Хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтыг ерөнхийлөгч Трамп үзэж, аваргууд анх удаа дурсгалын бөгжөөр шагнуулна
Ням гарагт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шигшээ тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп биечлэн үзэж сонирхохоор болжээ.
FIFA анх удаагаа энэ ДАШТ-ий ялагчдад “World Cup” дурсгалын бөгж гардуулахаар болсон байна.
Ялалтын бөгж бол Америкийн спортын уламжлал юм.
Нийт 30 ширхэг бөгжийг дэлхийн аварга багийн гишүүдэд гардуулах бөгөөд өөр 1,996 ширхгийг хөгжөөн дэмжигчдэд зориулан худалдаанд гаргах юм байна.
Бөгж бүр дээр дэлхийн цомын дүрсийг сийлсэн байх гэнэ.
ДАШТ-ий цомыг аварга болсон багт гардуулах Трамп өмнө нь уг тэмцээний 102 тоглолтын ганцыг ч биечлэн үзээгүй юм.
Одоогоор Нью-Йорк хот хөрш Канадад гарсан ой хээрийн түймрийн утаанд автаж, агаарын чанар нь нэлээд муудаад байгаа.
Гэхдээ ДАШТ-ий шигшээ тоглолт болох MetLife стадионд агаарын чанар хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл алга байна.
Трамп шигшээ тоглолт үзэхийг FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино анх мэдээлж, дараа нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч баталсан юм.
Энэ ДАШТ-ий томоохон дуулиануудын нэг нь Инфантино, Трамп нарын харилцаа болоод байгаа. АНУ-ын шигшээ баг тэмцээнээс хасагдсан ч Трамп өөрийн багийн гол тоглогчийн улаан хуудсыг цуцлуулахын тулд багийнхаа сүүлчийн тоглолтын өмнө Инфантинотой утсаар ярьсан асуудал яригдсаар байна.
Өмнөх тоглолтод улаан хуудас авч, нэг тоглолт өнжих шийтгэлтэй болоод байсан АНУ-ын багийн довтлогч Фоларин Балогун шийтгэлээ цуцлуулснаар Бельгийн багийн эсрэг хасагдах шатанд тоглох эрхтэй болсон юм.
Гэсэн хэдий ч тэд Бельгийн багт 4:1 харьцаатай хожигдсоноор ДАШТ-ийг дуусгасан.
Энэ ДАШТ-ийг АНУ нь хөрш Мексик, Канад улсуудын хамт зохион байгуулж байгаа бөгөөд сүүлчийн хоёр тоглолт хоёул АНУ-ын хотуудад зохион байгуулагдана.
Улаанбаатарын цагаар Ням гарагийн шөнө Майами хотод Англи, Францын шигшээ багууд хүрэл медалийн төлөө тоглох бол Даваа гарагийн шөнө Аргентин, Испанийн шигшээ багууд аваргын төлөө Нью-Йорк хотод тоглох гэж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
