Алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating анх удаа Монголд дуулна
Дэлхий даяар 45 сая гаруй цомог борлуулж, 90-ээд оноос өнөөг хүртэл сая сая сонсогчдод танигдсан Boyzone хамтлагийн Ронан Китинг дуучныг түүний алдарт Notting Hill киноны "When You Say Nothing at All" дуугаар нь үзэгчид хамгийн сайн таних билээ.
Бие даасан карьерынх нь нэрийн хуудас болсон "Life Is a Rollercoaster", "If Tomorrow Never Comes" зэрэг хитүүдээ дуулахаас гадна "The X Factor", "The Voice Australia" зэрэг томоохон хөгжмийн шоуны шүүгч, радио хөтлөгч, жүжигчнээр ажиллаж байсан тэрбээр урлагийн салбарт өөрийн өнгө төрхөөр танигдсан нэгэн бөгөөд энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох KHARKHORUM visual art & music festival-д оролцохоор хүрэлцэн ирэхээр болжээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд KHARKHORUM visual art & music festival нь соёл урлаг, хөгжим, инновацыг нэг орон зайд нэгтгэсэн шинэ үеийн талбар болон өргөжин хөгжсөн. Харин энэ жилээс эхлэн зөвхөн хоёр өдрийн арга хэмжээ зохион байгуулаад дуусах бус, нийгэм болон соёлын салбарт урт хугацаанд үлдэх бодит үнэ цэнийг бүтээхийг зорин үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд хөгжмийн үзүүлбэрүүдээс гадна урлагийн инсталляц, бүтээлч хэлэлцүүлэг, залууст зориулсан инновацын воркшоп зэрэг олон талт жижиг хөтөлбөрүүдийг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн хөгжмийн үдэшлэг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хөтөлбөрийн хувьд хөгжмийн урсгалаар нь хоёр ангилжээ.
Эхний өдөр: Уламжлал болсон электрон хөгжмийн хөтөлбөрөөс DJ, продюсер 8Kays-ыг онцолж буй бол Билгүүдэй, Бодьхүү, Dott, Leafar Leagov, Ouissam болон b2b Emel зэрэг дотоод, гадаадын уран бүтээлчид багтаж байна.
Хоёр дахь өдөр: Монголын рок, поп болон инди хөгжмийн салбарт танигдсан Mohanik, Colors, Blindfold, Camerton хамтлагууд тайзнаа гарах бөгөөд фестивалийн гол зочин Ronan Keating-ийн тоглолтоор үргэлжилнэ.
Фестивалийн тасалбарыг дараах платформуудаас авах боломжтой:
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.facebook.com/Kharkhorum.festival фэйсбүүк хуудас руу холбогдоорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
