориг саад, хууль бус шаардлагууд цуцлагдсан тул холбогдох шийдэлд хүргэнэ" гэдгээ Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр илэрхийллээ.

Түүнчлэн хоёр тал хараат бус лаборатори байгуулах асуудлыг хөндөж, санал солилцлоо.

"Зөөвч-Овоо" төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, улсын төсөвт урт хугацааны тогтвортой орлого бүрдүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.

зураг
 

 

Эх сурвалж: Эдийн Засаг, Хөгжлийн Яам