Ираны эсрэг дайнд АНУ алсын тусгалын пуужингийнхаа нөөцийн ихэнхийг ашиглаж дуусгасныг эх сурвалжууд мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ираны эсрэг явуулсан дайны таван сарын хугацаанд АНУ-ын зэвсэгт хүчин алсын тусгалын өндөр нарийвчлалтай пуужингийн нөөцийнхөө ихэнх хэсгийг ашиглаж дуусгасныг албаны гурван эх сурвалж мэдээлжээ.

Эдгээр нь голдуу газар-газар ангиллын зэвсгүүд болох ATACMS (Army Tactical MIssile Systems) болон PrSM (Precision Strike Missiles) төрлийн пуужингууд гэнэ.

Эдгээр зэвсгийн нөөц “бараг бүрэн” ашиглагдсаныг хоёр тусдаа эх сурвалж баталжээ.

Нэг бүр нь $1 сая гаруй үнэтэй ийм зэвсэг аюулгүй зайнаас дайсны байрлалд өндөр нарийвчлалтай цохилт өгөх боломж олгодог.

PrSM нь ATACMS-ийг орлох илүү дэвшилтэт шинэ зэвсэг юм.

Хэрвээ үнэхээр алсын тусгалын зэвсгийн нөөц огцом багассан бол Иранд дахин довтлохдоо ерөнхийлөгч Трамп нисгэгчтэй онгоцоор бөмбөгдөх илүү эрсдэлтэй хувилбарыг сонгоход хүрч болзошгүй.

Дээрх эх сурвалжууд АНУ-ын нөөцөд хэр хэмжээний зэвсэг үлдсэнийг хэлэхээс татгалзжээ.

Трамп хоёрдугаар сарын сүүлээр Израильтай хамтран Иранд довтлохдоо дайныг богино хугацаанд дуусгах төсөөлөлтэй байсан.

Гэвч таван сар үргэлжилж, пуужингийн нөөцийг багасгасан нь Орос, Хятад зэрэг өрсөлдөгчийг зогсоох АНУ-ын чадавхыг хязгаарлаж болзошгүйд санаа зовж байгаагаа эх сурвалжууд илэрхийлжээ.

Харин энэ асуудалд ойр ажилладаг албаны дөрөв дэх эх сурвалж АНУ нөөцөө богино хугацаанд нөхөх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Зэвсгийн нөөцийн талаар тодруулахад Цагаан ордны хэвлэлийн алба “АНУ дэлхийн аль ч улсаас илүү их зэвсгийн нөөцтэй, нөөцийн хэмжээ хэрэгцээнээсээ хамаагүй өндөр” гэсэн хариу өгчээ.

“Манай батлан хамгаалах салбарын компаниуд одоогоор үйлдвэр, тоног төхөөрөмжөө тултал нь өргөтгөж байгаагаас гадна өмнө нь хэзээ ч үйлдвэрлэж байгаагүй их хэмжээний зэвсэг үйлдвэрлэж байна” гэж Трамп бас мэдэгдсэн юм.

ATACMS, PrSM, мөн баллистик пуужинг эсэргүүцэгч THAAD системийг үйлдвэрлэдэг Lockheed Martin компани Трампын мэдэгдлийн талаар тайлбар өгөөгүй байна.

Tomahawk, Patriot пуужингуудыг үйлдвэрлэдэг Raytheon компани ч бас ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл энэ талаар асуухад “Америкийн арми бол дэлхийн хамгийн хүчирхэг арми бөгөөд ерөнхийлөгчийн сонгосон цаг хугацаа, байрлалд гүйцэтгэхэд шаардлагатай бүх зүйл бий. Бид АНУ-ын ард түмэн, ашиг сонирхлыг хамгаалах чадвартай байгаа эсэхээ батлахын зэрэгцээ олон байлдааны ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд байна” гэж мэдэгджээ.

Алсын тусгалын зэвсгээс гадна хамгаалалтын зэвсгийн нөөц ч дундарч байгаа гэсэн мэдээлэл бий.

Өнгөрсөн долоо хоногт CSIS (Center for Strategic and International Studies) хүрээлэн энэ оны хоёроос долдугаар сарыг хүртэл хугацаанд АНУ-ын Patriot амдан устгагч пуужингийн 65 хувь ашиглагдсан, THAAD баллистик пуужин амдан устгагч пуужингийн нөөц дайн эхлэхийн өмнөх үетэй харьцуулахад 38 хувиар багассаныг мэдээлсэн юм.

Эдгээр нь дайсны пуужинг амдан устгах зориулалттай зэвсгүүд бөгөөд энэ ангилалдаа хамгийн шилдэгт тооцогддог.

 

Эх сурвалж: Reuters