Зураг
Зураг

Молекулын “толины тусгал” шиг бүтцийн нууцыг тайлсан Франц, Японы эрдэмтэд химийн салбарын Нобелийн шагнал хүртэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Лхагва гарагт Нобелийн шагналын хороо энэ оны химийн салбарын шагналыг эмийн үйлдвэрлэлд асар өндөр ач холбогдолтой нээлт болох молекулын “толины тусгал” хэлбэртэй бүтцийн нууцыг тайлсан Францын Анри Каган, Японы Кэнсо Соай нарт олгохоор болсныг зарлажээ.

76 настай Соай, 95 настай Каган нарын судалгааны ажил 19 дүгээр зууны Францын химич Луи Пастерийн нээлтэд тулгуурласан юм байна.

“Энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдөр. Профессор Анри Кагантай энэхүү шагналыг хуваалцаж байгаадаа маш их баяртай байна” гэж Нобелийн хорооны хэвлэлийн хуралд утсаар холбогдохдоо Соай хэлжээ. Тэр энэ үеэр дэлгүүр хэсэж явсан байна.

Харин Нобелийн шагнал хүртсэн хамгийн өндөр настай гурав дахь хүн болсон Кагантай хорооныхон холбоо барьж чадаагүй юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон шагнал хүртсэн эрдэмтдэд баяр хүргээд үүнийг тус улсын хувьд асар их нэр төрийн хэрэг гэж тодорхойлжээ.

Японы ерөнхий сайд Санае Такаичи өчигдөр Соайтай утсаар ярьж, түүний амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Каганы судалгааны ажил олон жилийн турш салбартаа маш өндөр үнэлэгдэж байсан бөгөөд 2001 онд түүнийг Нобелийн шагнал авалгүй өнгөрөхөд Францын шинжлэх ухаан хариуцсан сайд гомдол гаргаж байсан түүхтэй.

Тухайн жилийн шагналыг ижил чиглэлд судалгаа хийсэн Америкийн хоёр, Японы нэг эрдэмтэн хүртэж байжээ.

Амьдралд чухал үүрэгтэй молекул нь зүүн, баруун гар шиг бие биеийнхээ толины тусгал болсон хоёр хэлбэрээр оршдог. Гэвч амьд биетүүд ихэнхдээ зөвхөн нэг хувилбарыг нь ашигладаг бөгөөд энэ үзэгдлийг “homochirality” (грек хэлний гар гэсэн үгээс гаралтай) гэж нэрлэдэг юм.

Яагаад ийм зарчмаар ажилладаг нь химичдийн хувьд зуу гаруй жил тайлагдашгүй оньсого байжээ.

Харин Каган, Соай нар химийн урвалаар молекулын тодорхой нэг хувилбарыг үүсгэх боломжийг нээсэн юм байна. Энэ нь эм бүтээх ажилд маш чухал ач холбогдолтой.

“Эмийн зүүн гарын хувилбар нэг төрлийн, баруун гарын хувилбар өөр төрлийн үйлчилгээ үзүүлдэг байж болзошгүй тул бидэнд тэднийг сонгох арга техник шаардлагатай байдаг” гэж Нобелийн шагналын химийн салбар хорооны гишүүн Петер Сомфай тайлбарлажээ.

Энэ үзэгдлийн нууцыг тайлах анхны алхмыг 19 дүгээр зууны Францын химич Луи Пастер хийж байсан гэдэг.

Гэвч тэр анхны Нобелийн шагналыг гардуулсан 1901 оноос хэдхэн жилийн өмнө нас баржээ.

Тэрбээр дарс үйлдвэрлэлд чухал үүрэгтэй дарсны хүчлийг (tartaric acid) судалж байгаад бактериуд уг хүчлийн хоёр хэлбэрийн зөвхөн нэгийг сонгож байгааг анзаарсан байна.

Харин нөгөө хэлбэр нь дарсны исэлдэлтэд оролцдоггүйг тогтоожээ.

Энэ нь зарим бодис хоёр хэлбэрээр оршдог бөгөөд тэдгээр нь өөр өөр шинж чанартай (зарим тохиолдолд эрүүл мэндэд хортой) байж болохыг харуулсан юм.

Каган, Соай нар тэгш бус урвал (assymetric reaction) явуулах замаар тодорхой нэг хэлбэр давамгайлсан бодис гаргаж авах боломжийг бий болгожээ.

Энэ судалгааны ач холбогдлыг 1960-аад оны эхээр гарсан талидомидын дуулианаар тайлбарлаж болно. Тухайн үед тайвшруулах үйлчилгээтэй энэ эмээс үүдэлтэй төрөлтийн гажигт олон мянган хүүхэд өртөж байжээ.

Судлаачид үүнийг шалгаад уг эмийн идэвхтэй бодисын толин тусгалтай хэлбэр нь хор хөнөөлтэй болохыг тогтоож байв.

Химийн салбарын шагналын эзэд энэ оны Нобелийн шагналтнуудыг зарлах ажиллагааны гурав дахь өдөр тодорсон юм.

Даваа гарагт анагаах ухааны, Мягмар гарагт физикийн салбарын шагналтнуудыг зарласан. Каган, Соай нар 12 сая швед кроны ($1.2) шагналыг тэнцүү хувааж авах болно.

Тэд шагналаа Альфред Нобелийн нас барсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокхольм хотод гардаж авах юм.

 

Эх сурвалж: Reuters