Зэвсэгт дээрэмчдэд олзлогдсон цэргүүдээ аврахын тулд Эль Сальвадор улс тусгай хүчээ Хайти улсад илгээв

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Найиб Букеле

Төв Америкийн Эль Сальвадор улс Пүрэв гарагт тусгай хүчний 100 цэргээ Хайти улсад илгээжээ.

Тэдний зорилго нь саяхан зэвсэгт бүлэглэлүүдийн халдлагад өртөж, сураггүй алга болсон тус улсын дөрвөн цэргийн алба хаагчийг аврах явдал юм байна.

Эль Сальвадорын ерөнхийлөгч Найиб Букеле нисэхийн техникийн дөрвөн мэргэжилтнээ аврах тусгай ажиллагааг эхлүүлж буйгаа зарлаж, Хаитийн зэвсэгт бүлэглэлийн толгойлогчдод хандан Креол хэлээр хатуу анхааруулга өгснөөс хойш нэг хоногийн дараа тусгай хүчнийхэн хөдөлжээ.

"Бидэнд ганцхан зорилго бий: улсынхаа дөрвөн иргэнийг ямар ч гэмтэл бэртэлгүйгээр, амьд мэнд эх оронд нь авчрах. Бид Эль Сальвадор дахь гэмт хэргийн бүлэглэлүүдийг аль хэдийн дарж чадсан, та нарыг ч бас дарж чадна” хэмээн Лхагва гарагт Букеле сошиал хуудсандаа бичсэн юм.

Букелегийн мэдээлснээр Хайтийн зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх НҮБ-ын дэмжлэгтэй хүчний бүрэлдэхүүнд багтаж байсан дээрх дөрвөн цэрэг Ням гарагт хүнс худалдаж авахаар явж байхдаа отолтод орж, барьцаалагдсан юм байна.

НҮБ-ын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин Пүрэв гарагийн орой товч мэдэгдэл гаргахдаа Эль Сальвадороос ирсэн "цэргийн бүлэг" халдлага болсон бүс нутагт "эрэн хайх болон аюулгүй байдлыг хангах ажиллагааг дэмжихээр" хүрэлцэн ирснийг дурджээ.

Хайтийн засгийн газар Лхагва гарагийн орой сураггүй алга болсон дөрвөн цэрэг барьцаалагдсан болохыг баталсан байна.

​​Энэ нь Ням гарагт Круа-де-Буке бүсэд уг халдлага болсноос хойш тус улсын засгийн газраас гаргасан анхны мэдэгдэл байлаа.

Албаныхны мэдээлснээр цэргүүд хуягласан тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зэвсэгт бүлэглэлийнхний гал болон тэсрэх бөмбөгийн халдлагад өртсөн байна.

Энэ бол Хайтийн зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх олон улсын хүчин үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш гарсан анхны томоохон халдлага юм.

Өмнө нь Кени улсын тэргүүлсэн Африкийн орнуудын хамтарсан хүч дэг журам тогтооход нь туслах зорилгоор Хайтид ирсэн ч амжилт олоогүй тул тэднийг НҮБ-ын дэмжлэгтэй олон улсын өөр хүчээр солиод байгаа.

Энэхүү халдлага нь "Чен Мекан" бүлэглэлийн хяналтад байдаг нутаг дэвсгэрт болсон бөгөөд үүнээс баруун зүгт хамаагүй илүү хүчирхэг, зэвсгийн хүч ихтэй "400 Мавозо"  бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг.

Халдлагын хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байгаа бөгөөд дээрх бүлэглэлүүдийн аль нь ч энэ талаар ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна.

Лхагва гарагийн орой халдлага болсон газраас холгүй орших нутаг дэвсгэрийг хянадаг "Крисла" хэмээх бүлэглэлийн толгойлогч нэгэн видео бичлэг сошиал сүлжээнд нийтэлжээ. Тэрбээр уг бичлэгтээ Букеле (Эль Сальвадорын ерөнхийлөгч) болон үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний талаар дурдсан байна.

"Тэд биднээс илүү том зэвсэг, дэвшилтэт технологитой ч бид эцсээ хүртэл тэмцэх болно. Бид Букелег энд ирэхийг, эсвэл цэргүүдээ илгээхийг хүсээгүй. Букеле өөрийн цэргүүдийн амийг эрсдэлд оруулан байж, өөрийн мөнгө хөрөнгийг хамгаалахын тулд л энд ирж байна” гэж тэр хэлжээ.

Карибын тэнгисийн арал улс Хайтийн нийслэл Порт-О-Прэнс хот 2020 оноос хойш орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүд болон засгийн газрын хүчний тулааны талбар болсон юм. 2023 оны байдлаар зэвсэгт бүлэглэлүүд тус хотын 90 хувийг хянаж байжээ.

Сүүлд Хайтийн засгийн газар дэг журам тогтооход олон улсын дэмжлэг хүссэний дагуу НҮБ олон улсын хамтарсан хүчийг зохион байгуулж, илгээсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press