Умард Солонгосын инженер Өмнөд Солонгосын компанид хуурамч нэрээр ажилд орсон хэргийн талаар анх удаа зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага тус улсын компанид хуурамч нэрээр ажилд орсон байж болзошгүй Умард Солонгосын мэдээллийн технологийн ажилтнуудыг шалгаж эхэлжээ. Энэ нь ийм төрлийн хэргийг Өмнөд Солонгосын эрх баригчид олон нийтэд ил болгосон анхны тохиолдол болж байгаа юм.

АНУ-ын засаг захиргаа өмнө нь зайнаас ажиллахтай холбоотой ийм залилангийн үйлдлүүдийг илрүүлж, эдгээрийг зогсоох томоохон арга хэмжээ авч эхлээд байгаа.

Пёняны дэглэм мэргэжилтнүүдээ ийм аргаар гадаадын компаниудад ажиллуулж, олсон орлогоор нь цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрөө санхүүжүүлдэг байж болзошгүй гэж үздэг.

Цагдаагийн байгууллагаас Пүрэв гарагт мэдээлснээр өнгөрсөн онд Умард Солонгосын нэгэн мэргэжилтэн хуурамч мэдээлэл ашиглан ажилд орсон сэжигтэй тохиолдлыг илрүүлжээ.

Тухайн этгээд Өмнөд Солонгосын хувийн хэвшлийн компанид ажилд орж, программ хангамж хөгжүүлэх үүрэгтэй ажиллаж байсан гэнэ.

Цагдаа нар түүнд төлсөн цалин хөлсний хэмжээ, мөнгө шилжүүлсэн арга замыг мөрдөн шалгахын зэрэгцээ цаана нь зохион байгуулалттай сүлжээ байгаа эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Долдугаар сард Өмнөд Солонгос, АНУ, Япон зэрэг 11 улс хамтарсан мэдэгдэл гаргахдаа Умард Солонгос цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд чадварлаг IT (Information Technology) мэргэжилтнүүдийн сүлжээг ашиглаж байгааг анхааруулж байв.

Уг мэдэгдэлд дурдсанаар "Умард Солонгосын IT мэргэжилтнүүд ажилд зуучилдаг хувийн компаниудын цахим платформуудаар дамжуулан өөр улсын иргэний дүрээр ажилд орж, орлого олдог" байна.

Тэд өөрсдийн хэн болохыг нуун дарагдуулж, үйл ажиллагаагаа дэлхий даяар өргөжүүлэхийн тулд хиймэл оюун ухаан зэрэг илүү боловсронгуй аргуудыг ашигладаг болсон гэнэ.

Мөн эдгээр ажилтнууд компанийн дотоод мэдээллийг хулгайлах, криптовалют хулгайлах зэргээр тухайн компаниудад аюул учруулж болзошгүйг мэдэгдэлд онцолжээ.

Дөрөвдүгээр сард цахим орчинд нэгэн бичлэг тархсан нь олны анхаарлыг татсан юм. Уг бичлэгт хуурамч нэрээр ажилд орохыг хүссэн Умард Солонгосын иргэн байж болзошгүй нэгнээс ажлын ярилцлагын үеэр удирдагч Ким Жон Уныг доромжлохыг хүссэн байв.

Тухайлбал ярилцагч түүнээс Ким Жон Уныг “бүдүүн, муухай гахай” гэж нэрлэхийг хүсэхэд ажил горилогч асуултыг ойлгохгүй байгаа мэт дүр эсгэсний дараа видео дуудлагаа тасалсан байна.

Энэ сарын эхээр АНУ-ын хууль зүйн яам Умард Солонгосын мэдээллийн технологийн ажилтнуудын алсын зайнаас ажиллах луйврын эсрэг хамтарсан ажиллагааны үр дүнг зарласан юм.

Энэхүү ажиллагааны хүрээнд Умард Солонгосын мэргэжилтнүүдийн газарзүйн байрлалыг нууцлахад ашиглагддаг зөөврийн компьютерын нууц фармуудыг илрүүлжээ.

Тухайлбал Техас муж даяар 40 гаруй ийм фарм илрүүлж, тэдгээрээс АНУ-ын 70 гаруй компанид ажилтан шургуулахад ашиглаж байсан 187 зөөврийн компьютерыг хураасан байна.

"Умард Солонгосын дэглэм Америкийн компаниудад нэвтэрч, дэглэм болон түүний зэвсгийн хөтөлбөрүүдэд орлого оруулахын тулд хулгайлагдсан мэдээллийг ашиглан алсын зайнаас мэдээллийн технологийн ажилтнуудыг байршуулсаар байна" гэж Холбооны Мөрдөх Товчооны кибер хэлтсийн туслах захирал Бретт Лезерман мэдэгджээ.

"Энэхүү мөрдлөг нь ердийн залилангаас хамаагүй илүү өргөн хүрээтэй ажиллагаа юм. Энэ бол дайсагнагч гадаадын дэглэм Америкийн компаниудад хулгайлагдсан мэдээлэл болон манай хил доторх нууц хандалтын цэгүүдийг ашиглан нэвтэрсэн хэрэг юм. Бидний илрүүлсэн зөөврийн компьютерын фарм бүр Умард Солонгосын дэглэм дэлхийн тогтвортой байдалд заналхийлж буй зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашигладаг орлогын урсгалыг хааж байна" гэж Техас мужийн прокурор Райан Рэйболд хэлсэн юм.

 

Эх сурвалж: Korea Times