Европын Холбооноос холдохыг Путин анхааруулсны маргааш ОХУ элчин сайдаа Армени улсаас эгүүлэн татав
ОХУ-ын гадаад хэргийн яам Бямба гарагт Армени улсад суудаг элчин сайдаа “зөвлөлдөх” зорилгоор эгүүлэн татаж байгааг мэдэгджээ.
Өмнөх өдөр нь Өвөр Кавказын тус улсад Европын Холбоотой ойртохоос болгоомжлохыг Оросын ерөнхийлөгч Владимир Путин анхааруулж байсан юм.
“Бүгд Найрамдах Армени Улсад суугаа ОХУ-ын элчин сайд С.Копыркинийг тус улсын удирдлагуудын Европын Холбоотой ойртох талаар авч хэрэгжүүлсэн алхмуудын талаар зөвлөлдөх зорилгоор Москвад эгүүлэн татаж байна. Энэ нь Евразийн Эдийн Засгийн Холбооны хүрээнд хамтын ажиллагааг алдагдуулж буй тул ийм арга хэмжээ авч байгаа юм” гэж гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Баасан гарагт Казахстанд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Путин энэ талаар Армени улсад анхааруулахдаа “Украины хувилбар” гэх нэр томьёог ашиглаж байв.
Тэрбээр ирээдүйнхээ талаар аль болох хурдан бүх нийтийн санал асуулга зохион байгуулахыг Арменийн талд уриалж, Европын Холбоо, Евразийн Эдийн Засгийн Холбоо хоёр нэг дор байх боломжгүй тул Армени улс аль нэгийг нь сонгох ёстойг сануулжээ.
Хэрвээ Европын Холбоог сонговол Армени улс бас нэг “Украины хувилбар” болж болзошгүйг Путин анхааруулсан юм.
2023 онд Азербайжан улс армени үндэстний салан тусгаарлагчдын хяналтад байдаг өөрийн албан ёсны нутаг дэвсгэр Уулын Карабахыг хүчээр булаан авсны дараа уламжлалт холбоотнууд болох Орос, Арменийн хагарал гүнзгийрч байв.
Арменийн тал Оросын энхийг сахиулах хүч Азербайжаны довтолгоог зогсоож чадаагүй хэмээн буруутгаж байлаа. Сүүлийн нэг сарын хугацаанд Орос улс эрүүл ахуй, аюулгүй байдлын үндэслэлээр Арменийн цэцэг, рашаан ус, согтууруулах ундаа зэрэг бүтээгдэхүүнүүдийн импортыг хязгаарласан.
Үүнийг ирэх сард Арменид болох парламентын сонгуулийн өмнө Оросын талыг баримтлагч улс төрийн хүчнүүдийг ялуулах зорилготой дарамт шахалт гэж ажиглагчид үзэж байгаа.
Энэ долоо хоногт Оросын тал Европын Холбоотой үргэлжлүүлэн ойртвол 2013 онд байгуулсан Арменид байгалийн хий, газрын тос татваргүй нийлүүлэх гэрээгээ цуцлахаар сүрдүүлсэн юм.
Ерөнхий сайд Никол Пашинян энэ сүрдүүлгийг үл ойшоож, Европын Холбоонд элсвэл Армени улс Оросын эрчим хүчний өндөр үнээс хамаагүй их хөрөнгө мөнгө татах боломжтойг хариу мэдэгдээд байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
