АНУ-Канадын худалдааны дайн гүнзгийрч, Онтарио нуурын нэрийг “Америк нуур” болгон өөрчлөх санааг Трамп цухуйлгав
АНУ-Канадын худалдааны дайн гүнзгийрч байгаатай зэрэгцэн ерөнхийлөгч Трамп өчигдөр хоёр улсын газар нутгийн дунд оршдог Онтарио нуурын нэрийг “Америк нуур” болгон өөрчлөх талаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Өнгөрсөн онд тэр Мексикийн булангийн нэрийг “Америкийн булан” болгон өөрчлөх захирамж гаргаж байсан юм.
Хоёр улсын хооронд үргэлжилж байсан яриа хэлэлцээ Баасан гарагийн орой нуран унаснаар “худалдааны дайн” эхлээд байгаа.
Өнгөрсөн амралтын өдөр Трампын засаг захиргаа Канадын $20 тэрбумын бараа бүтээгдэхүүнд 50 хувийн импортын татвар ногдуулсан бол Мягмар гарагт Канадын засгийн газар ижил хариу арга хэмжээ авчээ.
“АНУ цаашдаа Онтариотой тийм ч их худалдаа хийхгүй гэж бодож байгаа тул Онтарио нуурын нэрийг Америк нуур болгон өөрчлөх талаар нухацтай авч үзэх болно” гэж Трамп өчигдөр сошиал хуудсаараа мэдэгдсэн байна.
Онтарио бол Канадын хамгийн их хүн амтай муж бөгөөд тус улсын автомашин үйлдвэрлэлийн төв юм.
Онтарио нуур нь хойд талдаа Онтарио муж, урд талдаа АНУ-ын Нью-Йорк мужийн газар нутгаар хүрээлэгддэг.
Канадын ерөнхий сайд Марк Карни өөрийн өмнөд хөршийн найдвартай байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлэхдээ “АНУ-аас өөр найдвартай түншүүдийг дэлхийн хаанаас ч олж болно. АНУ болон Оросоос бусад” гэж хэлсэн юм.
Даваа гарагт Трамп дараа жилээс эхлэн Канадын автомашины үйлдвэрлэлд нэмэлт татвар ногдуулах төлөвлөгөөтэй байгаагаа анхааруулжээ.
“Канад улс олон жилийн турш АНУ-аас хулгайлж ирсэн” гэж тэр ингэхдээ мэдэгдсэн байна.
Онтарио мужийн захирагч Даг Форд саяхан хэвлэлд ярихдаа АНУ-ын дарамт шахалтад бууж өгөхийн оронд эдийн засгийн хүндрэлийг тэвчих канадчуудын хүсэл эрмэлзлийг Трамп дутуу үнэлж байгааг анхааруулжээ.
“Бид бүгд бэлэн байна. Хүн бүр эдийн засгийн дайнд бэлэн байна. Хүмүүс золиослол хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа” гэж Форд хэлсэн юм.
Трамп үүнд хариулахдаа Фордыг “талийгаач, аугаа Роб Форд ахынхаа сэтгэл татам чанар, оюун ухааны хаана нь ч хүрэхгүй хүн” гэж шүүмжлээд Канадын ерөнхий сайдыг “захирагч Карни” хэмээн дахин нэг доромжилсон байна.
Форд хариуд нь “Ингэж доромжилсноороо намайг хохирооно гэж бодож байна уу? За яах вэ, тэгвэл үргэлжлүүл, би бэлэн байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр цахилгаан эрчим хүч, ховор эрдэс бодисын нийлүүлэлтээ зогсоох зэрэг АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авах нэмэлт хувилбарууд бэлэн байгааг энэ үеэр илэрхийлсэн юм.
Ховор эрдэс бодисын нийлүүлэлт АНУ-ын үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй чухал асуудал байдаг. Байлдааны нисэх онгоц, пуужин, сум, электроник эд ангиудын үйлдвэрлэлд ашиглагддаг энэхүү түүхий эдийн хангамж Пентагонд маш чухал бөгөөд Трампын засаг захиргаа энэ тал дээр Хятадаас хараат байдлаасаа салахыг хичээж байгаа.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
