Жүдогийн өсвөрийн ДАШТ-ий холимог багийн төрөлд Монголын баг ОРОСЫГ ялж ХҮРЭЛ медаль хүртлээ
Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос зохион байгуулдаг өсвөрийн жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Эквадорын Гуайакилл хотноо болж өндөрлөлөө.
Ганцаарчилсан төрөлд манай улс нэг хүрэл, хоёр шагналт байртай дуусгаснаар 20-д жагссан юм. Медалийн чансаагаар оросууд дөрвөн алт, нэг мөнгө, гурван хүрэл медалиар тэргүүлсэн бол Казахстан гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, Узбекистан нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медалиар удаалав.
Мөн Канад, Азербайжан, Япон, Израиль, Бразил, Польш, Герман, АНУ-ын баг тус бүр нэг алтан медаль хүртсэн бол 23 улс ямар нэгэн медаль зүүлээ.
Монголоос хөвгүүдийн 60 кг-ын жинд Ж.Энхтөр хүрэл медаль хүртсэн юм.
Орон нутгийн цагаар Ням гарагт холимог багийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) боллоо. Энэ удаагийн тэмцээнд Бразил, Болгар, Канад, Эквадор, Франц, Гүрж, Япон, Казахстан, Монгол, ОХУ, Турк, Узбекистаны баг өрсөлдсөн юм.
Манай тамирчид "D" хэсэгт Франц, Туркийн багтай өрсөлдөв. Эхний даваанд Түркийг 4:3-аар буулган авсан юм. Шийдвэрлэх ялалтыг хөвгүүдийн 60 кг-д зодоглосон А.Даваабаатар авчирснаар манай залуус хэсгийн аваргын төлөө Францын багтай хүч сорив.
Монголын багаас Р.Омар, А.Мишээл, Ж.Энхтөр, Б.Тэмүүлэн нар ялалт байгуулж, Э.Анударь ялагдсанаар нийлбэр дүнгээр 4:1-ээр илүүрхэв. Харамсалтай нь хагас шигшээд Бразилын багт 1:4-өөр дийлдсэнээр хүрэл медалийн төлөө ОХУ-ын багтай хүч үзэх болсон юм.
Оросууд Гүржийг 4:0-ээр илүүрхсэн ч Узбекистаны багт 3:4-өөр ялагдсан. Улмаар Японыг 4:2-оор давамгайлснаар хүрлийн төлөө өрсөлдөх болов.
Өсвөрийн шинэхэн дэлхийн аварга хоёр, нэг хүрэл медальтныг эгнээндээ багтаасан оросуудыг манай залуус 4:2-оор буулган авснаар холимог багийн төрөлд хүрэл медаль хүртлээ. Ж.Энхтөр, Б.Тэмүүлэн, Р.Омар, А.Мишээл нар багтаа ялалт авчирсан бол Э.Анужин,Э.Анударь нар өрсөлдөгчөө дийлсэнгүй.
Өсвөрийн ДАШТ-ий ганцаарчилсан төрөл 2009 оноос, холимог багийн төрөл 2017 оноос зохион байгуулагдаж буй. Энэ жилийн хувьд Казахстаны баг анх удаа алтан медаль хүртэв. Бразил улс хоёр дахь мөнгө, гурав дахь медалиа зүүсэн бол Монгол, Узбекистаны баг хүрэл медаль хүртэв. Монгол залуус 2024 онд холимог багийн төрлөөр анх удаа хүрэл медаль хүртэж байсан бол узбекчүүд нэг мөнгө, хоёр хүрэлтэй боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
