Ж.Энхбаяр: Тавантолгойн ДЦС-ыг хурдан бариад, богино хугацаанд буцааж өгөх шалгуураар хувийн хэвшлүүдийг уралдуулна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг болж байна.
Энэ үеэр Тавантолгойн дулааны цахилгаан станц (ДЦС)-тай холбоотой асуудал яригдлаа. 2023 оны долоодугаар сард Тавантолгойн дулааны цахилгаан станцыг барих тендер зарлагдаж байлаа. Гэвч тендерт оролцсон хоёр компани хоорондоо шүүхийн маргаан үүсгэснээс болж хойшилсон юм.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Төсөв хэлэлцэж байхад сайд нар байхгүй байна. Сайд нар төсвөө хамгаалахгүй, тайлбарлахгүй бол хэлэлцэх ямар шаардлагатай юм бэ. Ж.Энхбаяр сайд Тавантолгойн дулааны цахилгаан станцын тендерийг өнөө маргаашгүй зарлалаа гэсэн. Сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ. Тавантолгойн дулааны цахилгаан станцын сонгон шалгаруулалтыг зарлахтай холбоотой ямар нэгэн төсөв орж ирэхгүй юм уу.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Тавантолгойн дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулаад зарлахаар бэлтгэл ажил хангагдсан.
Төрийн өмчит Тавантолгой компани энэ дулааны цахилгаан станцын 30 хүртэлх хувьд хөрөнгө оруулна. Үлдсэн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Бариад, ашиглаад, буцаагаад улсад 100 хувь шилжүүлэх нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулалтыг зарлана.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн 600 мВт, Баянгийн 660 мВт, Шивээ-Овоон 660 мВт-ын цахилгаан станцын асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар дэмжигдсэн. Энэ төслүүд хэрэгжихэд 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний бие даасан байдлаа бүрэн хангах боломж бүрдэнэ.
Нийт 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгойн ДЦС-ыг хурдан бариад аль болох богино хугацаанд буцааж өгөх шалгуураар хувийн хэвшлүүдийг уралдуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
