"Монголчууд тусгаар тогтнолоо сэргээж, Хаант орос улстай дипломат харилцаа тогтооход Финланд хүмүүс ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг"
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын зорилго, ач холбогдлын талаарх Олон улсын харилцаа судлаач нарын байр суурийг хүргэе.
Г.Тод: Монголчууд тусгаар тогтнолоо зарлаж, хүлээн зөвшөөрүүлэх тухай яриа хэлэлцээрийн ард финландчууд байсан гэдгийг тэр болгон мэддэггүй
Олон улсын харилцаа судлаач Г.Тод "Монгол, Финландын харилцааг дипломат харилцаа тогтоосон 1960-аад оноос эхтэй гэж боддог байх. Гэхдээ хоёр орны харилцааны эхлэлийг зөвхөн тэр үеэс тооцох нь өрөөсгөл. Улс төрийн гэхээсээ илүү хамтын ажиллагааны түүхийг сөхвөл тэртээ 1910-аад оноос эхэлдэг. Тухайлбал, 1910 онд Финландын эрдэмтэд Монголд анх очиж гэрэл зураг авч байсан түүхтэй. 1910 он буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд Богт Хаант улс байгуулагдсан. Тухайн үед Монголыг тусгаар тогтнолоо сэргээх, Хаант орос улстай дипломат харилцаа тогтооход финланд хүмүүс ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайн үед монголчууд тусгаар улсаа байгуулж, нийт есөн улсад ноот бичиг илгээсэн. Өөрсдийгөө Чин улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан баримт бичиг илгээх тухай зөвлөгөөг финландчууд бидэнд өгсөн байдаг. Тэр үеийн түүхэн баримтуудаас харахад Австри, Унгар, Америк, Япон, Англи, Герман, Франц улсуудад ноот бичиг илгээн, Монголын тусгаар тогтнолыг зарлан, хүлээн зөвшөөрүүлэх яриа хэлэлцээрийн ард финландчууд байсан гэдгийг тэр болгон мэддэггүй.
Хожим нь 1961 онд Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүнээс элсэж орсны дараа 1963 онд Финланд улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосноор нордикийн буюу скандинавын анхны улс болсон түүхтэй.
1960-аад он буюу Монгол Улс гадаад бодлогоо тэлэх гэж явсан тэр хүнд үед Финланд, Герман улсууд бидэнтэй ойр байж, бидний Европ руу гарах томоохон гарц болж өгч байсан. Тиймээс орчин цагийн Монголын гадаад бодлогод анхнаас нь хамт байсан гэж хэлэхэд буруудахгүй болов уу.
Энэ удаагийн айлчлалаас бид нэг зүйлийг түлхүү анхаарах хэрэгтэй санагдаж байна. Юу гэхээр Ерөнхийлөгчийн түвшний айлчлалаар Засгийн газар хоорондын болон эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зэрэг асуудал яригддаг байсан бол энэ удаагийн Европ болон нордикийн бүсэд хийж буй айлчлалаар боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай ярьж байна.
Европ дахинд Монголчууд гэхээр тал нутаг, нүүдэлчид, адуу малтай төсөөлөгддөг. Тэгвэл энэ удаагийн айлчлалын хүрээнд яригдсан нэг сэдэв нь Монгол судлалыг шинэ түвшинд гаргаж, ялангуяа Европ залууст монголчуудын түүх, соёл, үнэт зүйлийн талаар ойлголт өгөхийг зорьж байгаа нь өмнөх айлчлалуудаас ялгарах онцлог юм.
Мөн Финландын уугуул иргэд болох самичууд болон Монголын цаатнуудын асуудал яригдаж байна.
Финландад үндэсний цөөнх буюу сами үндэстэн гэж байдаг. Цаа бугыг аж амьдралдаа ашиглан, загас агнуур эрхэлдэг. Харин манайд цаатан үндэстэн бий. Гэхдээ сами болон цаатнуудын гарал үүсэл, хэлний угсаа язгуур нь өөр. Гаднаас нь харахад энэ хоёр үндэстэн цаа бугаас өөр зүйлээр холбогдохгүй мэт боловч уур амьсгалын өөрчлөлт гэдэг хүчин зүйлээр холбогдох болоод байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудал цаатан болон самичуудад адилхан тулгарч байгаа учраас асуудлуудаа хамтарч шийдэх боломжуудыг нээх талаар судалж болохоор байгаа.
Айлчлалын үр дүнг тодорхойлбол, Финландын зүгээс манайд нэлээн хэдэн санал тавьж байгаа нь бидэнд нааштай хандаж, хамтарч ажиллах сонирхолтой байгааг илтгэж байна. Ялангуяа боловсролын салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн.
Айлчлалын үр дүн бодитоор харагдталаа урт хугацаа шаарддаг учир бид хүлээж, ажиглах ёстой" хэмээн ярилаа.
Ё.Нурбулан: Финланд улс боловсролын салбарт жилд нэг иргэнд 14 мянган ам.доллар зарцуулдаг судалгаа бий
-Эдийн засгийн хувьд манай улс Финланд улстай хамтарч болох ямар боломжууд байна вэ гэж харж байна вэ?
-Финланд нь нордикийн болон Европын холбоонд эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлдэг улсуудын нэг. Аз жаргалын индекс, техник технологи зэрэг долоон чиглэлээр дэлхийд тэргүүлдэг.
Том зургаар нь яривал манай гадаад бодлогын чухал хөршүүдийн нэг гэж хэлж болно.
Судлаачийн хувьд нэн тэргүүнд боловсролын салбарт манай хоёр улс хамтарч ажиллах бүрэн боломжтой гэж харж байна. Финланд улс боловсролын салбарт жилд нэг иргэнд 14 мянган ам.доллар зарцуулдаг судалгаа бий. Энэ нь боловсролын салбарын хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх тал дээр хэрхэн анхаарч байгааг илтгэх тоо юм.
-Финланд улсын гадаад бодлого анхаарал татдаг. Жишээ нь сүүлд буюу 2023 онд НАТО-д элссэн гэхчлэн. Тэгвэл Финландын хувьд манай улстай харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхол нь юун дээр тогтож байна гэж харж байна вэ?
-Финланд нь ОХУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг улсуудын нэг. Тус улсын тэргүүлэх таван чиглэл нь батлан хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний хамгаалалт өндөр түвшинд тооцогддог. Мөн кибер аюулгүй байдал болон хэвлэлийн эрх чөлөөний индексээр Европт тэргүүлдэг онцлогтой орон.
Манай улс Финланд улстай дипломат харилцаагаа өргөжүүлснээр Монголын Европ дахь тэр дундаа нордикийн орнуудын харилцаанд ахиц гарц, олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Манай зүгээс тус улсад анх удаа 2010 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ улсад төрийн айлчлал хийснээр хоёр улсын хоорондын харилцааны суурь тавигдсан гэж хэлж болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
