Увс аймгийн "Шинэ Улаангом" захын түрээслэгчдэд Засгийн газрын нөөц сангаас ₮4.1 тэрбумыг өгчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Увсчууд сайт

Увс аймгийн "Шинэ Улаангом" худалдаа, үйлчилгээний төвийн барилгад 2025 оны арваннэгдүгээр сарын 25-нд гал гарч шатсан.

Тус худалдааны төв буюу зах нь орон нутгийн өмчийн оролцоотой байсан бөгөөд хэн хариуцлага хүлээх, түрээслэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар асуудал яригдаж байв. Урьдчилсан байдлаар 216 иргэний бараа бүтээгдэхүүн шатсан аж. 

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Г.Занданшатарын Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс 5.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.

зураг
 

Уг тогтоолын дагуу энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр 216 иргэнд өгөх 4.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн сангийн данс руу шилжүүлжээ.

зураг
 

Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас долоодугаар сарын 3-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 4.1 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна.

Долоодугаар сарын 7-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу 216 иргэнд өгөх 4.1 тэрбум төгрөгийг тус бүрийн дансанд нь шилжүүлжээ. Улмаар нэг иргэнд ойролцоогоор 19-20 сая төгрөгийн нэг удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн түүнчлэн "Шинэ Улаангом" захын түрээслэгч, хохирсон 45 иргэнд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 866.3 сая төгрөгийн зээлийг 48 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгожээ.