"Авлигын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж, нийгмийн сайн сайхны төлөө зориулах хуулийн төслийг боловсруулсан"
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас авлигын хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдэд зориулах утгатай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан энэхүү хуулийн төслийн талаар "Авлигын хөрөнгийг хурааж, ард иргэдийн нийгмийн сайн сайхны төлөөх санд зориулах тухай хууль тогтоомжийн шинэчилсэн анхдагч хуулийн төслийг үзэл баримтлалтай нь танилцууллаа. Энэ хууль нь 14 дагалдах хуулийн төсөлтэй байна.
Хуулийн төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар оруулж, хэлэлцүүлэхээр болсон" гэлээ.
Түүнчлэн тэрбээр "Үндсэн хуулиар олгогдсон шударгаар шүүлгэх, өмчлөх, өмчтэй байх эрх, өөрийн гэм буруугүйг нотлох эрх бий. Өмнөх хуультай холбоотой янз бүрийн санал шүүмж гарсан. Гэхдээ энэ удаагийн хуулийн онцлог нь зөвхөн хураагаад зогсох биш хураасан хөрөнгийг хэрхэх талаар юм. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, нуун дарагдуулсан бол түүнийг олж тогтоох, төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, авлигын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураах тухай юм. Ардчилсан улсад шүүх эрх мэдлийн байгууллагын оролцоогүйгээр хэний ч хөрөнгөд халдах эрх байхгүй. Тиймээс хуулийн төсөл дээр мэргэжлийн байгууллагуудын ажлын хэсэг гарч, холбогдох байгууллагуудын саналыг авч дүгнэлтээ боловсруулаад бэлэн болгосон.
Хэдийгээр шүүхээр шийдвэрлэгдэж, гэм буруутай нь тогтоогдсон ч завшсан, авлигын хөрөнгө мөнгө нь үлдэж байгааг дахин шүүхээр оруулж, улсын орлого болгоно гэдгээрээ өмнөх хуулийн төслөөс ялгаатай. Тухайлбал өнгөрсөн хугацаанд авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгтэй холбоотой 80 гаруй тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр тодорхойлогдсон ч 400 гаруй сая төгрөг нь л улсын санд төвлөрсөн.
Гэхдээ энэ бол зөвхөн албан тушаалтны авлигатай холбоотой асуудал. Шударгаар хөдөлмөрлөж, бизнес эрхэлж буй иргэдийн өмчлөх эрхэд халдахгүй" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
