Путиний төгсгөлийг зөгнөсөн Оросын суртал нэвтрүүлэгч баривчлагджээ

Т.Давааням, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон жилийн турш Кремлийн суртал нэвтрүүлгийн зэвсэг болж, Путиний дайснуудыг намнаж байсан ч саяхнаас сөрөг хүчний дуу хоолой болон эрс өөрчлөгдсөн идэвхтнийг Оросын эрх баригчид Баасан гарагт баривчилжээ.

42 настай Илья Ремеслог цензурын хуулийн дагуу “Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан” хэрэгт буруутгасныг ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Энэ хэрэг нь 10 хүртэл жилийн хорих ялтай байдаг.

Түүний өмгөөлөгч гэгдэж буй Сергей Бадамшин үйлчлүүлэгчийг нь шүүх хуралд оролцуулахаар Москва руу авч явсныг сошиал хуудсаараа мэдээлжээ.

Ремесло олон жилийн турш Кремлийн бодлогыг дэмжигч, хамгаалагч байж, Оросын сөрөг хүчнийхэнтэй тэмцэж байсан. Тэрбээр Алексей Навальныйн шүүх хуралд гэрчээр оролцож, эсрэг мэдүүлэг өгсний үр дүнд шоронд хорих ялаар шийтгүүлж байв.

Навальный 2024 онд Умард туйлын шоронд нас барсан юм.

Гэвч энэ оны эхээр Ремесло гэнэт Кремлийн шүүмжлэгч болж, Путиний эсрэг “тунхаглал” гаргаж, түүнийг олны өмнө шүүгдэх ёстой хүн хэмээн мэдэгдэж байжээ.

Удалгүй тэр сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн нь Зөвлөлтийн үеийн албадан эмчилгээтэй төстэй арга хэмжээ байлаа.

Өчигдөр баривчлагдахаасаа нэг өдрийн өмнө Ремесло “Путин энэ намар гав зүүх болно”, “Путиний хувьд нөхцөл байдал хурдацтай доройтож байна” гэх зэргээр сошиал хуудсандаа бичиж байжээ.

Украины агаарын цохилтууд Оросын эрчим хүчний салбарыг доройтуулснаар Путиний нэр хүнд энэ он гарснаас хойш нэлээд сулраад байгаа.

Баасан гарагт Олон Нийтийн Санаа Бодлын Сангийн нийтлүүлсэн санал асуулгын үр дүн оросуудын 66 хувь нь Путинд итгэж байгааг харуулжээ.

Энэ нь бусад улс орнуудынхтай харьцуулахад хэвийн үзэгдэл боловч Путиний хувьд нэлээд буурсан үр дүн бөгөөд сүүлийн долоо хоногт таван нэгж хувиар унасан үзүүлэлт юм.

Дөрөвдүгээр сард Оросын телевизийн од Ксения Собчактай ярилцахдаа Ремесло өөрийгөө Навальныйн үхэлд тодорхой хэмжээгээр буруутай мэт бодох болсноо ярьж байв.

“Ямар ч хүний амьдрал ийм байдалтай төгсөх ёсгүй” гэж тэр энэ үеэр хэлж байжээ.

Орос улсыг сүүлийн 25 гаруй жилийн турш удирдаж буй Путин 2022 онд Украины дайн эхэлснээс хойш өөрийнхөө эсрэг дуу хоолойг хатуу цагдан хорих болсон.

Өнгөрсөн хугацаанд түүний шүүмжлэгчид бараг бүгд хоригдож, дүрвэж, амиа алдсан юм.

Есдүгээр сард болох Оросын парламентын доод танхимын сонгуульд Кремль бэлдэж байгаатай холбоотойгоор олон нийтийн шүүмжлэлийг дарах ажиллагаа улам эрчимжиж байна.

2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Путинтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд хасагдаж байсан Борис Надеждин “экстремист” бэлгэдэл олон нийтэд харуулсан хэргээр 1,000 рублийн ($13) торгуулиар шийтгүүлснийг Коммерсант сонин өчигдөр мэдээлжээ.

Уг бэлгэдэл нь Навальный агсны гэрэл зураг байсан байна.

Надеждин одоо есдүгээр сарын сонгуульд өрсөлдөхөөр дэмжигчийн гарын үсэг цуглуулж байгаа. Түүний сонгуулийн уриа “Орос орныг хэвийн амьдралд шилжүүлэх” юм байна.

 

Эх сурвалж: AFP