Ч.Чулуунбат: Тэс, Шунхлай, Петровис, Сан Петролиум зэрэг компанийн АИ-92 төрлийн автобензиний дээжийг лабораторид шинжилнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ашигт малтмал газрын тосны газар (АМГТ)-аас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. 

АМГТ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат "2026 оны наймдугаар сард ОХУ-ын Роснефть, Газпром, Канико, БНХАУ-ын Претрочайна интернешнл зэрэг компаниас нийт 75 мянган тонн АИ-92 төрлийн автобензин худалдан авахаар захиалга өгсөн. Энэ сарын 24-ны өдрийн байдлаар нийтдээ 51 мянган тонн АИ-92 автобензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирээд байна. Үлдэгдэл 24 мянган тонн нь үлдсэн хоногт орж ирнэ. 

Мөн түүнчлэн дээрх компаниудаас нийт 158 мянган тонн дизель түлш авахаар захиалга хийж баталгаажуулснаас 121 мянган тонн нь орж ирсэн. 

Сүүлийн үед БНХАУ-аас Евро 5 ангиллын АИ-92 төрлийн автобензин Замын-Үүдээр орж ирээд эхнээсээ хэрэглэгчдэд хүрч байна. ОХУ-ын Газпром, Канико компаниудаас Евро 5 ангиллын АИ-92 автобензин хэрэглэгчдэд хүрээд явж байгаа.

Сүүлийн 2-3 хоногт Монгол Улсад орж ирэх вагоны тоо мэдэгдэхүйц өссөн. Үүнийгээ дагаад Улаанбаатар хот болон орон нутаг руу ачилтыг нэмэгдүүлж эхэлсэн. Өнгөрсөн наймдугаар сарын 4-25-ны хооронд Улаанбаатар хотод 20 мянган тонн, хөдөө орон нутагт 10 мянган тонныг түгээсэн. 

Евро 5 ангиллын АИ-92 төрлийн автобензиний үнэ Улаанбаатар хот орчимд хоёр мянган төгрөгөөс өссөн. Үүнтэй холбогдуулан ердийн АИ-92 автобензинийг Евро 5 ангиллын АИ-92 төрлийн автобензиний үнээр худалдан борлуулж байж болзошгүй гэх хардлага, таамаглалтыг иргэд ярьж байгаа.

Өчигдөр бид Петровис компанийн Толгойт дахь агуулахаас АИ-92 автобензин болон Евро 5 ангиллын АИ-92 төрлийн автобензиний дээжийг авч, АМГТ-ны харьяа лабораторид шинжилгээ хийлгэсэн. Монгол Улсын стандартын шаардлагад хангасан үзүүлэлтийг дээрх хоёр дээж бүрэн хангаж байгаа.

Евро 5 ангиллын АИ-92 төрлийн автобензиний хувьд экологийн ангиллаар хүхрийн агууламж 10 ppm-ээс бага байхыг шаарддаг. Шинжилгээний дүнгээр 9.2-той гарсан. Энгийн АИ-92 автобензиний хувьд 500 ppm-ээс бага байх ёстой бөгөөд шинжилгээний дүнгээр 193-тай гарсан. 

Өнөөдөр манай лабораторийн хүмүүс Тэс, Шунхлай, Петровис, Сан Петролиум зэрэг компанийн АИ-92 төрлийн автобензинээс дээж аваад шинжилгээ хийж байгаа. 

Автобензин, дизелийн түлшний үнэд нөлөөлөх гол хүчин зүйл бол татвар. УИХ-аас гарсан тогтоол болон Онцгой албан татварын хуулиар Засгийн газарт эрх олгосны дагуу 2026 оны дөрөвдүгээр сараас хойш Гаалийн албан татварыг тэглэсэн. Ямар нэгэн байдлаар татварын зохицуулалт хийх боломжгүй болсон.

ОХУ-ын Роснетфь компаниас К-2 ангиллын АИ-92 төрлийн автобензинийг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тонн тутмыг 851 ам.доллароор нийлүүлэхээр тохирсон. Энэ нь долоодугаар сартай харьцуулбал 51 ам.доллароор өссөн. Үүний үнийн зөрүү 200 орчим төгрөгөөр илэрч, наймдугаар сарын 14-нөөс нэмэгдсэн.

ОХУ-ын Газпром, Канико, БНХАУ-ын ПетроЧайна Интернэшнл компаниас тонн тутамд 1,400-1,600 ам.доллароор нийлүүлэх санал ирсэн дагуу Евро 5 ангиллын АИ-92 төрлийн автобензиний өртөг огцом өссөн" гэв.