Италид санамсаргүй хаясан нэг сая еврогийн сугалааны тасалбарыг ачсан хог хаягдал дундаас амжилттай олжээ
Италийн орон нутгийн хог хаягдлын компани нэг сая евро ($1.15 сая) хожсон сугалааны тасалбар санамсаргүй байдлаар хаягдсаныг нэгэн эмэгтэйн хүсэлтээр амжилттай олж өгснөө Мягмар гарагт мэдээлжээ.
Ажилчид автомашинд ачсан их хэмжээний хог дундаас энэхүү азын тасалбарыг олсон нь “гайхамшигтай ховор тохиолдол” байсныг Италийн өмнөд бүсийн Пулия мужийн SANB компанийн захирал Роберто Никола Тоскано ярьсан байна.
Нэрээ нууцалсан азтан эмэгтэй байнга өөрийн дотнын хүмүүстэй холбоотой тоонуудаар сугалаанд оролцдог байжээ. Тэрбээр хамгийн сүүлд бөглөсөн сугалаагаа шалгахаар худалдаж авсан дэлгүүр дээрээ очсон байна. Хонжвор шалгадаг машин түүнд “хонжворыг олгох боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Учир нь уг автомат машин зөвхөн жижиг хэмжээний хонжворыг олгодог бөгөөд том хэмжээтэй бол буцаадаг юм байна.
Эмэгтэй үүнийг анзааралгүй тасалбараа дэлгүүрийн хогийн саванд хаяад гэртээ харьжээ.
Гэтэл гэрийнхэн нь түүнд байнга бөглөдөг тоонууд нь таарсныг хэлсэн байна.
Ямар хэмжээний мөнгө хожсоноо, ер нь азтан болсноо ч мэдээгүй эмэгтэй тэр даруй дэлгүүрт буцаж очиход хогийг нь хэдийнээ ачаад явсан байжээ.
Ингээд тэр SANB компанитай холбогдож, Тосканод учир байдлаа тайлбарлан тусламж гуйсан байна.
“Бид тасалбарыг олно гэсэн ямар ч итгэл найдваргүй байсан ч хог ачсан машиныг нь ядаж олохыг хичээсэн” гэж Тоскано ярьжээ.
Азаар тэд зөв автомашиныг олж, эрлийг эхлүүлсэн байна. Гэхдээ хог хаягдалд аюултай бодис байж болзошгүй үндэслэлээр мэргэжлийн байгууллагыг ажиллуулжээ. Ингээд бүтэн өдрийн турш ажилчид машины хогийг самнан шүүсний эцэст тасалбарыг бүрэн бүтнээр нь олсон байна.
Эмэгтэйд тасалбар олдсоныг утсаар хэлэхэд сэтгэл нь хөдлөөд уйлж байжээ. “Утсаар яриагүй, дэргэд нь байсан бол би түүнийг тэврэх байлаа” гэж Тоскано тухайн үед төрсөн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Пулия мужийн төв Бари хотын захад оршдог SANB компани төрийн өмчит компани тул бүх үйл ажиллагаа нь төсвийн зардлаар санхүүждэг. Тиймээс Тоскано хог шүүх ажлын зардлыг эмэгтэйгээр төлүүлэхээр урьдчилан тохиролцсон байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
