Францын парламент эдгэршгүй өвчтэй хүмүүсийн сайн дурын үндсэн дээр амиа егүүтгэх эрхийг зөвшөөрсөн хуулийг батлав
Францын хууль тогтоогчид Лхагва гарагт эдгэршгүй өвчтэй насанд хүрэгчдэд бусдын тусламжтай амиа егүүтгэх албан ёсны эрх олгох хуулийн төслийг баталснаар удаан үргэлжилсэн ёс зүй, улс төрийн маргаанд цэг тавьжээ.
Шинэ хуулийн дагуу үхлийн аюултай бодисыг маш өндөр шалгуураар өөрийн амьдралаа дуусгахыг хүссэн хүнд өгөх боломжтой болж байна. Уг бодисыг тухайн өвчтөн өөрөө хэрэглэх, хэрвээ бие махбодын хувьд боломжгүй бол эмч, сувилагч зэрэг бусад хүмүүсийн тусламжтай хэрэглэх ёстой ажээ.
Ийм замыг сонгох эрхийг амь насанд аюултай, эдгэршгүй өвчнөөр шаналж буй, уг өвчний улмаас бие махбодын болон сэтгэл санааны байнгын зовлон эдэлж байгаа, зөв мэдээллийн тусламжтай сонголтоо илэрхийлэх чадвартай насанд хүрсэн Францын иргэн, эсвэл Франц улсад хууль ёсоор оршин суугч бүр эдлэх боломжтой юм байна.
Парламентын доод танхимын эцсийн санал хураалтаар хуулийн төслийг 291 гишүүн дэмжиж, 241 гишүүн эсэргүүцжээ.
“Хувь хүний амь нас, зовлон шаналал, нэр төртэй холбоотой энэ эмзэг асуудлыг зөвхөн сонсож, хэлэлцэж, мэтгэлцэх замаар шийдвэрлэх ёстой байсан. 2022 онд би Францын ард түмэнтэй хамт энэ замыг бий болгох амлалт өгсөн. Би энэ амлалтаа ардчиллын зарчмыг бүрэн хүндэтгэх замаар биелүүллээ” гэж Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сошиал хуудсаараа мэдэгджээ.
Францын олон нийтийн дийлэнх хэсэг уг асуудалд нээлттэй хандаж байгаа нь судалгаануудаас харагддаг. Хоёрдугаар сард үр дүн нь нийтлэгдсэн Ifop санал асуулгад оролцогчдын 84 хувь нь сайн дурын үндсэн дээр амьдралаа дуусгах эрхийг дэмжиж байгаа нь харагджээ.
“Зовлон шаналлаасаа болоод юу ч хийж чадахгүй болохыг амьдрал гэж нэрлэж болох уу? Зовлон нь тэвчихийн аргагүй болж, найдвар тасарсны дараа хүмүүс хэзээ, хэрхэн үхэхээ өөрсдөө шийддэг байх ёстой” гэж Францын Нэр төртэй Үхэх Эрхийн Холбооны (ADMD) төлөөлөгч Анн Рейно хэлж байна.
Харин зарим анагаах ухааны болон шашны байгууллагын төлөөлөгчид хүний энэ эрхийг хуульчлах нь эмзэг бүлгийн хүмүүст дарамт учруулж болзошгүй хэмээн болгоомжилдог.
Тухайлбал Католик сүм хийд энэхүү хуулийг эсэргүүцэгчдийн нэг бөгөөд төслийг дэмжсэн хууль тогтоогчдод сүмийн ёслол үйлдэхээс татгалзахаа нэг дээд зиндааны санваартан анхааруулж байв.
Швейцар, Бельги, Нидерланд зэрэг Европын хэд хэдэн оронд бусдын тусламжтай амиа егүүтгэх эрхийг хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулсан байдаг.
АНУ-ын хэд хэдэн муж бас эдгэршгүй өвчтэй хүмүүст эмнэлгийн тусламжтай нас барахыг зөвшөөрсөн байдаг юм.
Францад батлагдсан хуулиар өвчтөн эхлээд эмчид хүсэлт гаргах ёстой бөгөөд эмч доод тал нь нэг эмч болон анагаах ухааны мэргэжилтэнтэй хамтран хүсэлтийг хянах ёстой.
Хэрвээ хүсэлт хуульд нийцсэн гэж үзвэл өвчтөнд шийдвэрээ дахин эргэцүүлэх хамгийн цөөндөө хоёр өдрийн хугацаа өгөх гэнэ.
Эмч хүсэлтийг биелүүлэхээс татгалзаж болох ч туслахад бэлэн байгаа өөр мэргэжилтнүүдийн нэрийг өвчтөнд өгөх ёстой юм байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
