"BC Game Esports" баг Esports World Cup 2026 тэмцээнд оролцох эрхийг нээлттэй сонгон шалгаруулалтаас авах боломжтой
Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike-2 тоглоомын төрлийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 12-ноос 23-ны хооронд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана.
Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж, аваргаа тодруулах юм. Өнгөрсөн жилийн аваргын цомыг өргөсөн манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцоно. Тэдний хувьд дэлхийн чансааны 15 дугаар байрт бичигдэж байгаа. Энэ тэмцээнд зайлшгүй сайн тоглож, ирэх саруудын тэмцээнд урилгаар оролцоход чухал нөлөө үзүүлэх юм.
Харин Senzu буюу М.Азбаяр, mzinho буюу Б.Аюуш нарын тоглож буй "BC Game Esports" баг тус тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор болоод байна. Esports World Cup 2026 тэмцээний үндсэн шатанд оролцох 32 багийн дөрвийг нь нээлттэй сонгон шалгаруулалтаас тодруулна.
Нээлттэй сонгон шалгаруулалтын тоглолтууд энэ долоо хоногийн Баасан гарагаас эхлэх бөгөөд 64 баг оролцохоор бүртгүүлж, 16 хэсэгт хуваагдан тоглоно. 16 хэсэг тус бүрийн эхний хоёр баг нь шөвгийн 32-т шалгарч, нугалааны зарчмаар хоорондоо өрсөлдөнө. Үүнээс шөвгийн дөрөвт шалгарсан багууд Esports World Cup 2026 тэмцээний үндсэн шатанд оролцох эрх авах учиртай.
"BC Game Esports" багийн хувьд нээлттэй сонгон шалгаруулалтын зургаадугаар хэсэгт багтсан бөгөөд энэ Баасан гарагийн 17:00 цагаас Украины BASEMENT BOYS багтай "Во3" журмаар тоглох хуваарьтай байна. Хэрэв тус тоглолтод ялалт байгуулбал шөвгийн 32-т шалгарахын төлөө тухайн өдрийнхөө 20:00 цагаас ОХУ-ын "1win" болон Францын "Citron" цагийн аль хожсонтой нь тоглоно.
Харин шөвгийн 32 багийн тоглолтууд энэ долоо хоногийн Ням гарагийн 17:00 цагаас эхлэхээр тэмцээн зохион байгуулагчид төлөвлөжээ. Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалт нь 100,000 ам.долларын шагналын сантай зохион байгуулагдаж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
