СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгай байж болзошгүй Улиастайн хойд хэсгийн модтой бүс Хадат вилла орчмоор дамжин СХД-ийн 21-р хороонд хүрнэ
Нийслэлийн хэмжээнд нийт энэ онд баавгай үзэгдсэн тухай 24 удаагийн дуудлага ирсэн ба өнөөдөр гэхэд хоёр баавгай аюулгүйн торон хашаанд байгаа талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга, Н.Мөнхбаяр мэдээлэв.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 33 байгаль хамгаалагч ажиллаж байгаа юм байна. Мөн нийслэлийн Шуурхай штаб 24 цагаар 310005 утсаар мэдээлэл авч ажиллаж байгаа гэв.
Өчигдрийн асуудал гарсан БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн ам орчимд 56 айл байгаа бөгөөд хашаа хороогүй, монгол гэртэй айлууд олон байгаа ба баавгай монгол гэр рүү дайрч байгааг онцлов.
Баавгайг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа ба урьд шөнө бороо орсон учир дулаан мэдрэгч дрон зэргээр эрэн хайж байгаа юм байна.
БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн хойд модтой хэсэг нь СБД-ийн 20-р хороо Хадат вилла орчимтой залгаж байгаа аж. Мөн түүнээсээ дамжаад СХД-ийн 21-р хороо руу дамжиж гарах модтой хэсэгтэй юм байна. Иймд зуслангийн бүсэд байгаа болон аялал зугаалга, явган алхалтаар яваа иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
