Парисын ойролцоо гарсан зэвсэгт халдлагыг Макрон “арьс өнгөөр ялгаварласан, террорист үйлдэл” хэмээн буруутгав
Баасан гарагт Парисын захын дүүрэгт нэгэн этгээд машин дотроос гал нээсний улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан байна. Шархдагсдын дунд найман удаа буудуулсан 12 настай охин байгаа бөгөөд Францын ерөнхийлөгч уг хэргийг "арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй террорист халдлага" гэж нэрлэжээ.
Трапп хотын дарга Али Рабегийн мэдээлснээр уг этгээд Парисын баруун өмнөд захад орших ажилчдын хот болох Трапп болон хөрш зэргэлдээх Ла Верьер хотуудын гудамжаар машинтай явахдаа "цуст аллага үйлдэх зорилгоор тааралдсан хүмүүс рүү гал нээж" байсан гэнэ.
Хохирогчдын ихэнх нь өөр улс орноос гаралтай хүмүүс байсан тул прокурорууд уг халдлага "арьс өнгө, угсаа гарал, үндэстний харьяалал, эсвэл шашин шүтлэг"-т чиглэсэн эсэхийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хэргийн газар буюу Трапп хотод очих үеэрээ "Өнөөдөр энд болсон явдал бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй террорист халдлага байлаа" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр цааш нь "Энэ бол эргэлтийн цэг юм. Учир нь манай иргэд, хүүхдүүдийг арьс өнгө, эсвэл шашин шүтлэгийнх нь улмаас хөнөөх зорилготой террорист халдлага анх удаа гарч байна" гэж хэлжээ.
"Бүгд Найрамдах Улсын дотор үндэс сууриа тавьж буй, ийм үйлдлийг зөвтгөх үзэл санаанд бид огт бууж өгөхгүй” гэж Макрон анхааруулсан байна.
Ла Верьер хотын дарга Николя Дэнвиллийн мэдээлснээр найман удаа буудуулсан 12 настай охин "хүнд шархадсан" хэдий ч биеийн байдал нь тогтвортой байгаа гэнэ.
Уг хэрэгт холбогдуулан цагдаа нар сэжигтэн этгээд болох 39 настай эрэгтэйг ойролцоох Куаньер хотоос баривчилжээ.
Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр түүнийг баривчлах үед автомат буу болон нулимс асгаруулагч хийтэй гранатууд олдсон байна.
Тэрбээр мөн өөрийн амьдардаг орон сууцанд гурван ширхэг хийн баллон болон "цаг тохируулагчтай холбосон" цахилгаанаар ажилладаг тэсрэх төхөөрөмж бэлтгэсэн байжээ.
Прокурорууд уг хэргийг "террорист үйл ажиллагаатай холбоотой хүн амины хэрэг" гэж үзэн мөрдөн байцаалт эхлүүлснээ мэдэгдсэн байна.
Хотын дарга Рабегийн хэлснээр сэжигтэн машинаасаа эмх замбараагүй байдлаар гал нээсэн бөгөөд амиа алдсан хүн нь Африк гаралтай хүн байжээ.
Шархадсан хүмүүсийн нэг нь Умард Африкаас гаралтай хүн байсан байна. Ла Верьер хотод шархадсан хоёр хүн нь бас Африк гаралтай хүмүүс байсан гэнэ.
Францын дотоод хэргийн сайд Лоран Нюньес халдлагад өртсөн хоёр хотод очихдоо энэхүү халдлагыг "илэрхий террорист гэмт хэрэг" гэж нэрлэжээ.
Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр гэмт этгээд өглөөний 10:30 цагийн орчимд машин дотроосоо гал нээж эхэлсэн байна.
Ерөнхий сайд Себастьен Лекорню энэ хэргийг "маш ноцтой" гэж үзэж байгаа бөгөөд "аюулгүй байдлын алба болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын бүх нөөц бололцоог бүрэн дайчлан ажиллуулж байна" гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.
Энэхүү аллага нь Франц улс хурцадмал нөхцөл байдалд байгаа үед тохиож байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд амьжиргааны өртөг нэмэгдсэнийг эсэргүүцсэн томоохон жагсаалын үеэр үймээн самуун дэгдэж, сүүлийн жилүүдэд гараагүй ноцтой хүчирхийлэл болж өргөжсөн юм.
Энэ амралтын өдрүүдэд дахин эсэргүүцлийн жагсаал болох төлөвтэй байгаа тул өнгөрсөн долоо хоногийн турш олон хотод шөнийн цагаар хөл хорио тогтоож, цагдаагийн хүчийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
