ФОТО: Нарантуул зах дээр бага ангийн дүрэмт хувцас ₮65,000-90,000, дунд ангийнх ₮95,000-110,000 байна

Б.Мөнхтуяа, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026-2027 оны хичээлийн жил эхлэхэд ердөө долоо хоног үлдлээ.

Ийнхүү хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүдэд тулгардаг хүндхэн даваа бол хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас болон шинэ хувцас худалдан авах болдог билээ. Энэ жилийн хувьд бага, дунд, ахлах ангийнханд хэрэгцээтэй хичээлийн хэрэглэгдэхүүнийг худалдан авахад хэд орчим төгрөг зарцуулахыг Нарантуул худалдааны төв дээрээс бэлтгэсэн дараах фото сурвалжилгаар хүргэж байна.

Дэвтэр, үзэг, харандаа, үзүүрлэгч, запас гэхчлэн хичээлийн хэрэгсэл нь үнийн хувьд харилцан адилгүй байгаа тул тус худалдааны төвд зарагдаж буй наймдугаар сарын 24-ний байдлаарх үнийг дундажлан нэг хүүхдийн бэлтгэлд хэдэн төгрөг зарцуулахаар байгааг тооцсон гэдгийг дурдах нь зүйтэй. Ингэхдээ хичээлийн бэлтгэлийн төсөвт жин дардаг дүрэмт хувцасны үнийг илүүтэй тодрууллаа.

Тухайлбал бага ангийн сурагчдад шаардлагатай дэвтэр, үзэг, харандаа, өнгийн харандаа, өнгийн цаас, зургийн дэвтэр, усан будаг, үзэгний сав зэрэг бичиг хэрэгслийн зүйлсийг худалдан авахад хамгийн доод үнэ 54,000 төгрөг орчим, харин хамгийн дээд үнээр нь тооцвол 110,000 төгрөг орчим болохоор байна.

Үүн дээр цүнх, биеийн тамирын хувцас болон биеийн тамирын пүүз авна гэж тооцвол хамгийн багадаа 130,000, дээд талдаа 280,000 төгрөг болно. 

Мөн зайлшгүй шаардлагатай дүрэмт хувцас буюу охидын хувьд сарафан, цэнхэр цамц, зангиа, хөвгүүдийн тухайд өмд, пиджак, цэнхэр цамц, зангиатай авахад 65,000-90,000 төгрөгийн хооронд байна.

Дунд ангийн сурагчдад үзгийн сав, дэвтэр, үзэг, харандаа, гортиг, шугам, тодруулагч гэхчлэн бичиг хэрэгслийн зүйлс авахад хамгийн багадаа 59,000 төгрөг орчим, дээд талдаа 96,000 төгрөг орчим болно. 

Хэрэв цүнх, биеийн тамирын хослол болон биеийн тамирын пүүз, ботинк зэргийг 175,000-380,000 төгрөгийн хооронд худалдан авна. 

Дүрэмт хувцасны хувьд бүтэн хослолоороо 95,000-110,000 төгрөгийн хооронд байлаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ахлах ангийн сурагчдын хувьд бичиг хэргийн хэрэгслийн зүйлс худалдан авахад дунджаар 45,000-112,000 төгрөгийг зарцуулахаар байна. Нэмэлтээр шинэ цүнх, ботинк, биеийн тамирын хувцас болон пүүз зэргийг багадаа 295,000 төгрөг, дээд талдаа 630,000 төгрөгөөр худалдан авна. 

Дүрэмт хувцасны хувьд бүтэн хослолоороо нийтлэг үнэ нь 135,000 төгрөг байна.

Нэмж сануулахад поло цамц нь хэдийгээр дүрэмт хувцасны иж бүрдэлд багтсан ч 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Мөн төрийн өмчийн сургуулиудыг нэг стандартын ижил пүрэмт хувцастай байхыг Боловсролын Яамнаас удаа дараа сануулж буй. Өөрөөр хэлбэл таны хүүхдийн суралцаж буй төрийн өмчийн сургууль нь өөр төрлийн дүрэмт хувцас шинээр авахыг шаардах эрхгүй юм.

Хичээлийн хэрэгслүүдийн үнийг тодруулах явцдаа иргэдийн худалдан авалт ямар байгаа талаар болон сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж буй талаар худалдаа эрхлэгч нэгэнтэй цөөн хором ярилцахад "Өмнө нь хүмүүс дүрэмт хувцасны цамцыг л гэхэд хоёр ээлжийнхийг авдаг байсан бол одоо нэгийг л аргацааж авч байгаа санагдаж байна. Ерөнхийдөө сүүлийн гурван жилийн хугацаанд жил ирэх тусам л худалдан авалт муудаж байна. 

Хүмүүс дүрэмт хувцас авахдаа ихэнхдээ салгаж авдаг, бүтнээр нь авах тохиолдол цөөхөн. Яалт ч үгүй багадсан эсвэл шинэ ангид орж байгаа үед л бүтнээр нь авч байгаа харагддаг. Авахдаа дандаа хоёр, гурван жил өмсөнө гэсэн тооцоотойгоор томыг авдаг. Би ерөөсөө шинэ бараа ахиж аваагүй. Учир нь өмнөх жилийнх зарагдаж дуусаагүй, одоо юу юугүй хичээл орох боллоо бас л дуусаагүй үлдэж байна" гэж байв.

Мөн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслүүдийг бэлдэж буй нэгэн иргэн "1-5 дугаар ангийн гурван хүүхдэд зөвхөн цүнх болон бичиг хэргийн хэрэгсэл авахад 600 гаруй мянган төгрөг зарцууллаа. Бичиг хэргийн зүйлсийг нь бол ердөө сарын хэрэглээг нь л авсан. Өмнөх жилүүдтэй харьцуулахад үнэ ханш чанга байна" гэж байлаа.

Өмнө нь цэнхэр цамц хоёр ээлжийнхийг авдаг байсан бол одоо нэг удаагийнхыг л авч байна гэдэг нь үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт ямар хэмжээнд нөлөөлж буйг тодхон харуулна. Эдийн засаг өсөж байна, цалин тэтгэвэр нэмнэ гэж эрх баригчид мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр өрхийн орлого нь үнийн өсөлтийг давж чадахааргүй, иргэд хэрэглээгээ танах хандлагатай болжээ.

Есдүгээр сарын 1-н болж, улс орны өнцөг булан бүрд хүүхдүүдийн инээд цангинаж, эрдмийн өргөөний хонх жингэнэх дөхсөөр, эцэг эхчүүд бэлдсээр.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг