Украины нисгэгчгүй онгоцнууд Орос даяар Wildberries компанийн агуулахууд руу довтлох үеэр таван хүний амь үрэгджээ
Мягмар гарагийн шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд Орос даяар олон тооны байгууламжуудад довтолсны хоёр нь онлайн худалдааны Wildberries компанийн агуулах байжээ.
Сүүлийн хоёр долоо хоногийн турш бараг өдөр бүр халдлагад өртөж буй тус компани Ленинград мужийн баруун хойд хэсэгт оршдог нэг агуулах, Москвагаас баруун хойд зүгт, Тверь мужийн нутагт оршдог бас нэг агуулах дроны цохилтод өртөж, шатсаныг мэдээлсэн байна. Гэхдээ хүний амь нас, эрүүл мэнд хохироогүйг баталжээ.
Оросын өөр нэг жижиглэн худалдааны сүлжээ Лента дроны цохилтод Ленинград мужид оршдог ложистикийн төв нь өртөхөд нэг хүн шархадсаныг мэдээлсэн байна.
Харин 22 сая орчим хүн оршин суудаг Москва мужийг чиглэсэн дроны дайралтад Чехов хотын нэг агуулах өртөхөд таван хүн амиа алджээ.
Агуулах хэний эзэмшил болохыг дурдаагүй мужийн захирагч Андрей Воробьёв өөр 10 хүн шархадсаныг мэдээлсэн байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам Мягмар гарагийн шөнө Орос даяар, эзлэгдсэн Крымийн хойгт нийтдээ 320 дроныг устгаснаа мэдээлжээ.
Долдугаар сарын дунд үеэс хойш Украины тал Wildberries компанийн 20 гаруй ложистикийн байгууламжид халдаад байна.
Тус компанийг Оросын армийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, дроны эд анги нийлүүлдэг гэж Киевийн эрх баригчид буруутгадаг.
Үүний улмаас Оросын хамгийн том онлайн худалдааны компани бараа хадгалах багтаамжийнхаа томоохон хэсгийг алдаж, жижиглэн худалдаа эрхлэгч харилцагчдадаа олон зуун тэрбум рублийн хохирол учруулаад байна.
Үүнтэй холбоотойгоор Wildberries 260,000 метр квадрат талбайтай агуулах нутаг дэвсгэрт нь шинээр байгуулахаар төлөвлөж буйг Казахстаны эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Уг бүтээн байгуулалт 2027 оны эхээр дуусах гэнэ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
