Украин улс 2022 оны гуравдугаар сарын 8-ны өдөр ОХУ-д халдан түрэмгийлэх гэж байсан тухай Путиний зөвлөх ярьжээ

Т.Давааням, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, Дорнын Эдийн Засгийн Чуулганы зохион байгуулах хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Антон Кобяков дөрвөн жил хагасын өмнө эхэлсэн дайныг Украины тал түрүүлж эхлүүлэхээр төлөвлөж байсан тухай ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний баталснаар Оросын цэргүүд Украины зэвсэгт хүчний нутаг дэвсгэрийн хамгаалалтын бригадын орхигдсон штабаас 2022 оны гуравдугаар сарын 8-ны өдөр ОХУ-ын нутаг дэвсгэрт халдан түрэмгийлэх төлөвлөгөөний тухай баримт бичгүүд олж байсан гэнэ.

“Бид тэдний төлөвлөгөөг хоёр долоо хоногийн өмнө гүйцэж түрүүлсэн” гэж Кобяков хэлсэн нь 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын цэргийн хүч Украины нутаг дэвсгэрт түрүүлж довтолсныг илэрхийлсэн хэрэг байв.

Кобяковын тайлбарласнаар Украины эрх баригчид зориуд эмэгтэйчүүдийн баярын өдөр “гэнэтийн бэлэг” барих төлөвлөгөөтэй байсан ч Оросын удирдлагын алсын харааны ачаар ийм зүйл болохоос сэргийлсэн гэнэ.

“Ерөнхийлөгчийн хэлж байсанчлан зургаадугаар сарын 22-ны өдөр (1941 оны зургаадугаар сарын 22) манай түүхэнд хэзээ ч дахин давтагдах ёсгүй” гэж Кобяков хэлжээ.

Тэр бас Өрнөдийнхөн үнэндээ Минскийн Гэрээг дэмжиж байгаа мэт дүр эсгэж байсан ч цаагуураа Украиныг зэвсэглэж, дайнд бэлдэж байсныг энэ үеэр хэлсэн байна.

Украины дайн эхлэх болсон шалтгааныг Оросын эрх баригчид өмнө нь янз бүрээр тайлбарлаж байсан ч Кобяковын дурдсан хувилбар огт яригдаж байгаагүй юм.

 

Эх сурвалж: ТАСС