Жил бүр Испанид болдог наадмын үеэр буханд мөргүүлж, бэртсэн хүмүүсийн тоо 57 хүрэв
Испанийн алдарт Сан Ферминий наадмын сүүлчийн өдөр буюу Мягмар гарагт улангассан бухнуудаас зугтсан хүмүүсээс 10 хүн бэртжээ.
Ингэснээр энэ жилийн наадмаар бэртэж, гэмтсэн хүмүүсийн нийт тоо 57 хүрсэн байна.
18 настай залуу гуяндаа мөргүүлж, 46 настай эр цээжиндээ хатгуулж цус алдсан бол үлдсэн найман хүн биеийнхээ янз бүрийн хэсэгт хөхөрсөн бэртэлтэй эмнэлэгт хүргэгджээ.
Тэдгээрийн дотор Их Британийн иргэн 86 настай эрэгтэй байсныг Наварре мужийн захиргаа мэдээлсэн байна.
Тулаанд оролцох зургаан бух болон тэднийг дагалдсан бусад бухнууд 875 метр орчим урт замыг туулахдаа ердөө хоёр минут хагас орчим хугацаа зарцуулдаг.
Бухнуудын гүйх нарийхан гудамжаар мянга гаруй хүн зугтаж, эр зоригоо шалгадаг уламжлалтай.
Жил бүрийн наадмаар найман өглөө дараалан уламжлалын дагуу хүзүүндээ улаан зангиа зүүсэн цагаан цамцтай эрчүүд Памплона хотын дундад зууны үеийн нарийн гудамжаар бухнуудаас зугтан гүйж, эр зоригоо шалгадаг.
Тэдэнд хүйсний шалгуур тавьдаггүй ч ихэнх нь эрчүүд байдаг юм.
Нэрт зохиолч Эрнст Хэмингуэй 1926 онд “The Sun Also Rises” романдаа Сан Ферминий наадмын талаар дүрслэн бичсэний дараа дэлхийн өнцөг булан бүрээс зорьж үзэх хүмүүсийн тоо нэмэгджээ.
Нутгийн иргэд бухнуудаас аюулгүй зугтах туршлагатай байдаг бол гадаадын жуулчид, анхлан оролцогчид гэмтэж бэртэх явдал түгээмэл байдаг.
Тухайн өдрийн өглөө уралдсан бухнууд үдээс хойш нь Испанийн шилдэг матадоруудтай олны өмнө тулалдаж, ихэнх нь алуулдаг юм.
Энэ жилийн наадмаар нийт 57 хүн бэртсэнээс дөрөв нь бухын эвэрт сүлбүүлсэн байна. Тэдний дундаас хамгийн ноцтой гэмтсэн нь нүүрэндээ сүлбүүлсэн 30 настай Испанийн иргэн байжээ.
57 хүний тав нь гадаадын иргэд байснаас Их Британийн хоёр, Австрали, АНУ, Германы харьяат тус бүр нэг байсан байна.
1911 оноос хойш Сан Ферминий наадмын тоо баримтыг бүртгэж эхэлсэн бөгөөд тэр үеэс хойш нийт 16 хүн амиа алдаж байжээ.
Хамгийн сүүлд 2009 онд хүзүү, зүрх, уушгиа бухын эвэрт сүлбүүлсэн 27 настай Испанийн иргэн амиа алдсан байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
