АНУ-ын тэргүүн хатагтайн зуучилснаар дайтагч талууд эзлэгдсэн Украины хотод гал зогсоох тохиролцоонд хүрчээ
Украины өмнөд бүсэд оршдог, Оросын хяналтад буй Олешки хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн хэмжээнд гал зогсоох тохиролцоонд хүрэхэд АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп зуучилсан тухай Цагаан ордон Баасан гарагт мэдээлжээ.
Ирэх Пүрэв гараг буюу аравдугаар сарын 29-нөөс эхлэн Орос, Украины иргэний нийгмийн төлөөлөгчид Олешки хотод үлдсэн 2,000 орчим оршин суугчтай уулзаж, тэдэнд ямар тусламж хэрэгтэй байгааг тодорхойлох юм байна. Цагаан ордны мэдээлснээр тэнд үлдсэн хүмүүсийн дийлэнх нь ахмад настнууд бөгөөд мөн 50 орчим хүүхэд хотоос гарч чадаагүй байгаа гэнэ.
Меланиа Трамп мэдэгдэлдээ "Нүүлгэн шилжүүлэх хүсэлтэй оршин суугчдад дэмжлэг үзүүлж, хүссэн газарт нь хүргэх тээврийн хэрэгслээр хангах болно. Тэдний зарим нь Орос руу, харин зарим нь Украин руу явахыг хүсэх байх гэж бодож байна" хэмээн дурджээ.
Тэргүүн хатагтай өөрийнх нь оролцооны үр дүнд Орос, Украины талууд уг үйл явцын техникийн нөхцөлүүдийг хангах, тэр дундаа их хэмжээний тэсрэх бөмбөгөөр дүүрсэн замуудыг цэвэрлэхэд (минагүйжүүлэх) ажиллах багууд томилсныг мэдээлсэн байна.
Кремль гал зогсоох тохиролцоонд хүрснийг баталгаажуулсан бөгөөд Орос, Украины цэргийнхэн уг тохиролцоог хэрэгжүүлэх хугацааг товлохоор ажиллаж байгааг мэдэгджээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Бид АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын хүчин чармайлтыг сайшааж байна. Тэрбээр хүмүүнлэгийн ажиллагааг зохицуулахад чухал хувь нэмэр орууллаа" гэж хэлсэн байна.
Украины хяналтад буй Херсон хотоос холгүй, Днепр мөрний нөгөө эрэгт орших Олешки хот нь 2022 онд дайн эхэлснээс хойш Оросын хяналтад байгаа юм.
Москва, Киев хоёр аль аль нь тус хотын оршин суугчдад тусламж, хангамж хүргэхэд саад болж байгаа хэмээн харилцан нэгнээ буруутгадаг бөгөөд одоо Украины зэвсэгт хүчин уг хотыг эргүүлэн авахаар тулалдаж байна.
Үүнээс өмнө Кремль мэдээлэхдээ ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцах үеэрээ Олешки хотын нөхцөл байдлыг хөндөж, Оросын Хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар тус бүс нутагт хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж байгааг дурдсан гэжээ.
Тэр бас тус хотод хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрсний бурууг Украины талд тохсон байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
