Камеруны ард иргэд 53 хоног эзгүй байгаа 93 настай ерөнхийлөгчөө “эрэн сурвалжилж” байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн 53 хоног эзгүй байсан нь Камеруны ард иргэдийн дунд янз бүрийн цуурхал тарахад хүргэжээ.

Тус улс ерөнхийлөгчийнхөө эрүүл мэндийн талаар ярихыг хуулиар хориглосон нь ч үүнд саад болохгүй байна.

93 настай Пол Бияа зургаадугаар сарын 7-ны өдөр гэргий Шанталын хамт Швейцар явснаасаа хойш бараг хоёр сарын турш олон нийтийн өмнө ил гараагүй юм.

Албаныхан түүний аяллыг “богино хугацааны хувийн амралт” гэж тодорхойлж байв.

Долоон жил ерөнхий сайдаар ажилласныхаа дараа 1982 онд ерөнхийлөгч болсон Бияа сүүлийн жилүүдэд Камерунд байхаасаа илүү Женевийн таван одтой Inter Continental зочид буудалд ихэнх цагийг өнгөрүүлдэг болоод байгаа.

Харилцаа холбооны сайд Рене Эммануэл Сади саяхан ерөнхийлөгчийн “бие сайн байгаа, Женевээс ажлаа хийж байгаа” гэж мэдээлсэн байна.

Тэгвэл хөдөлмөрийн сайд Грегуар Овона ерөнхийлөгчийг жилийн чөлөөтэй байгаа гэж мэдэгджээ.

“Камеруны ард түмнээс сонгогдож, тэднээс цалингаа авдаг ерөнхийлөгч жилийн чөлөө авах эрхтэй хүн. Ажил олгогч нь ч чөлөө өгөх үүрэгтэй. Тэрбээр явахаасаа өмнө ажил олгогчдоо мэдэгдсэн, буцаж ирэхдээ ч бас мэдэгдэх болно” гэж тэр хэлсэн байна.

Өмнө нь Бияаг бас нэг удаа ингэж сураггүй алга болоход Камеруны эрх баригчид 2024 оны аравдугаар сард ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар ярихыг хориглосон хууль баталж байв.

Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд Бияагийн өвчний талаар, түүний зайнаас ажиллах чадварын талаар элэглэн шоолсон утгатай мэдээллүүд Камеруны хэвлэлүүдэд нийтлэгдсээр байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Пол Бияа найм дахь удаагаа тангараг өргөж, ээлжит долоон жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн юм.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль нэлээд маргаан будлиантай болж, сар орчмын дараа дүнгээ баталгаажуулж байв.

Камерун нь Африк тивийн төв бүсийн хамгийн том зах зээлтэй улс боловч ажилгүйдлийн түвшин, инфляц, дэд бүтцийн сул хөгжил иргэдийнх нь ахуй амьдралд дарамт болсоор байгаа.

Тус улсын 30.6 сая хүн амын гуравны хоёрыг залуус бүрдүүлдэг юм.

 

Эх сурвалж: Associated Press