Ч.Хишигдалай: Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсаас түлш, шатахуун импортлох ажил эхэлсэн. АИ-92 автобензин хомстолд орохгүй

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Солонгос, Сингапур, Хятад зэрэг улсаас түлш, шатахуун импортлох ажил эхэлсэн. АИ-92 автобензин хомстолд орохгүй талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ч.Хишигдалай мэдээллэж дараах мэдээллийг өглөө. 


Өнөөдрийн байдлаар ОХУ-аас импорт тасралтгүй хийгдэж байгаа ба Монгол Улсын хэмжээнд АИ-92 автобензин 25 хоногийн, дизель түлш 26 хоногийн нөөцтэй байгаа аж.

Орон нутагт зарим газарт ачаалал 4-5 дахин нэмэгдсэн ба улсын хэмжээнд ачаалал 2-3 дахин нэмэгджээ. 

Шатахуун түгээх станцууд сумын төвд 2-3, аймгийн төвд 10 гаруй шатахуун түгээх станц байдаг ба нэг ШТС-д хамгийн ихдээ 30,000 литр автобензин хүргэгддэг байна. Энэ нь ердийн үедээ тухайн орон нутгийн  иргэдийн 1-2 сарын хэрэглээг хангадаг байна. Харин амралт зугаалгатай холбоотойгоор өдөртөө дуусаж байна гэв. 30,000 литр автобензин гэдэг нь 100 литрээр банкаа дүүргэхэд 300 автомашиныг л дүүргэдэг байна. Иймд нэг аймаг сум дээр оччихсон байгаа олон зуун автомашиныг нэг дор цэнэглээд явах боломжгүй аж. 

ОХУ-ын дотоодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор манай улс бусад хоёрдогч, гуравдагч улсуудаас автобензинийг импортлох ажлыг зохион байгуулж байгаа ба Хятад, Солонгос, Сингапур зэрэг байж болох бүх улсаас шатахуун импортлохоор ажиллаж байгаа аж. 

2022 оноос хойш ОХУ-тай хийсэн хэлэлцээрт дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ 30-аас дээш хувь өссөн тохиолдолд үнийн өсөлтийг хоёр талаас эргэж ярилцана гэсэн байдаг байна. Иймд 2025, 2026 онуудад үнэ 30-аас дээш хувийн өсөлт үзүүлсэн учир хэлэлцээрийн дагуу үнээ эргэж харах шаардлагатай болсон байна. 

Үүнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнэ долдугаар сарын 1-нээс 800 ам.доллароор нийлүүлэгдэж эхэлсэн аж. Улмаар баяр наадмыг дуусахаар тодорхой үнийн хөдөлгөөн хийхийг аж ахуйн нэгжүүдтэй, Үнийн зөвлөлийн хүрээнд ярилцаж шийдвэрлэсэн байна.