З.Мэндсайхан: Есдүгээр сард 2027 оны төсвийн төсөлтэй хамт 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болж, 2026 оны төсвийг тодотгох асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлого 14.6 их наяд төгрөг, зарлага 16.7 их наяд төгрөг байна. Урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ байдлаараа оны эцэст цалин тэтгэврээ тавих, төрөөс санхүүжүүлэх зардал дээр доголдол үүсэж болзошгүй учраас Засгийн газар зардлуудыг эрэмбэлж, хэмнэнэ.
Улсын төсвийн алдагдал үүссэн шалтгаан нь 2026 онд авах ёстой байсан татварыг 2025 онд урьдчилж аваад хэрэглэчихсэн. Энд нэг их наяд төгрөгийн алдагдал үүссэн. Мөн тавдугаар сард багш, эмч нарын цалингийн зөрүүг арилгахын тулд 820 тэрбум төгрөгийн алдагдал үүсгэсэн.
Иймээс төрийн байгууллагуудын тэмдэглэлт ой, баярыг хойшлуулахаас гадна хэмнэж болох зардлуудыг үйл ажиллагаанаас нь хэмнэнэ. Төсөв тодотгох гол шалтгаан нь багш, эмч нарын цалингийн нэмэгдэл байгаа. Түүнчлэн стратегийн хүнс нөөцлөхөд шаардлагатай арга хэмжээнд зарцуулах мөнгөн дүнг тодотголоороо оруулж ирнэ. Төсвийн тодотголыг есдүгээр сард 2027 оны төсвийн хуультай хамт Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барина. Бид зардлаа эрэмбэлж, хэмнэснээр эдийн засаг, төсвийн хямрал үүсэхээс сэргийлэх болно" гэлээ.
Стратегийн хүнс нөөцлөх арга хэмжээний тухайд тэрбээр "2027 оны хавар төв суурингийн газар улаанбуудай, хүнсний ногоо, махны хэрэгцээнд зориулж, нөөцлөхөд нийслэлтэй хамтран ажиллана. Мөн аж ахуйн нэгжүүдэд нөөц бүрдүүлэхэд нь зориулж эрчим хүчний тарифыг хөнгөлөх, стандартын шаардлага хангасан агуулах зоорь барихад нь зориулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бий болгохоор төсвийн тодотголдоо тусгана" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
