БОУАӨЯ-наас нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг агнах зөвшөөрлийг нийслэлд өгчээ
Баавгай хүн рүү халдсан асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам /БОУАӨЯ/, Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/, Нийслэлийн онцгой байдлын газар /НБОГ/-аас мэдээлэл өглөө.
Албаныхан БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн ам орчимд баавгай хүний амь насанд хүрсэн явдалд эмгэнэл илэрхийлэв.
2026 оны 10-р сарын 7-8-нд шилжих шөнийн 01:00 цагт Шуурхай удирдлагын төвийн 31-0005 дугаарын утсанд дуудлага ирүүлснийг Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн баг, Нийслэлийн онцгой байдлын баг хүлээн авч тухайн байршилд очиж ажилласан байна.
Улмаар өнөөдөр үүрийн 04:00 цагт БЗД-ийн онцгой байдлын комисс хуралдаж, бэлтгэл бэлэн байдлыг хангах, баавгайн тандалт тоо хэмжээг тогтоох, үргээх, иргэдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг шийдвэрлэж шуурхай ажиллаж байна гэв.
БОУАӨЯ-аас өчигдөр бамбаруушаа дагуулсан эм баавгайг агнаж болохгүй, нас биед гүйцсэн хүний эрүүл мэндэд аюул учруулах баавгайг цагдаагийн байгууллагын удирдлага дор аюулгүй болго гэсэн чиглэл, зөвшөөрлийг нийслэлд өгөөд байгаа юм байна.
Иймд нийт 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн баавгайг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
