Монголд ирээд буй НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоор өчигдөр /2026.08.23/ хүрэлцэн ирлээ.
Түүнийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд/Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.
Хатагтай Амина Ж.Мохаммед НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлэхээс гадна Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхэн үйл хэргийг алдаршуулах Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд мандуулах ёслолд оролцоно.
Хатагтай Амина Ж.Мохаммед нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Тогтвортой хөгжлийн асуудлаарх бүлгийн тэргүүн юм. Тэрбээр энэ албанд томилогдохоосоо өмнө Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын Байгаль орчны сайдаар ажиллаж тус улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон байгаль орчныг хамгаалах хүчин чармайлтыг удирдан чиглүүлж байсан.
НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллав
НҮБ-ын ЕНБД-ын орлогч хатагтай Амина Ж.Мохаммед Монголд ирсэн даруйдаа Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт зочилж, Монгол Улсын Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Нэг баг-Нэг сургууль” санаачилгын хүрээнд байгуулсан Цогт-Өндөр бага сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж буй тус санаачилгын үр дүн, ач холбогдол, үйл ажиллагаатай танилцав.
Бага сургууль нь 75 хүртэлх хүүхдийг хамруулах хүчин чадалтай бөгөөд алслагдсан сум, багийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх болон бага боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэхэд чиглэж байна. Хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шийдлээр байгуулсан тус сургууль нь сэргээгдэх эрчим хүчний шийдэл, аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламж, цахим сургалтын дэд бүтцээр хангагдсан.
Хатагтай Амина Ж.Мохаммед “Нэг баг-Нэг сургууль” санаачилга нь хөдөө, орон нутгийн боловсролын хүртээмжийн ялгааг бууруулах, хүүхдүүдийг гэр бүлийн орчинд нь сурч боловсрох боломжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулахад чухал ач холбогдолтойг онцолж, орон нутгийн хүүхдүүдийн чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү санаачилга нь Засгийн газар, НҮБ, хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишээ бөгөөд цаашид бусад алслагдсан багт өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!









