Ким Жон Ун хил дамнасан шинэ гүүрийг нээх зорилгоор Хятад улсад айлчилжээ
Бямба гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр улсыг холбосон шинэ гүүрийг нээхээр Хятад улсад айлчилжээ. Тэрбээр энэ үеэрээ хүчирхэг хөрштэйгөө хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Ким Жон Уны энэхүү айлчлал нь түүний гадаад бодлого улам бүр идэвхтэй, шийдэмгий болж буйг харуулж байгаа юм. Тэрбээр өөрийн улсыг Бээжин, Москватай нэгтгэж, АНУ-ын эсрэг нэгдсэн фронт байгуулахыг зорьж байгаа бөгөөд үүнийгээ "шинэ хүйтэн дайн" гэж тодорхойлж байна. Энэ нь Ким Жон Уны сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн анхны гадаад айлчлал юм.
Умард Солонгосын асуудлыг хариуцдаг Өмнөд Солонгосын нэгдлийн яам болон Хятадын албан ёсны Шиньхуа агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун шинээр нээгдсэн гүүрээр дамжин Хятадын хил орчмын Даньдун хотод хүрэлцэн иржээ.
Тэрбээр Хятадын Коммунист Намын Байнгын хорооны гишүүн Ван Хунинтай энэ үеэрээ уулзсан байна. Тэд автомашины үйлдвэртэй танилцаж, хоёр талын харилцааг бэхжүүлэхээ амлацгаажээ.
Шиньхуа агентлагийн мэдээлснээр Ким Жон Ун хэлэхдээ БНАСАУ нь "Хятад улстай хамтран түүхэн найрамдлаа үргэлжлүүлэн хөгжүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Ингэснээр хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөж авчрах болно" гэсэн байна.
Ван Хунин нээлтийн дараа Ким Жон Уныг гүүр хүртэл дагалдан явж, үдэн гаргажээ. Умард Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүд Ким Жон Уны айлчлалын талаар одоогоор мэдээлээгүй байна.
Шинэ Ялу голын гүүр энэ сард нээгдсэн нь Умард Солонгос болон Хятадын харилцаа бэхжиж буйн гол илрэл бөгөөд худалдааг өргөжүүлэх хүсэл эрмэлзлийг нь харуулж байгааг шинжээчид онцолжээ. Уг гүүр нь чингэлэг тээвэр болон хүнд даацын ачааны автомашинуудыг багтаасан хоёр чиглэлийн хөдөлгөөнийг 24 цагийн турш нэвтрүүлэх боломжтой юм.
Ким Жон Ун сүүлийн жилүүдэд ОХУ-тай харилцаагаа илүү чухалчилж байсан ч саяхнаас уламжлалт гол холбоотон бөгөөд эдийн засгийн гол тулгуур болсон Хятад улстай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэх болсон. Тэрбээр ерөнхийлөгч Владимир Путины өдөөсөн Украины дайнд дэмжлэг үзүүлэх зорилгоор олон мянган цэрэг, уламжлалт зэвсэг техник илгээсэн бөгөөд үүнийхээ хариуд зэвсгийн технологи, эдийн засгийн дэмжлэг авсан гэгдэж байгаа.
Энэхүү айлчлал нь 1950 оны аравдугаар сард Хятадын цэргүүд Ялу голыг гатлан Умард Солонгост нэвтэрсэн түүхт өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа болж байна.
Бас Солонгосын дайны үеэр Хятадын армийн байгуулсан анхны томоохон ялалтын ой (аравдугаар сарын 25) ойртож буй энэ үед Бээжинтэй тогтоосон харилцааныхаа бат бөх байдлыг онцлон харуулах зорилготой айлчилсан бололтой.
Дайн 1950 оны зургаадугаар сард Умард Солонгосын цэрэг Өмнөд Солонгос руу гэнэт довтолсноор эхэлсэн бөгөөд үүний хариуд АНУ-ын тэргүүлсэн, НҮБ-ын эвсэл хөндлөнгөөс оролцож, уг довтолгоог няцаасан юм. Умард Солонгосыг голчлон Хятадын цэргүүд дэмжиж, тухайн үеийн ЗХУ-ын агаарын цэргийн хүчин ч туслалцаа үзүүлж байв. Улмаар 1953 онд гал зогсоох хэлэлцээр байгуулагдсанаар дайн дууссан ч Солонгосын хойг хууль эрх зүйн хувьд дайны байдалтай хэвээр үлдсэн билээ.
Шиньхуа агентлагийн мэдээлснээр Бямба гарагт Ким Жон Ун айлчлалынхаа үеэр дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн байна.
Хятад улсын дарга Ши Жиньпин өнгөрсөн зургаадугаар сард Пёнян хотод айлчилж, Кимтэй уулзсан юм. Уулзалтын үеэр Ши Жиньпин худалдаа, хөдөө аж ахуй, барилга, технологийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Бээжин бэлэн байгааг илэрхийлсэн бол Хятад улстай харилцах харилцааг стратегийн нэн тэргүүний зорилт гэж Ким тодорхойлж байв.
Ким Жон Ун хамгийн сүүлд 2025 оны есдүгээр сард Бээжинд айлчилж, Ши Жиньпинтэй уулзахын зэрэгцээ Владимир Путин болон бусад гадаадын удирдагчидтай хамт цэргийн парад үзэж сонирхсон юм.
Тэрбээр Өмнөд Солонгосын эсрэг хатуу байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс тавьсан дипломат яриа хэлэлцээг сэргээх саналыг одоогоор хүлээж аваагүй байна. Кимийн засаг захиргаа Вашингтоныг "дайсагнасан бодлого"-оосоо татгалзаж, яриа хэлэлцээг сэргээх урьдчилсан нөхцөл болгон тавьж буй Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах шаардлагаа цуцлахыг шаардсаар ирсэн билээ.
Эх сурвалж: Asssociated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
