Зураг
Зураг

БНСУ-ын инженерүүд хот төлөвлөлтийн туршлагаа хуваалцав

П.Сайнжаргал, IKON.MN
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс, БНСУ-ын хот төлөвлөгч, инженерүүдийн хамтарсан "Хот төлөвлөлтийн III форум" өнөөдөр Чингис хаан үндэсний музейд болж байна.

"Сөүлтэй харьцуулбал Улаанбаатарын иргэд том хэмжээний газар нутагт амьдарч байгаа. Улаанбаатар хотод замыг нэмэгдүүлж, нийтийн тээврээ хөгжүүлбэл хүн амьдрахад тохиромжтой хот болно. 

Зам байхгүй газар барилга барихгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл барилга барихын тулд эхлээд замын асуудлыг шийдэх нь чухал" гэдгийг Сөүлийн их сургуулийн профессор Ли Ин Гын хэлж байлаа. 



Хот төлөвлөлттэй холбоотой асуудлаар түүнээс тодруулснаа хүргэж байна. 

Улаанбаатар нь Монголыг төлөөлөх томоохон хот.

Хот анхнаасаа бэлэн баригдчихдаггүй, хамтран бүтээдэг. Дэлхийн ямар ч хот анхнаасаа хамгийн сайн төлөвлөлттэй, хамгийн тохиромжтой бүтээн байгуулалттай байдаггүй. Өөрөөр хэлбэл дутагдалтай хэсгээ засаж сайжруулж явснаар хот хөгждөг. 

Солонгос улсын тухайд Монголоос түрүүлж хотжиж эхэлсэн. 

1965 онд анх Сөүл хот ерөнхий төлөвлөлтөө хийж, таван сая хүн амтай байхаар төлөвлөж байсан. Гэтэл 1990 оны эхээр гэхэд 10 сая хүнтэй болж өссөн. Хөдөөгөөс хот руу шилжих иргэдийн хөдөлгөөн ч нэмэгдэж байсан. 

Одоогоор Сөүл 9.7 сая хүн амтай. Тэгэхээр анх төсөөлж төлөвлөж байснаас маш хурдацтайгаар хотын хүн ам өссөн байх нь ээ. Яг л Улаанбаатар хоттой адил асуудлууд тулгарч байсан гэсэн үг. 

Дэд бүтэц, зам тээвэр, байгаль орчны асуудлыг шийдэхийн тулд Засгийн газраас бодлого төлөвлөгөө гаргаж, иргэдээс ч оролцоо их байсан. Улмаар одоо амьдрахад таатай хот болон хувирсан байна.

Сөүл хотын газар нутаг тийм ч тэгш талбайтай биш, дов толгод ихтэй байсан. Түүнчлэн Улаанбаатартай харьцуулахад маш давчуу. Иймд суурьшлаа тэлэхийн тулд харьцангуй гайгүй газруудад нь хүн амьдрахаар төлөвлөсөн бол өндөр уултай хэсэгт хүн суурьшихгүйгээр төлөвлөсөн. 

Мөн ялгаагүй утааны асуудалтай ч нүүр тулж байсан. 1980-аад оны эхээр Сөүл хотын иргэд нүүрс түлдэг байсан учраас энэ төрлийн хэрэглээгээ сольж газ руу шилжүүлсэн байдаг. 

Ли Ин Гын: Улаанбаатар хотод замгүй газар барилга барихаас зайлсхийх хэрэгтэй 

Дээр дурдсанаас гадна хотын нийтийн тээврийг маш сайн төлөвлөж ирсэн.

Хүн бүр хувьдаа суудлын машин унавал үүнийг дагаад орчны бохирдол үүсдэг. Тиймээс 1970-аад оноос хойш метро барьж эхэлсэн. Одоо Сөүлийн хаана ч очсон 500 метрийн радиус дотор метроны буудал бий.

Машин барихгүйгээр нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хангалттай хүртээмжтэй, тохиромжтой хот болсон байна.

Улаанбаатар хот замаа нэмэгдүүлж, нийтийн тээврээ хөгжүүлбэл хүн амьдрахад тохиромжтой хот болно гэдэгт найдаж байна.

Хамгийн чухал нь замыг хүрэлцээтэй хэмжээнд барих хэрэгтэй. Хангалттай хэмжээний замтай байна гэдэг нь бүх зүйлийн эхлэл. Зам байхгүй газар барилга барихаас зайлсхийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл барилга барихын тулд эхлээд замаа барих нь зүйтэй. 

Улаанбаатар хотын зам харьцангуй сийрэг, нөгөө талд Нью-Йорк олон замтай байгааг дараах зургаас харж болно. Үүнээс замын ялгаа гарч байгаа биз. Хот хангалттай замтай байх хэрэгтэй.

зураг
 

Улаанбаатар хотын одоогийн нөхцөл байдалд зам маш дутагдалтай. Иймд замыг хангалттай барих нь хамгийн чухал асуудал гэж мэргэжилтний хувьд бодож байна.