Зөвхөн эрэгтэй залгамжлагчийг хаан ширээнд залах шинэчилсэн хууль Японд үйлчилж эхэллээ
Японы эзэн хааны гэр бүлийн тухай хуульд оруулсан зөвхөн эрэгтэй хүн хаан ширээг залгамжлах уламжлалыг дахин баталгаажуулсан нэмэлт өөрчлөлтүүд Бямба гарагаас эхлэн хүчин төгөлдөр болжээ.
Гэхдээ эдгээр шинэ өөрчлөлтүүд нь Японы 1,500 жилийн түүхтэй хаант засаглалд түүхэн өөрчлөлт авчрах төлөвтэй байна.
Өөрчлөлтүүдийн хүрээнд эзэн хааны гэр бүлийн холын хамаатан, энгийн иргэдийн дунд өссөн эрэгтэй хүмүүсийг хааны гэр бүлд өргөж авах (ингэснээр тэд ирээдүйн залгамжлагчдын эцэг болох боломжтой болно), мөн гүнж нар энгийн иргэнтэй гэрлэснийхээ дараа ч хааны гэр бүлийн гишүүн хэвээр үлдэх боломжийг олгожээ.
Гэвч шинэчилсэн хууль нь эзэн хаан Нарухитогийн охин, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн 24 настай гүнж Айког хаан ширээг залгамжлагч болох эрхгүй болгож байгаа бөгөөд түүний ирээдүйд төрж болзошгүй хүүхдүүд ч хааны гэр бүлийн гишүүн болох боломжгүй болж байна.
Шүүмжлэгчид эдгээр өөрчлөлтийг гэр бүлийн гарал үүсэл эсвэл хүйсийн шинжээр нь ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа бөгөөд хааны гэр бүлийн залуу гишүүдэд эрэгтэй хүүхэд төрүүлэх дарамт учруулж байна хэмээн шүүмжилжээ.
Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас мэдээлснээр албаны хүмүүс эдгээр арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар судалж байгаа гэнэ.
Зөвхөн эрэгтэй хүн залгамжлах дүрэм үйлчилж байгаа тул хаан ширээг залгамжлах эрх нь эзэн хааны дүү Акишино, түүний дараа 20 настай зээ хүү, хунтайж Хисахито нарт шилжихээр байна. Тэдний дараа эзэн хааны 90 настай авга ах залгамжлах дараалалд бичигджээ.
Шинэчилсэн хуульд зааснаар эзэн хааны гэр бүлтэй холын хамааралтай (зөвхөн эцгийн талын), 15 ба түүнээс дээш насны, гэрлээгүй эрэгтэй хүмүүсийг хааны гэр бүлийн ойр төрөлд өргөж авахыг зөвшөөрсөн байна.
Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 1947 онд хааны гэр бүлийн статусаасаа татгалзсан гэр бүлүүдээс боломжит нэр дэвшигчдийг хайх ажээ. Тухайн үед дайны дараах хаант засаглалын санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх зорилгоор ийм шийдвэр гаргаж байсан юм. Тухайн үед статусаа орхисон 11 гэр бүлээс одоо дөрөв нь үлдээд байгаа боловч тэд 600 жилийн өмнө нийтлэг өвөг дээдсээс салбарласан тул эзэн хаан Нарухитотой дор хаяж 36 үеийн зайд холджээ.
Консерватив үзэлтэй судлаачдын хэлж буйгаар боломжит нэр дэвшигчид цөөнгүй байгаа ч одоогоор хэн ч сайн дураараа гарч ирээгүй бөгөөд цаашид ч хэн нэгэн зөвшөөрөх эсэхэд олон хүн эргэлзэж байна. Мөн шийдвэр гаргах үйл явц ил тод бус байгаа нь шинжээчдийн зүгээс асуудал дагуулж байгаа гэнэ.
Өмнө нь хааны гэр бүлийн гүнжүүд жирийн иргэнтэй гэрлэх тохиолдолд хааны гэр бүлийн гишүүн байх эрхээсээ татгалзаж, гэр бүлээ орхих шаардлагатай болдог байв. Хамгийн сүүлд Нарухито эзэн хааны хоёр зээ охины нэг болох Мако ийм алхам хийсэн бөгөөд тэрээр 2021 онд их сургуулийн найз залуутайгаа гэрлэж, АНУ руу нүүжээ. Түүний нөхөр одоо тэнд хуульчаар ажиллаж байна.
Харин одоо Айко гүнж болон түүний үеэл 31 настай Како гүнж зэрэг гэрлээгүй таван гүнж гэрлэхдээ хааны гэр бүлийн гишүүн хэвээр үлдэх эсэхээ өөрсдөө шийдэх боломжтой болжээ.
Энэхүү өөрчлөлт нь эзэн хааны удмынхан хөгширч, тоо толгой нь цөөрч буй энэ үед эмэгтэй гишүүдийг гэр бүлээ орхихоос сэргийлэх, улмаар тэдэнд ажил хөдөлмөрөө эрхлэхийн зэрэгцээ албан ёсны үүргээ гүйцэтгэхэд нь туслах зорилготой юм.
Гэвч хуульд тэдний нөхөр болон хүүхдүүдэд хааны гэр бүлийн гишүүний статус олгох заалт байхгүй тул энэ өөрчлөлтийн үр нөлөө хязгаарлагдмал байна гэж шинжээчид үзэж байна.
Энэхүү шийдвэр нь хуримын ёслол, гэрлэсний дараа гүнжүүд хаана амьдрах, мөн нөхөр болон хүүхдүүд нь гүнжүүдийн албан ёсны үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаанд хамт оролцож болох эсэх зэрэг олон асуулт, санаа зовнилыг төрүүлж байгаа юм. Шинжээчдийн санааг хамгийн их зовоож буй зүйл бол хааны гэр бүлийн гишүүдийн нэгэн адил жирийн иргэн нөхрүүд болон тэдний хүүхдүүдийн иргэний эрх хязгаарлагдаж болзошгүй явдал аж.
Нагояа их сургуулийн профессор, хаант засаглалын асуудал хариуцсан шинжээч Хидея Каваниши хэлэхдээ нөхөр болон хүүхдүүдэд хааны гэр бүлийн статус олгохгүй байгаа нь эхийн талаас удам залгамжлах боломжийг хаах гэсэн оролдлого гэж үзэж байна. "Бид энд хоорондоо зөрчилдсөн, уялдаа холбоогүй олон асуудлыг олж харах болно" гэж тэр шүүмжилжээ.
Аравдугаар сарын эхээр Токио хотын төвд олон зуун хүн цугларч, Айко гүнжийн хаан ширээ залгамжлах эрхийн төлөө жагссан бөгөөд хуулийг дахин өөрчлөхийг шаардаж байв. Тэд "Айко гүнжийг угсаа залгамжлагч болгоё!" хэмээн уриалж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
