АНУ-ын шинэ хориг арга хэмжээний өмнө Ираны эрх баригчид бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ анхааруулав
Иран улсын эрх баригчид эдийн засаг нь хүндэрсний улмаас бензин шатахууны үнийг өсгөж магадгүй болсныг иргэддээ анхааруулжээ.
Тус улсын эсрэг дайн дэгдээсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй Трампын засаг захиргаа энэ долоо хоногт эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ зарлах гэж байгаа.
Газрын тосоор баян Иран улс 93 сая орчим хүн амаа их хэмжээний төрийн татаастай хямд бензин шатахуунаар хангадаг.
Харин бензин шатахууны үнийг нэмэх бүрд нийгмийн бухимдал нэмэгдэж, тогтворгүй байдал үүсэж байсан түүхтэй.
Тухайлбал 2019 онд, бас энэ оны нэгдүгээр сард Иранд дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн нь бензиний үнийн өсөлттэй тодорхой хэмжээгээр холбоотой байв.
Тиймээс эрх баригчид энэ удаа тун болгоомжтой төлөвлөж, ойрын өдрүүдэд эцсийн шийдвэрээ зарлахаар ажиллаж байна.
“Бидний нийгэмд одоо олон асуудал байгааг би ойлгож байна. Бид ард түмнээ хохироохгүйн тулд чадан бүхнээ хийж байгаа ч манай дайснууд бидний амжилтад саад учруулахын тулд чадах бүхнээ хийж байна” гэж Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан өчигдөр өглөө мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын эсрэг “хамгийн хүчтэй эдийн засгийн хориг арга хэмжээ” зарлахаар сүрдүүлсний дараа Ням гарагийн үдээс хойш Техраны зах дээр нэг ам.доллар хоёр сая риалтай тэнцсэн нь ханшийн түүхэн доод уналт болсон байна.
Баасан гарагт Пезешкиан иргэд нь дэлхийн ихэнх улс орнуудаас хамаагүй хямд үнэтэй шатахуун хэрэглэж байгааг сануулсан юм.
Түүний хэлснээр Ираны засгийн газар өөрийн дотоодод үйлдвэрлэсэн литр шатахуун тутамд 1.3 сая риалийн ($0.65) татаас төлдөг гэнэ.
Үүний үр дүнд Ираны иргэд хамгийн хямддаа литр тутам нь 15,000 риалийн (нэг цент хүрэхгүй) үнэтэй шатахуун хэрэглэдэг байна. Ямар автомашин эзэмшдэг, хаана оршин суудгаасаа хамаараад иранчууд гурван ангиллын тарифаар шатахуунаа авдгийн хамгийн доод ангилал нь энэ юм.
Дээд хоёр ангилал нь литр тутамд 30,000 риал (1.5 цент), 50,000 риалийн (2.5 цент) тус тус үнэтэй байдаг.
Гэхдээ шатахуун ийм хямд үнэтэй ч хязгаарлалт үйлчилдэг юм. Тухайлбал төрийн татаастай үнээр бензин авах хэмжээ хязгаартайгаас гадна сард авах шатахууны дээд хэмжээг хязгаарлаж, бас зөвхөн тасалбараар олгодог.
Ираны иргэд одоогоор өдөрт 135 сая литр бензин хэрэглэдэг бол үйлдвэрлэлийн хэмжээ нь өдөрт 121 сая литр байгаа гэнэ.
Энэ зөрүүг арилгахын тулд эрх баригчид шатахууны үйлдвэрлэлийн хэмжээг нэмэх, шатахууны чанарыг бууруулах зэрэг янз бүрийн арга хэмжээ авч байгаа.
Дайны улмаас гадаадаас шатахуун импортлох боломжгүй болсон нь үүнд бас нөлөөлж байна.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
