Лионел Месси нялх багад нь өөрийн тэвэрч байсан Испанийн залуу одтой дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шигшээ тоглолтод Аргентин, Испани улсуудын шигшээ багууд шалгараад байгаа.

Энэ тоглолт дээр бүх цаг үеийн шилдэг хөл бөмбөгчин, 39 настай Лионел Месси, түүний Барселона клубийн баруун жигүүрийн довтлогчийн байр суурийг залгамжлаад байгаа залуу од, 19 настай Ламин Ямал нар анх удаагаа өрсөлдөх гэж байна.

Тэдний хувьд анх 2007 онд нүүр тулан уулзаж байсан түүхтэй юм.

Тэр үед 20 настай Месси дөнгөж Барселона клубийн гарааны тоглогч болоод удаагүй байсан бол Ямал тавхан сартай байжээ.

Хөлбөмбөгийн спортын түүхэнд ховор энэ үйл явдлыг гэрэл зурагчин Жоан Монфорт баримтжуулсан байдаг.

Ламин Ямалыг 2024 онд Испанийн шигшээ багтай Европын аварга болоход түүний аав эдгээр гэрэл зургийн нэгийг анх удаа олон нийтэд дэлгэхдээ “Хоёр домгийн эхлэл” гэсэн гарчигтай нийтэлж байжээ.

Уг зурагт инээмсэглэсэн Месси бяцхан хүүг тэвэрч, усанд оруулж байгааг харуулсан байв. “Энэ бол хувь тавилангийн жинхэнэ гайхамшиг” гэж Монфорт авсан зургийнхаа талаар ярьжээ.

зураг
 

Тэрбээр эдгээр зургийг Барселона клубийн Camp Nou стадионы хувцас солих өрөөнд буулгасан юм байна.

Тухайн үед Ламин Ямалын гэр бүл Барселонагийн сайн үйлсийн аяны арга хэмжээнд оролцохоор шалгараад байжээ.

Ямалын аав Мароккод төрсөн Мунир Насрауи, ээж Экваторын Гвинейд төрсөн Шейла Эбана нар хүүхэд байхдаа гэр бүлийн хамт Каталонд цагаачилж ирснийхээ дараа танилцаж байсан гэнэ.

Ламиныг төрсний дараахан тэд Каталоны Sport сониноос зохион байгуулсан Юнисефийн оролцоотой арга хэмжээнд оролцох азтан болж байжээ.

Ингээд тэдний хүү Ямал клубийн гол тоглогчдын нэгтэй хамт сурталчилгааны гэрэл зураг авхуулахад тохиолдлоор Месси таарсан байна.

“2024 онд найзуудын маань нэг над руу залгаж, аав нь уг зургийг Инстаграм хуудсандаа нийтэлснийг дуулгах хүртэл би Ламин Ямалын зургийг авснаа мэдээгүй байсан” гэж Монфорт ярьжээ.

“Месси үнэхээр дотогшоогоо, маш ичимхий залуу байсан. Тэр хувцас солих өрөөнд орж ирэнгүүтээ бяцхан хүүхэдтэй хамт зураг авхуулах болсноо мэдээд юу хийхээ мэдэхгүй самгардаж байсан. Харин Ламин маш их аз жаргалтай, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүүхэд байлаа. Түүний ээж Шейла бидэнд тусалсан. Тэр маш залуу, маш ядуу амьдралтай нэгэн байсан ч бидэнтэй маш сайхан харилцаж байв. Үүний ачаар Месси тун удалгүй нөхцөл байдалд дасан зохицож чадсан” гэж Монфорт дурссан юм.

Месси 19 насанд хүрэхдээ замналынхаа 11 гоолыг оруулж, Испанийн Ла Лига лигийн аварга, UEFA аваргуудын лигийн аварга болоод байжээ.

Даваа гарагт 19 нас хүрсэн Ямал одоо 56 гоол оруулж, La Liga лигийн гурван удаагийн аварга, Copa del Rey цомын болон Евро 24 тэмцээний аварга болоод байна.

зураг
 

58 настай гэрэл зурагчин Монфорт ирэх Ням гарагт хэнийг дэмжихээ мэдэхгүй болоод байгаагаа ярьжээ.

“Хорин жилийн өмнө эхэлсэн түүх сайхнаар төгсөх цаг ирсэн гэж би бодож байна. Маш аз жаргалтай төгсгөл. Би бол Барселонагийн хөгжөөн дэмжигч, Мессийг төгс гэж боддог, тиймээс дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөөсэй гэж бодож байна. Тэр ингэх эрхтэй хүн. Харин Ламины хувьд түүнд дэлхийн аваргын цомыг өргөх хангалттай их хугацаа байгаа. Гэхдээ Испанийн шигшээ болон Ламины хувьд сайхан тохироо бүрдээд байна. Хэрвээ тэр аварга болбол түүний хамгийн том цол болно. Миний хувьд маш хэцүү байна. Миний зүрх хоёр хэсэгт хуваагдаад байна” гэж тэр ярьсан юм.

 

Эх сурвалж: BBC