"Иргэд боломжтой хэмжээгээрээ газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирж болно. Гаалийн татварыг тэглэсэн"
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газарт даалгах тухай тогтоолын төслийг баталсан байна.
Тодруулбал шатахуун импортлох зөвшөөрөлтэй 200 орчим аж ахуйн нэгжийн 20 хүрэхгүй нь гаднаас шатахуун оруулж ирж чадаж байгаа ба бүгдэд нээлттэй байлгах хүсэлтийг их тавьдаг байна.
Иймд газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлуулсан ба иргэд газрын тосны бүтээгдэхүүнийг стандарт норм, аюулгүй байдлаа хангаад боломжтой хэмжээгээрээ хилээр оруулж ирж болно гэв. Үүнд гаалийн зүгээс хүндрэл үүсгэхгүй байх зохион байгуулалтыг яаралтай хийх чиглэл өгчээ.
Мөн бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг бүх боомтуудаар тэглэсэн байна.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор,
- Газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг түргэн шуурхай хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах
- Бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварын хувь, хэмжээг 2027 оны 02 дугаар сарын 01 хүртэл /0/ тэг хувиар тогтоох
- Гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх
- Хуульд заасан нөхцөл, шалгуурыг бүрэн хангасан зөвшөөрлийн хүсэлтийг хурдан, шуурхай шийдвэрлэж, зөвшөөрөл олгох
- Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн жагсаалтад тулгарч буй саадыг арилгах
- Шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг тус, тус холбогдох сайдуудад үүрэг болгов.
Шатахууны хангамжийг тогтворжуулах шуурхай штабаас хилээр орж ирж байгаа шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зарчмыг баримталж байгаа ба хязгаарлагдмал нөөцийг зөв зохион байгуулж оочир дарааллыг бууруулна гэв.
Улаанбаатар хотод:
- Наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын тэгш, сондгойгоор бензин олгоно.
- Саванд шатахуун олгохыг хориглоно.
- Нэг удаагийн цэнэглэлтэд 50,000 төгрөгийн хязгаарыг тавьж байгаа.
Уг зохицуулалтаас өмнө нь өдөрт 38,000 автомашиныг цэнэглэж байсан бол өчигдрийн байдлаар 115,000 автомашиныг цэнэглэсэн байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

