АНУ тэнгисийн бүслэлтээ сэргээсний хариуд Иран далайн тээврийн бас нэг чухал замыг хаахаар сүрдүүллээ

Т.Давааням, ikon.mn
37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иран улс Ормузын хоолойг дахин хаасны дараа АНУ тус улсын боомтуудыг чиглэсэн тэнгисийн ачаа тээврийн урсгалыг бүслэн хаах ажиллагаагаа сэргээсэн билээ.

Тэгвэл өчигдөр Ираны эрх баригчид дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн бас нэг чухал замыг хаахаар сүрдүүлжээ.

Энэ нь Энэтхэгийн далайгаас Улаан тэнгист нэвтэрдэг гарц болох Баб эль-Мандебын хоолой юм.

зураг
 

Ираны Исламын хувьсгалт гвард Лхагва гарагт “АНУ-ын цэргийнхэн Ормузын хоолойг хяналтдаа авахын тулд Энэтхэгийн далайд тэнгисийн дээрэмчдээ илгээсний хариуд” Бахрейн, Кувейт, Йордан зэрэг улсууд дахь АНУ-ын цэргийн байгууламжуудад агаарын цохилт өгснөө мэдэгджээ.

Мөн АНУ болон түүний холбоотнуудад чухал ач холбогдолтой бусад бүх экспортын замуудыг хаахад бэлэн байгаагаа анхааруулсан байна.

“Бүс нутгийн эрчим хүчний экспорт нэг бол бүгдэд тэгш нээлттэй, үгүй бол бүгдэд хаалттай байх ёстой” гэж тэд мэдэгдэлдээ сүрдүүлжээ.

Талууд одоогоос бараг сарын өмнө түр гал зогсоох санамж бичигт гарын үсэг зурснаар Ормузын хоолой нээгдэж байсан юм.

Гэвч өнгөрсөн долоо хоногоос нөхцөл байдал хурцдаж, талууд дахин хоорондоо дайтаж эхэлсэн. Ормузын хоолойгоор зорчиж буй олон улсын ачаа тээврийн хөлгүүдэд Ираны тал аюул учруулах болсон гэж АНУ өөрийн үйлдлээ зөвтгөж байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс хойш АНУ-ын зэвсэгт хүчин бараг шөнө бүр Ираны нутагт дэвсгэр дэх цэргийн байгууламжуудад агаарын цохилт өгч байна.

Харин энэ удаа Ираны тал Йемен дэх Хусит холбоотнуудынхаа тусламжтай Баб эль-Мандебын хоолойг хааж болзошгүй болжээ.

Ингэвэл дэлхийн эрчим хүчний хамгийн чухал хоёр артерийн судас хаагдах эрсдэлтэй болох юм.

Баб эль-Мандебын хоолойгоор Саудын Арабын газрын тосны экспорт болон Ази-Европ тивүүдийн ачаа тээврийн урсгалын томоохон хэсэг дамждаг.

Хэрвээ уг хоолойг хаавал газрын тосны баррель тутмын үнэ дэлхийн зах зээлд $200 давахыг Ираны албаны эх сурвалж анхааруулсан байна.

АНУ-Ираны мөргөлдөөн идэвхэжсэнтэй холбоотой Мягмар гарагт газрын тосны үнэ сүүлийн нэг сарын дээд хэмжээндээ хүрч өссөн бол Лхагва гарагт дахин нэг орчим хувиар өсжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп эхлүүлсэн дайндаа буцаж орвол дотооддоо асар их дарамт шахалттай тулгарч болзошгүй болоод байгаа.

Тэрбээр Мягмар гарагт яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхгүй бол Ираны цахилгаан станцууд, гүүрнүүдийг бөмбөгдөхөө Техраны эрх баригчдад анхааруулсан юм.

“Би эрчим хүчний байгууламжуудыг эцсийн шатанд онилохоор хойшлуулж байсан, гэхдээ цаг нь ирвэл бид онилох болно” гэж Трамп анхааруулсан байна.

Даваа гарагт тэр Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангасныхаа төлөө түүгээр нэвтрэх ачаа тээврийн хөлгүүдээс 20 хувийн татвар авах шийдвэрээ зарласан ч маргааш нь цуцалсан юм.

Ингэхдээ тэр Персийн булангийн орнууд АНУ-д их хэмжээний хөрөнгө оруулалт амласан тул цуцалсан гэж тайлбарлаж байв.

Энэ бүхнээс харахад Трамп эхлүүлсэн дайнаа дуусгах арга замыг хайж байгаа бололтой.

 

Эх сурвалж: Reuters