Гвиней улсад хог хаягдлын овоолго айлуудын дээрээс нурсны улмаас 30 хүн амиа алджээ
Баруун Африкийн Гвиней улсын нийслэл Конакри хотын томоохон хог хаягдлын овоолго нурсны улмаас ойролцоо амьдардаг айлууд дарагдаж, 30 орчим хүн амиа алдсаныг тус улсын засгийн газар Ням гарагт мэдээлжээ.
Өөр 22 хүн гэмтэж бэртсэнээс зургаан хүний биеийн байдал хүнд байгааг бас мэдээлсэн юм.
“Шөнө орсон хүчтэй борооны улмаас орон нутгийн цагаар 02:00 цагийн орчимд овоолго нурсны дараа зэвсэгт хүчний алба хаагчид болон бусад томоохон хүн хүчийг дарагдсан хүмүүсийг аврах ажилд дайчлаад байна” гэж засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Амиа алдагсдын дотор таван хүүхэд байсныг нэг эх сурвалж мэдээлсэн байна. Аврах ажиллагааны үр дүнд хохирлын тоо цаашид өсөх магадлалтай байгаа ажээ.
Гвиней улсын ерөнхий сайд Мамаду Ури Бах нөхцөл байдалтай танилцаж, аврах ажиллагааг хянахаар ослын газарт биеэр очсон байна.
2017 онд уг овоолго бас нэг удаа нурахад 10 хүн амиа алдаж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
